Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

  Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн дүгээр хороо,  байрны тоотод оршин суух, хувиараа ажил эрхэлдэг, регистр, Б овогтой Д-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол,  дүгээр байрны  тоотод оршин суух, хувиараа ажил эрхэлдэг, регистр , Й овогт А-ын Л-д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 39 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн, Д.Б-өөс гэрээний үүрэг болон хохирол 34 072 600 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Л-ын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сард зарын дагуу А.Л надтай утсаар яриад рапсны үр хэрэгтэй байна, зээлээр өгөх үү гэхээр нь огт танихгүй боловч урьдчилгаа авахгүйгээр 21 000 000 төгрөгийн үрийг 19 000 000 төгрөгт тооцож өгсөн. Хамт ирсэн Гансүх гэж хүнд 8 500 000 төгрөгийн үрийг өгсөн. А.Лувсандагва нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөх байсан боловч хугацаа дуусахад төлөөгүй. Ингээд мөнгөө нэхэхээр энэ жил ургац аваагүй, ямар ч мөнгө байхгүй, 100 га газар авах уу гэсэн. Газар нь Улаанбаатараас хол учир 100 га газрыг авах боломжгүй, харин 200, 300 га газар өгөх боломжтой байгаа эсэхийг асуухад Х.Лувсандагва 3 хоногийн дараа тэгье гээд харилцан тохирсон. Тухайн үед би байсан 9 000 000 төгрөгөө А.Лувсандагвын данс руу шилжүүлсэн, тэгээд 300 га газрын 100 га газарт тариалалт хийгээд дараа нь төлөхөөр амаар тохиролцсон. Дараа нь хуулийн зөвлөхөө явуулж гэрээ хийлгэсэн. Гэвч 300 га газарт тариалалт хийгээд ургац авч чадаагүй, 100 га газрын 24 000 000 төгрөгөө төлж чадаагүй. Бид хоёр тохиролцохоор олон удаа ярилцсан боловч тохироогүй. Миний хувьд 24 000 000 төгрөгийг төлөх ямар ч санхүүгийн боломж байхгүй, зээл авахаар хөөцөлдсон боловч олгоогүй. Миний мөнгөнд газраа тааруулаад өгчих боломж байна уу гэхээр 25 000 000 төгрөгт өгнө гэдэг. Нэгэнт тохироогүй учраас гэрээнээсээ татгалзаж, 39 000 000 төгрөгөө А.Лувсандагваас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч А.Лувсандагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Баттөртэй утсаар ярьж, танилцаад 19 000 000 төгрөгийн рапсны үр авсан нь үнэн. Үүнийхээ төлбөрт 100 га газар шилжүүлэхээр тохиролцсон. Д.Баттөр нь цаашид тариалан эрхлэх хүсэлтэй, газраа нэмж өгөх боломжтой юу гэсэн. Би боломжтой үнэ 25 000 000 төгрөг гэсэн боловч 22 000 000 төгрөгөөр тохирсон. Гэрээнд төлбөрөө төлж дууссаны дараа газар эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон. Гэтэл өөрөө 24 000 000 төгрөгөө төлөөгүй, газраа шилжүүлж аваагүй. Би нэхэмжилж байгаа 39 000 000 төгрөгийг төлөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баттөрөөс 19 000 000 төгрөгний үнэ бүхий рапс таримлын үрийг худалдаж авсан. Төлбөрийг 100 га газрыг шилжүүлэхээр бартераар тохирсон. Мөн 200 га газрыг 44 сая төгрөгөөр тооцож газар эзэмших эрх шилжүүлэхээр болж, 20 сая төгрөгийг өгсөн. Одоо үлдэх 24 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Баттөр нь миний 300 га газарт тариалалт хийгээд үнэнд нь надад 600 га талбайд уринш хийж өгөхөөр тохирсон. Уринш хийхэд гарах шатахуунаа би бэлдэхээр болсон. Ингээд 1110 литр дизель түлшийг хүлээлгэж өгсөн, гэтэл трактороо жолоодох хүн нь байхгүй байсаар байгаад тариалалтаа хийж чадаагүй. 1110 литр түлшнээс 480 л түлшийг нь буцааж авсан, 630 л нь үлдсэн. Иймд 630 л түлшийг 2020 төгрөгөөр тооцож 1 272 600 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн 300 га талбайгаас 190 га газрын үнийг төлсөн гэж үзээд 110 на талбайд тариалалт хийснийг түрээсэлсэн гэж үзэж 80 000 төгрөгөөр тооцож 8 800 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Д.Баттөрөөс эхний гэрээгээр тохирсон 24 000 000 төгрөг, түлшний үнэ 1 272 600 төгрөг, 110 га газарт тариалалт хийсний түрээсийн төлбөрт 8 800 000 төгрөг нийт 34 272 600 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би 2016 оны 7 дугаар сараас уринш хийж өгнө гэж ярилцаж байсан. Төлбөрийг ярилцаагүй. 1 га газрын боловсруулалтын дундаж ханш 25 000 төгрөг байгаа. 600 га газрыг боловсруулахад 15 000 000 орчим төгрөгийг нэмж өгөхөөр болж байна. Би уринш хийхээр очсон боловч манай тракторын жолоочийн ах нь нас барсан учраас ажиллуулж чадаагүй. Тэгээд түлш, трактороо орхиод явсан. Буцаж очиход тракторыг айлын гадаа орхисноос дугуй байхгүй, аппартур нь эвдэрсэн байсан. Надад шууд 1 700 000 төгрөгийн хохирол учирсан, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баттөр нь А.Лувсандагват холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 39 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь Д.Баттөрөөс гэрээний үүрэг болон хохирол 34 072 600 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13 272 600 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Д.Баттөр нь А.Лувсандагватай 2016 оны 6-р сарын 01-ний өдөр Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, БНХАУ-аас оруулж ирсэн 1940 кг рапсны үрийг 19 000 000 төгрөгөөр худалдахаар, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ байгуулж 95-88 УНС дугаартай машиныг барьцаалахаар тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр /хх 3-4/ байна.

 

Худалдагч нь рапсны үрийг шилжүүлэн өгсөн, харин худалдан авагч А.Лувсандагва нь 2016 оны 11-р сарын 15-ны өдөр рапсны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байжээ. Улмаар талууд 2017 оны 06-р сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, А.Лувсандагва нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт 7-р багийн нутаг, Чандгана талын тариалангийн зориулалттай 300 га газрын эзэмших эрхийг Д.Баттөрд шилжүүлэн өгөх, үүнд 100 га газрыг 19 000 000 төгрөгийн рапсны үрийн үнэнд, 200 газрыг 44 000 000 төгрөгөөр тооцож Д.Баттөр нь 20 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 24 000 000 төгрөгийг 2017 оны 11-р сарын 01-ний дотор төлөх, төлбөрийг бүрэн төлснөөр газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр харилцан /хх 5/ тохирчээ.

 

Талууд үүгээр рапсны үр худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, энэ гэрээгээр Д.Баттөр нь худалдан авагчийн хувьд 20 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Харин Д.Баттөр нь 20 000 000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүйгээс талууд маргасан, нэхэмжлэгч төлөх боломжгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзаж, рапсны үнэ 19 000 000 төгрөг, бэлнээр шилжүүлсэн 20 000 000 төгрөг нийт 39 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, хохирол гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлж 24 000 000 төгрөгийг төлж чадахгүй болсноо үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэж, өгсөн мөнгөний хэмжээнд газраасаа шилжүүлж өгөх талаар санал тавьж тохиролцох хүсэлт гаргасан, талууд харилцан зөвшилцөлд хүрээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, үүгээр нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзаж 39 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

Харин хариуцагч сөрөг нэхэмжлэлээр гэрээний үүрэгт 24 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, нэг тал нь гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 249.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал нь хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болох ба энэ тохиолдолд 300 га газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.

 

Нөгөө талаас, гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл байна.

 

Д.Баттөр нь 2016 оны 300 га газарт тариалалт хийсэн, хөлсөнд нь 600 га талбайд уринш хийж өгөхөөр тохирсон гэх ба уринш хийхэд хэрэглэх шатахуунаа А.Лувсандагва бэлдэхээр тохирч 1110 литр дизель түлшийг хүлээлгэж өгсөн боловч уринш хийгээгүй, шатахуунаас 480 л түлшийг нь буцааж авч үлдэх 630 л түлшийг аваагүй талаар хариуцагч маргаж, түлшний үнэ 1 272 600 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч энэ шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...уринш хийхээр очсон боловч тракторын жолоочийн ах нь нас барсан учраас ажиллуулж чадаагүй, түлш, тракторыг орхиод явсан, дугуй байхгүй, аппартур нь эвдэрсэн, надад 1 700 000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарладаг боловч энэ тайлбар, татгалзал нь хохирол 1 272 600 төгрөгийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2016 онд 300 га газарт тариалалт хийсэн талаар талууд маргаагүй бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд нөгөө талдаа учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Харин хариуцагч хохирлыг тооцохдоо 1 га тариалангийн талбайн түрээсийн үнийг 80 000 төгрөгөөр тооцсон боловч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт 7-р багийн нутаг, Чандгана талын тариалангийн талбайг 2016 онд 1 га газрын түрээс 40 000 төгрөг байсан гэсэн нэхэмжлэгчийн үнэлгээгээр тооцож нийт 12 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 3-р сарын 23-ны өдрийн гэх ярианы бичлэгийг нотлох баримтын шаардлага хангаагүй, хууль бусаар цуглуулсан гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1, 205.2.2 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1, 260-р зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Л-аас 39 000 000 /гучин есөн сая/ төгрөг гаргуулж Д.Б-д, Д.Б-өөс 13 272 600 /арван гурван сая хоёр зуун далан хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж А.Л-д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 21 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 454 061 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.Л-аас 352 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, Д.Б-өөс 227 311 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА