| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0684/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/463 |
| Огноо | 2022-06-15 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
иргэдийн төлөөлөгч Б.Энхтуул,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж,
шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
шинжээч эмч Г.Ханхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Т-т холбогдох эрүүгийн 2110013420720 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, .......оны..... дугаар сарын .......-ны өдөр Төв аймагт төрсөн,............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл-......., Сүхбаатар дүүргийн ........... дүгээр хороо, ................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ын Т /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 08-ны орой 20-21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн хэсэг, Уяачдын гудамж, ******* тоот хашаанд байх монгол гэрт *******-г “хутга барилаа” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, хоёр тал бөмбөлөгийн таславч хооронд болон зулай чамархай дэлбэнгийн аалзавчийн доорхи цус харвалт бүхий гэмтлийг учруулсны улмаас 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Эрүүгийн 2110013420720 дугаартай хавтаст хэргээс:
2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дэх тал/
Дуудлагын хуудас /хавтаст хэргийн 10 дахь тал/
2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дахь тал/
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ******* ын биед хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6276 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. *******-ийн биед гавлын дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны дэлбэнгийн эд дэх цусан хураа, няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхинд цус хуралт, аюулхай, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хоёр нүдний зовхины цус хуралт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хавтаст хэргийн 50-51 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1450 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. Цогцост хийсэн шинжилгээгээр дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, хоёр тал бөмбөлөгийн таславч хооронд болон зулай чамархай аалзавчийн доорх цус хуралт, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсны доорхи цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал /2021-07-11/, нүүрний цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо, зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүснэ.
3. Уг гэмтэл нь ШЭГ-ийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт орно.
4. Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй.
5. Талийгаач нь дээрх тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж 2021.07.19-ний өдрийн 9цаг 40 минутад нас баржээ.
5. Талийгаач нь 2021.07.19-ний өдрийн 09 цаг 40 минутад нас баржээ /ГССҮТ-ийн 5859 тоот өвчний түүх/ /хавтаст хэргийн 57-62 дахь тал/
Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6276 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг бүгдийг нь олон удаагийн үйлчлэлээр гэж дүгнэлт гаргасан байна. Харин миний дүгнэлтэд дээрх бүх гэмтлүүдийг тусгасан боловч зөвхөн гавал тархины гэмтлийг л нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэлт гаргасан байгаа. Энэ хоёр дүгнэлтэд зөрүүтэй зүйл байхгүй...Дээрх гэмтлийг авсан хүн тэр даруйдаа ухаан алдах, ухаан балартах шинж тэмдэг илэрч болох ба цусан хураа нэмэгдэж тархи дарах хүртэл тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийж болно...” мэдүүлэг /хавтаст хэргийн 203-205 дахь тал/
Гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ГССҮТ-н тархины гэмтлийн тасагт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 12-ны хооронд жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хүлээн авах яаралтай тусламжийн тасагт дуудаж С овогтой С гэх 62 настай эрэгтэйг дуудаж үзүүлсэн юм. Би биеийг нь үзэхэд тархины маш хүнд гэмтэлтэй гавал ясны хугаралтай тархины зүүн тал бөмбөлгийн хажуу хальсан дор их хэмжээний цусан хуралттай \САК\-тай, тархи дарагдал ихтэй, биеийн байдал маш хүнд байсан тул яаралтай журмаар амь насны заалтаар тархины зүүн тал бөмбөлгийн хажуу хальсан доорхи цусан хурааг авах, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслыг хийсэн юм. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн. *******-ийн 2 нүдний зовхи хэсэгт шимэгдэж буй цус хуралттай, дагз хэсэгт хавантай байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байсан. Би хатуу мохоо зүйлийн нөлөөгөөр үүссэн байх гэж бодож байна. Энэ зүйлийг тодорхойлж хэлэх боломжгүй байна. Энэ гэмтэлттэй удаан хугацаанд явах боломжгүй гэмтэл байгаа юм. Одоогийн байдлаар ухаангүй, биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хагалгааны дараа биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй тархины зүүн талын хальсан доор хурсан байх цусыг авсан байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/
Гэрч Ч.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Гэмтэл согог үндэсний төвийн жижүүрийн эмчээр 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 2021 оны 7 дугаар сарын 12-ны 09:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байсан юм. Өглөө 10:13 минутад гудамжинд хүн хэвтэж байна гэсэн дуудлага өгсөн юм. Дуудлагаар Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллоос ирсэн гээд 103-ийн эмч Баттөр хүлээлгэн өгсөн юм. Уг хүнийг хүлээн авахад нүүр орчим нь хавдсан, ухаангүй, ил харагдах шарх сорвигүй байсныг хүлээн авч одоогийн байдлаар эмчилгээ хийж байна. Одоо толгойны томаграфик шинжилгээнд орсон байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/
Гэрч М.В-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гавьжийн 1-15 тоотод аав М , ээж Д , хоёр дүү болох Б , С нарын хамтаар амьдардаг. Одоо би ойрын хэд хоног Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн Уяачдын 3-4-5 тоотод амьдарч байгаа. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Шар ахад архи авч өгье гэсний дагуу Ш ахыг ******* ахынд байж магадгүй гэж бодоод ******* ахынд 21 цагийн үед очиход ******* ахынд Шар ах хамт байсан. Тухайн үед би дэлгүүрээс 0,5 граммын “ Хараа” нэртэй нэг шил архи мөн 0,75 граммын Хараа нэртэй нэг шил архи 2 лаазтай пиво авч очсон. Бид гурав авсан архи пивонуудаа хувааж ууж дуусаад би эхлээд тэднийхээс гарсан. Яг хэдэн цагт гарсныг тодорхой сайн санахгүй байна. Намайг ******* ахынхаас гарахад Ш ах үлдсэн. Маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өглөөгүүр дахин ******* ахынд ирэхэд ******* ах унтаж байсан. Харин Ш ах хотын төв орно, автобусны мөнгө байна уу гэхээр нь 20.000 төгрөг өгөөд тэднийхээс гарсан. Хэсэг хугацааны дараа би дахин ******* ахынд ирэхэд ******* ах унтаад л байсан. Тухайн үед унтаж л байгаа юм байна гэж бодоод гэртээ харьж амарсан. Маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 11-ний өглөө ******* ахынд ирээд ******* ахыг сэрээхэд сэрэхгүй сонин байхаар нь 103 руу залгаж түргэн тусламж дуудсан. Би Ш ахын бүтэн нэрийг мэдэхгүй. Миний сонссоноор Ш ахынх Д-д байдаг сураг сонсогдсон. Түүнтэй холбогдох утасны дугаар нь 80911948 гэсэн дугаартай байгаа. Намайг байх үед бид нар хоорондоо маргалдаж зодолдсон зүйл огт болоогүй. ******* ахынд Ш ах тэр хоёр хоносон. Би тэр хоёрыг хоорондоо ямар хамааралтай хүмүүс болохыг тодорхой сайн мэдэхгүй байна. Урд өмнө тэр хоёрыг архи уусан үедээ маргалдаж хоорондоо зодолдож байсан талаар надад огт мэдэх зүйл байхгүй. Би нэг сарын өмнө ******* ахыг Өлзийт хорооллын гудамжинд хэдэн хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад нь түүн дээр очиж анх удаа танилцаж байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өргөө хотхоны 77 дугаар байрны 37 тоотод нөхөр ******* хүүхдүүдийн хамтаар амьдардаг юмаа. Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өлзийт хорооллын Уяачдын гудамжинд хашаатай юм. Тухайн хашааг аваад 2 жил гаран болж байгаа. Би 2020 оны 10 дугаар сараас эхлэн хашаагаа харуулах гэж ******* ах болон түүний эхнэр О хоёрыг гэр бариулан амьдруулж байгаа. Сар бүр ******* ахад 300.000 төгрөг өгдөг. ******* ах бэлэн мөнгө авдаггүй. Харин 300.000 төгрөгөндөө тааруулан гэртээ хэрэгтэй зүйлс надаар авхуулдаг. ******* ах, эхнэр хоёр нь хаяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гээд байдаг. Хүний хувьд ******* ах төлөв даруу зантай хүн байгаа юм. Хамгийн сүүлд би хашаагаа эргэж тойрох гээд 2021 оны 07 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаандаа дээрээ очиход ******* ах халамцуу Шар гэдэг өвгөнтэй хамт байсан. Тухайн үед би хүнтэй явж байсан болохоор оролгүй хашааны гаднаас Шар гэдэг өвгөнтэй юм яриад буцаад гэр лүү явсан. Маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ******* ахтай утсаар холбогдож ярилцахад утасны цаанаас ******* ахын дуу хоолой зөв зүгээр надтай юм ярьсан. Үүнээс хойш би дахин ******* ахтай холбогдоогүй... Миний сонссоноор ******* Шар хадны эмнэлэгт бүртгэлтэй байдаг, маш хүчтэй толгойны эм хэрэглэдэг талаар сонссон...” мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 46-47 дахь тал/
Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай хүүгийн бие муудаад партизан явах гэсэн боловч унаанаасаа хоцроод буцаад гэртээ харьсан. Манай нөхөр ******* согтчихсон хэл ам нь орооцолдчихсон байсан. Харин шар өвгөн согтуу орон дээр унтаж байсан. Тэгээд сүүлийн автобусаар явах гээд ******* д явлаа гэж хэлэхэд явуулахгүй гээд араас хөөгөөд чулуу шидсэн нь миний өсгийн дээр оносон. Тэгэхээр нь би чамд ингэж зодуулж нүдүүлж байж чадахгүй гээд хүү дээрээ очлоо гэсэн чинь явахгүй юу чамтай чамгүй өвөөтэйгөө байна гээд үлдсэн. Тэгээд би сүүлийн автобусанд суугаад орой 22 цагийн үед Партизанд ирсэн. Би ******* тэй хамт амьдраад 10 гаруй жил болсон. Надтай хамт амьдрахаас өмнө ******* шар өвгөн ******* нар хоорондоо сүрхий танилууд байсан. Манайхаар байнга ирдэг байсан. Би бол тийм сайн танихгүй. Ирэхээр нь хоол цай хийж өгдөг байсан. Манай нөхөр ******* сэтгэцийн өвчтэй юм. Заримдаа хуурай галзуурна. Заримдаа үнэнээсээ галзуурна. Шар хадны эмнэлэгт хэвтдэг байсан. *******-г галзуурахаар нь би айгаад шар өвгөнийг дуудахаар хүрээд ирдэг. Шар өвгөнийг ирэхээр арай гайгүй болдог. Шар өвгөн манайд 2021 оны 7 дугаар сарын 3,4-ний үед ирсэн. Манайд 4-5 хоносон. ******* тэй архи ууж, мах чанаж идээд л байж байсан. Намайг явдаг өдөр тэр хоёр 1 шил 0,75 граммын Ерөөл архи авч уусан. Ерөнхийдөө С , Т хоёр эрүүл байсан ч согтуу байсан ч маргаад хэрэлдээд байдаг. ******* уурлахаараа яв зайл гээд хөөгөөд байдаг. Т явлаа гээд л явдаг. Заримдаа унаа нь зогсчихсон байна гээд буцаад ороод ирдэг. Тэгээд эвлэрээд сүрхий л байдаг. Намайг явдаг өдөр тэр хоёр гайгүй байсан. Гэхдээ нөгөө нэг маргалддаг юм нь эхлэх гээд байх шиг байсан. Зодоон цохион бол болоогүй. Намайг явсны дараа л зодоон болсон юм шиг байгаа юм. Түүнээс бол зодоон цохион хийж байгаагүй...Намайг анх ******* тэй суухад л сэтгэцийн өвчтэй байсан юм байна лээ. Би анх хамт амьдрахдаа мэдээгүй...Шар хадны эмч Зоригоо гэсэн эмч байх жижиг цагаан эм өгөөд *******-г бүр уурлаад болохгүй бол талыг нь өгөөрэй гэсэн. С г уурлахаар нь эсхүл хүнтэй маргалдах гээд сонин болоод ирэхээр нь би тал эмийг нь өгчихдөг. Тэр эмийг уухаараа ******* 2-3 өдөр унтаж байж гайгүй болдог. Манайд шар өнгийн иштэй хутга байсан. *******-г нас барсны дараа гэрээс бусад бүх зүйлийг шатаасан. Тэр хутгыг хамт шатаачихсан. *******-ийн дүү нар нь миний эд зүйлсийг бас хамт шатаасан.
******* ер нь уурлахаараа хутга барьдаг. Миний гарыг хүртэл заазуурдаж байсан. Эмнэлэгт сахиж байхад шар өвгөн над руу залгаад бие нь яаж байна гэж асуухад би яах вэ дээ ухаан орохгүй байна гэж хэлсэн. Тэгээд таныг зодсон гээд байгаа юм биш үү гэж хэлэхэд өвөө нь юу гэж зодох вэ дээ, тэгж буяндаа бузар хийхгүй. ******* өөрөө над руу хутга бариад дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад цохисон гэл үү, алгадсан гэл үү нэг юм хэлсэн. Тэгээд нүүр нь хавдчихсан юм шиг байна лээ. Намайг сахих гээд очиход нүүр ам нь хөхрөөд хавдсан, гар нь хөх эрээн болчихсон байсан.
******* бие нь өвдөхгүй, юм нь хөдлөхгүй үедээ бол зүгээр байдаг. Харин бие нь өвдөөд юм нь хөдлөөд эхлэхээрээ намайг үсдэж чирнэ, өмсөж байгаа хувцас хунарыг урж тасдана, шатаана гээд гол руу авч явдаг. Би булаацалдаж явж байж хэдэн хувцсаа авдаг юм. *******-г Хутга заазуур барихаар нь айгаад гараад гүйчихдэг... ” мэдүүлэг /хавтаст хэргийн 196-199 дэх тал/
Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хамгийн сүүлд би хашаагаа эргэж тойрох гээд 2021 оны 07 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах хашаандаа очиход...хаалгаа тайлж өгөөгүй согтуу байсан. Намайг очиход ******* ах шар гэдэг өвгөн хоёр согтуу байсан. Би ярьж байгаа дуу хоолойгоор нь согтуу байна гэж мэдсэн. Согтуу хүний яриа андахгүй шүү дээ, ******* ах босохгүй байсан юм шиг байгаа юм... Маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* ахын дуу хоолой зөв зүгээр надтай юм ярьсан. Үүнээс хойш ******* ахтай холбогдоогүй. ******* ах бол хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Харин байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Зан төлөвийн хувьд төлөв даруу хүнтэй эв найртай байдаг. Би Шар гэдэг хүний талаар сайн мэдэхгүй. Би түүнийг 3-н удаа зүс царайг нь харж байсан. Миний харснаар шардуу царайтай хөгшин 80 орчим настай хүн шиг харагдаж байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 46-47 дахь тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би талийгаач С гийн С гийн төрсөн дүү нь юм... 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би ажил дээрээ байхад өглөө 10 цагийн үед ******* ахын байдаг хашааны эзэн А.Б гэдэг эмэгтэй над руу “******* ахыг түргэн аваад явчихлаа, та шууд Гэмтлийн эмнэлэг дээр очоорой, би эндээс яваад очъё“ гэж хэлэхээр нь би шууд ажлаасаа гараад Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Би ажлаасаа гарахаас өмнө охин Төмөр лүү 90161499 дугаарын утсаар залгаад ******* ах чинь Гэмтэл дээр очсон байна гэнэ, чи түрүүлээд очоодох ээж нь одоо ажлаасаа гарлаа гэж хэлсэн. Намайг очиход манай охин түрүүлээд гэмтлийн эмнэлэг дээр оччихсон байсан. Очоод томаграфикт харуулчихаад байж байна гэж хэлсэн. Тухайн үед намайг очиход манай ах ухаангүй байсан. Манай охин танихгүй байна гээд уйлаад байсан. Та хамгийн сүүлд хэзээ ******* ахтай ярьсан гэхээр нь би 2021 оны 07 сарын 09- ний өдөр ахтай чинь ярьсан ш дээ, тэгэхэд зүгээр байсан гэж хэлсэн. Эмнэлгээс ахыг маань яаралтай тархины хагалгаанд оруулах шаардлагатай байна гэж хэлсэн. Эмч нь тархины томаграфикийн зургийг нь хараад тархины хүнд гэмтэлтэй, цус хуралттай, тархины яс хугарсан мөн харвалт өгсөн байж магадгүй гэж хэлсэн. Сүүлд нь хагалгааны дараа өрөөсөн тархи бяцралттай, 60-70 хувийн цус хуралттай бас харвалттай байна гэж хэлсэн. Ер нь их хүнд хагалгаа болсон гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд орсны дараа ухаангүй мөртлөө амьд эмчилгээ хийлгэж байсан. Эмч нь хэлэхдээ тархи бол ямар ч ажиллагаагүй. Босох магадлал ер нь бага шүү гэж хэлж байсан. Манай том охин Адъяа сахиж байсан. Тэгээд 8 хоног эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг өнгөрч байхад нас барсан...Яагаад ийм юм болсон гэхээр манай ахын гэрт нь хааяа ирж хөзөр тоглодог байсан Шар \******* \ гэх өвгөн зодоод ийм болгосон гэсэн. Манай ах хойд талын А гэх айлд орж Шар \******* \ өвгөнд зодуулсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд гэртээ ороод ухаан алдсан юм шиг байна лээ. Мөн манай ахыг ухаан алдсан байхад нь тэр хавийн нэг залуу орж ирж харчихаад унтаж байна гэж бодоод гараад явсан гэж байсан. Эхнэр С.О эгч тэгж хэлсэн. Талийгаач ******* ах 1959 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн. Айлын хамгийн том ах, дээрээ 2 эгчтэй. Манай ах арван жилийн сургуулиа Нийслэлийн 27-р сургуулийг төгсөөд цэрэгт явсан. Цэрэгт байхдаа бууны сум алдаад шоконд орсноос болоод сэтгэцийн 80 хувийн өөрчлөлттэй болсон байдаг. Тэгээд ер нь бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд байнгын хяналтад эмчилгээтэй хэвтэн эмчлүүлдэг байсан. Сүүлийн хэдэн жил өвчин нь гайгүй сэдрээгүй учраас хэвтэн эмчлүүлээгүй. Зан байдлын хувьд тайван, даруухан, дөлгөөхөн хүн байгаа юм. Хүн амьтантай эв найртай мөрөөрөө л явж байдаг байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын Уяачдын 13-5 тоотод ганцаараа амьдардаг юм. Манай урд хашаанд ******* гэдэг хүн айлын хашаа сахиж амьдардаг. Би түүнийг манайд хаяа махаа хөргөгчинд хийдэг үеэс эхэлж танина. Нэг ёсондоо 2020 оноос эхэлж таньдаг болсон. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр оройн 21 цаг өнгөрч байхад манайд орж ирсэн. Тухайн үед *******-ийн нүүр нь нэг талын нүд хэсэгтээ бондойгооод хавдчихсан байхаар нь би түүнээс юу болсон талаар асуухад хамт байсан шар өвгөн намайг цохьчихлоо гэж байсан. Өөр надад олигтой зүйл яриагүй. Түүнээс хойш би түүнтэй таараагүй. Би тэр Ш гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед *******-г уусан байсан талаар огт анзаараагүй. ******* гийнд Шар өвгөн гэдэг хүн хааяа ирчихсэн харагдаж байдаг. Чухам байнга байдаг талаар сайн мэдэхгүй байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн албан бичиг, өвчний түүх /хавтаст хэргийн 208-217 дахь тал/
Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг оношийн өвчин нь сэтгэцийн дотоод шалтгаантай архаг өвчин юм. Дотоод шалтгаан гэдэг нь удамшлын бөгөөд зарим үедээ шалтгаан тодорхойгүй гэж бас үздэг. Ер нь бол удамшлын шалтгаантай өвчин юм. Уг өвчин нь бүрэн эдгэрэхгүй. Эмийн эмчилгээний үр дүнд засран сайжралын байдалтай удаан хугацаанд явж болно. Уг өвчин нь сэдэрсэн тохиолдолд зан байдалд нь нөлөөлөх боломжтой. Гэхдээ уг өвчин нь хэзээ сэдрэх болон хэзээ намжмал байдалд орохыг урьдчилан тогтоох боломжгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд өвчин сэдрэх боломжтой. Ер нь бол нойргүйдэл, хий юм гарах, сонсох, ганцаараа ярих, дэмийрэх, утга авцалдаагүй зүйл ярих, уур уцаартай болох, зожиг ганцаардмал болох, догшин ширүүн болох, өөртөө болон бусдад аюул, учруулах боломжтой үйлдэл хийх зэрэг шинжүүдээр илэрнэ. Өвчин сэдэрвэл зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл барьж, бусдад болон нийгэмд аюул учруулах үйлдэл хийх боломжтой. Энэ төрлийн өвчтэй хүмүүс хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт хэвтэн эмчлүүлдэг...” мэдүүлэг /хавтаст хэргийн 201-202 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 05/247 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. Шинжилгээнд гарын мөрүүд №2,3 тэнцэнэ. №1 дугаартай гарын мөр тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх гарын мөр №2,3 нь гарын хээний нэгдсэн сан дахь хүмүүсийн гарын хээний дардаснуудтай, эзэн хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
3. *******анжсүрэн, ******* нарын гарын дардас нь сан дахь хүмүүсийн гарын хээний дардаснуудтай, эзэнгүй хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/
Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Ганзориг хуучин байшингаа буулгаад уг хашаандаа 2 давхар байшин бариад нийтийн байр болгоод 1 давхрын нэг өрөөг гэрээ болгож тохижуулаад бид нар хамт амьдардаг юм. ******* гэдэг өвгөнийг танина. Манай нэг давхрын 4 тоот өрөөнд ганцаараа амьдардаг юм. ******* нь одоогоос 2 жилийн өмнө ирж амьдарч эхэлсэн. Эхний 1 жил орчим түрээсээ өгч байсан бөгөөд сүүлийн 1 жил огт түрээс өгөөгүй. Түрээс өгөхгүй болохоор сүүлийн нэг жилд галч хийлгэсэн юм. Бид нар хөгшин настай хүн гараад очих газаргүй, орон гэр байхгүй болохоор нь түрээсээ авахаа ч больсон. Тэгээд байхад ******* нь энд тэндхийн хүмүүс цуглуулж архи их уудаг, архи дарсаа боль гэхээр үгэнд ордоггүй. Бид нарын үгийг тоодоггүй. Ер нь их ааш зан муутай, архи ууна агсам тавина, гэрийнхээ коридорт гаргаж шиднэ. Харьцаа муутай, их зожиг хүн байгаа юм. Ер нь бол архи уудаг. Мөнгөтэй болохоороо ч юм уу тэтгэврээ авахаараа архи уучихдаг. ******* ах ер нь архи уухаараа авир муутай болдог. Архи хамт уусан хүмүүстэйгээ маргалдаж муудалцаад түчигнээд байдаг. Архи уухаараа агсам байрын хүн байна лээ. Эрүүл үедээ бол зүгээр л байдаг. Энд тэндхийн таних танихгүй хүмүүс цуглуулж их архи уудаг. ******* нь сүүлийн үед харагдахгүй байгаа. Хаана байгаа нь мэдэгдэхгүй. Сүүлд сонсоход Санзай гээд зусланд байсан сурагтай байсан. ******* ах дээр ар гэрийнхэн нь хүмүүс гэж ирж байсныг би лав хараагүй. Ар гэр үр хүүхдүүдийнх талаар би мэдэхгүй...” мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/
Амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 114 дэх тал/, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгө бүртгэлгүй гэх албан бичиг /хавтаст хэргийн 121 дэх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн албан бичиг /хавтаст хэргийн 127 дахь тал/, өвчний түүх /хавтаст хэргийн 128-140, 208-217 дахь тал/, нас барсны гэрчилгээ /хавтаст хэргийн 175 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 173-174, 176 дахь тал/,
Шүүгдэгч ******* ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 92 дахь тал/, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгө бүртгэлгүй гэх албан бичиг /хавтаст хэргийн 97 дахь тал/, Хаан банкны албан бичиг дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 106-109 дэх тал/, Төрийн банкны лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 221 дэх тал/ зэргийг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, ******* т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хоёр: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ******* ыг согтуурсан үедээ 2021 оны 07 дугаар сарын 08-ны орой 20-21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн хэсэг, Уяачдын гудамж, ******* тоот хашаанд байх монгол гэрт амь хохирогч *******-г “хутга барилаа” гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, хоёр тал бөмбөлөгийн таславч хооронд болон зулай чамархай дэлбэнгийн аалзавчийн доорхи цус харвалт бүхий гэмтлийг учруулсны улмаас 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар: Амь хохирогч ******* нь согтуурсан үедээ хутга барьж шүүгдэгч ******* ыг “гэрээсээ яв” гэж дайрахад нь амь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон үйлдлийн улмаас ******* газарт унахдаа “дагз ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, хоёр тал бөмбөлөгийн таславч хооронд болон зулай чамархай дэлбэнгийн аалзавчийн доорхи цус харвалт” бүхий хүнд гэмтэл авч, улмаар уг хүнд гэмтлийн улмаас нас барсан шалтгаант холбоо тогтоогдож байна.
Амь хохирогчийг нас барахаас өмнө хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6276 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины хүнд гэмтлээс гадна “хоёр нүдний зовхинд цус хуралт, аюулхай, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтлүүд тогтоогдсон ба шүүгдэгч ******* нь “...намайг хутгыг нь шидсэний дараа ******* босож ирээд гэрээс гарч ирээд чулуу аваад над руу дайрахаар нь би баруун гараараа барьж байгаад хөлөөрөө дэгээ тавиад газар унагааж дээр нь гараад сууж байхад хашааны эзэн Батчимэг үүдэн дээр ирэхээр нь би *******-г босоод хаалгаа онгойлгож өг” гэхэд “тэрийг оруулж яах юм бэ” гээд гэр рүүгээ ороод зүүн талын орон дээр хэвтээд өгсөн “ гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6276 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг бүгдийг нь олон удаагийн үйлчлэлээр гэж дүгнэлт гаргасан байна. Харин миний дүгнэлтэд дээрх бүх гэмтлүүдийг тусгасан боловч зөвхөн гавал тархины гэмтлийг л нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэлт гаргасан байгаа. Энэ хоёр дүгнэлтэд зөрүүтэй зүйл байхгүй...Дээрх гэмтлийг авсан хүн тэр даруйдаа ухаан алдах, ухаан балартах шинж тэмдэг илэрч болох ба цусан хураа нэмэгдэж тархи дарах хүртэл тодорхой хугацаанд /24-48 цаг цонх үе / үйлдэл хөдөлгөөн хийж болно... Хагалгааны дараа суурь өвчин, насжилт, биеийн эсэргүүцэл даах чадвараас хамаарч хүн бүр харилцан адилгүй байдаг... Ухаан алдах буюу хурхирах хүртэл тархины гэмтэлтэй байна гэж хүмүүс анзаарахгүй тул цаг хугацаа алдсан гэж үзэхгүй байна. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зовуурь харьцангуй бага байна...” гэсэн /хавтаст хэргийн 203-205 дахь тал/ мэдүүлэг зэргээс дүгнэхэд: Амь хохирогч ******* нь тухайн үхэлд хүргэх хүнд гэмтлийг авсны дараа гэрийн гадаа ******* руу чулуу авч дайрч доволгооноо үргэлжлүүлэхэд ******* нь амь хохирогчийг баруун гараараа барьж хөлөөрөө дэгээ тавьж унагаан, дээр нь сууж хохирогчийн хууль бус үйлдлийг шүүгдэгч таслан зогсоох явцад хохирогчийн биед дээрх хөнгөн зэргийн гэмтэл нь үүссэн байх боломжтой байна.
Хэрэг үйл явдал, нөхцөл байдалд дүгнэлт хийхэд: амь хохирогч С.С нь ******* ын биед халдахаар хутга болон чулуу авч дайрах зэргээр довтолгоон хийсэн байна. Тодруулбал амь хохирогч ******* нь согтуурсан, өөрийгөө удирдах чадваргүй байх үедээ ******* ын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, “би Шархадны хүн, чамайг алсан байхад надад ял өгөхгүй “гээд хутга болон чулуу барьж довтолсон нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.
Шүүгдэгч ******* , амь хохирогч ******* нар нь 2005 оноос хойш сайн танил, ойр дотны харьцаатай, ******* нь *******-ийн гэрт байнга хэдэн хоногоор зочилж ирдэг байсан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн хэсэг, Уяачдын гудамж, ******* тоотод амь хохирогч *******анжсүрэнгийн гэрт шүүгдэгч ******* нь ирсэн байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатнаас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед ******* нь “банк орж халамжийн мөнгө орсон уу” гэж үзэхээр яваад орой 18 цагийн үед согтуу ирээд намайг “яв” гээд хөөхөөр нь би гэрийн баруун талын орны доод хэсэгт сууж байхад тэрээр гэрийн зүүн талын орны доод хэсэгт байх дугуй хэлбэртэй цаасан хайрцгаас шар өнгийн бариултай 30 см орчим урттай хутга аваад “би Шархадны хүн, чамайг алсан байхад надад ял өгөхгүй “гээд хутгаа бариад над руу ирэхээр нь би айгаад Шар хадны сэтгэцийн эмгэгтэй бүртгэлтэй гэж байсныг сонссон, мөн архи уусан байсан болохоор айсандаа баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон чинь хойшоо саваад уначихаар нь баруун гартаа барьсан хутгыг нь баруун хөлөөрөө гишгэж булааж аваад гэрийн хаалгаар зүүн талын блокон хашааны наана шидсэн. Намайг хутгыг нь шидсэний дараа ******* босож ирээд гэрийн гадаа гарч ирээд чулуу аваад над руу дайрахаар нь баруун гараараа барьж байгаад хөлөөрөө дэгээ тавиад газар унагааж байгаад дээр нь гараад сууж байхад хашааны эзэн Батчимэг үүдэн дээр ирэхээр нь би *******-г босоод хаалгаа онгойлгож өг” гэхэд “тэрийг оруулж яах юм бэ” гээд гэр рүүгээ ороод зүүн талын орон дээр хэвтээд өгсөн “ гэсэн мэдүүлгийг удаа дараа тогтвортой гаргажээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт ******* нь 1992 оноос сэтгэцийн өвчний улмаас эмчлүүлж байсан, “F20.5 үлдэц шизофрени” гэсэн оноштой талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... “F20.5 үлдэц шизофрени” оношийн өвчин нь сэтгэцийн дотоод шалтгаантай архаг өвчин юм. Дотоод шалтгаан гэдэг нь удамшлын бөгөөд зарим үедээ шалтгаан тодорхойгүй гэж бас үздэг. Ер нь бол удамшлын шалтгаантай өвчин юм. Уг өвчин нь бүрэн эдгэрэхгүй. Эмийн эмчилгээний үр дүнд засран сайжралын байдалтай удаан хугацаанд явж болно. Уг өвчин нь сэдэрсэн тохиолдолд зан байдалд нь нөлөөлөх боломжтой. Гэхдээ уг өвчин нь хэзээ сэдрэх болон хэзээ намжмал байдалд орохыг урьдчилан тогтоох боломжгүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд өвчин сэдрэх боломжтой. Ер нь бол нойргүйдэл, хий юм харах, сонсох, ганцаараа ярих, дэмийрэх, утга авцалдаагүй зүйл ярих, уур уцаартай болох, зожиг ганцаардмал болох, догшин ширүүн болох, өөртөө болон бусдад аюул, учруулах боломжтой үйлдэл хийх зэрэг шинжүүдээр илэрнэ. Өвчин сэдэрвэл зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл барьж, бусдад болон нийгэмд аюул учруулах үйлдэл хийх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 201-202 дахь тал/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн Өвчний түүх, тус төвөөр үйлчлүүлсэн тухай мэдээлэл /хх-ийн 127-140-р хуудас/, /хавтаст хэргийн 208-217 дахь тал/,
Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сүүлийн автобусаар явах гээд ******* д “явлаа” гэж хэлэхэд явуулахгүй гээд араас хөөгөөд чулуу шидсэн чинь миний өсгийн дээр оносон. ...Манай нөхөр ******* сэтгэцийн өвчтэй юм. Заримдаа хуурай галзуурна. Заримдаа үнэнээсээ галзуурна. Шар хадны эмнэлэгт хэвтдэг байсан. *******-г галзуурахаар нь би айгаад шар өвгөнийг дуудахаар хүрээд ирдэг. Шар өвгөнийг ирэхээр арай гайгүй болдог. Шар өвгөн манайд 2021 оны 7 дугаар сарын 3, 4-ний үед ирсэн. Манайд 4-5 хоносон. ...Намайг явдаг өдөр тэр хоёр 1 шил 0,75 граммын Ерөөл архи авч уусан. Ерөнхийдөө ******* , ******* хоёр эрүүл байсан ч согтуу байсан ч маргаад хэрэлдээд байдаг. ******* уурлахаараа “яв зайл” гээд хөөгөөд байдаг...Намайг анх ******* тэй суухад л сэтгэцийн өвчтэй байсан юм байна лээ...Манай гэрт шар өнгийн иштэй хутга байсан. *******-г нас барсны дараа ах дүү нар нь гэрээс бусад бүх зүйлийг шатаасан. Тэр хутгыг хамт шатаачихсан. *******-ийн дүү нар нь миний эд зүйлсийг бас хамт шатаасан...******* ер нь уурлахаараа хутга барьдаг. Миний гарыг хүртэл заазуурдаж байсан. Эмнэлэгт сахиж байхад шар өвгөн над руу залгаад “бие нь яаж байна” гэж асуухад би “яах вэ дээ ухаан орохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд “таныг зодсон гээд байгаа юм биш үү” гэж хэлэхэд “өвөө нь юу гэж зодох вэ дээ, тэгж буяндаа бузар хийхгүй. ******* өөрөө над руу хутга бариад дайрсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад цохисон гэл үү, алгадсан гэл үү” нэг юм хэлсэн. Тэгээд нүүр нь хавдчихсан юм шиг байна лээ. Намайг сахих гээд очиход нүүр ам нь хөхрөөд хавдсан, гар нь хөх эрээн болчихсон байсан. ******* бие нь өвдөхгүй, юм нь хөдлөхгүй үедээ бол зүгээр байдаг. Харин бие нь өвдөөд юм нь хөдлөөд эхлэхээрээ намайг үсдэж чирнэ, өмсөж байгаа хувцас хунарыг урж тастана, шатаана гээд гол руу авч явдаг. Би булаацалдаж байж хэдэн хувцсаа авдаг юм. *******-г хутга заазуур барихаар нь айгаад гараад гүйчихдэг... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 196-199 дэх тал/ зэргээс үзэхэд амь хохирогч ******* нь 1992 оноос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн хяналтад эмчлүүлж байсан бөгөөд “сэтгэцийн өвчтэй” байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн ...амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан.
Хууль зүйн хувьд тодруулбал аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь зодох, түлхэх, гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдээр илэрнэ.
Сэтгэцийн эмч гэрч Г.Б-аас “Архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд өвчин нь сэдрэх боломжтой, өвчин сэдрэхэд догшин ширүүн болох, зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл барьж, өөртөө болон бусдад нийгэмд аюул учруулах үйлдэл хийх боломжтой.” гэж, амь хохирогчтой хамт амьдарч байсан гэрч С.О-ээс “******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед өвчин нь сэдэрч, хутга, заазуур барьж хөөдөг тул айгаад би гарч зугтаадаг байсан” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тухай хэргийн хувьд шүүгдэгч ******* амь хохирогч *******-г сэтгэцийн өвчтэй болохыг мэддэг байсан байх ба амь хохирогч ******* шүүгдэгч ******* руу хүйтэн зэвсэг буюу хутга барьж дайрахад өөрийнх нь амь нас нас, эрүүл мэндийн эсрэг аюултай байдал бий болсон гэж үзэж, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хохирогчийг гараараа цохиж, чулуу авч дайрахад нь хөлөөрөө дэгээ тавьж унагаах үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалт хийх эрх үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ******* ын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болсны улмаас эсэргүүцэн довтолж, өөрийгөө хамгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээр улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь ******* ыг “гэм буруутай” гэж дүгнэсэн ба дээрх нотлох баримтуудаар түүнд холбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Аргагүй хамгаалалтаас учирсан гэм хорыг арилгах үүргийг уг үйлдэл хийсэн этгээд хүлээхгүй ба шүүхийн шатанд ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан 1.450.000 төгрөг төлснийг дурдав.
Цагаатгагдсан этгээд ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс цагаатгах тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 68 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Аргагүй хамгаалалт” хийсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ******* ыг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-т амь хохирогчийн оршуулгын зардалд 1.450.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Цагаатгагдсан этгээд ******* нь 68 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, дээд шатны прокурор, цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол ******* т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА