Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 

           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

  2022         08          17                                         2022/ШЦТ/87

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Е-д холбогдох эрүүгийн 2204000000089 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            С.Б

 Улсын яллагч                                               Э.Б

 Шүүгдэгч                                                  А.Е нар оролцов.

 

Монгол улсын иргэн, оны  дугаар сарын-ны өдөр аймгийн хотод төрсөн,  настай, ........., боловсролтой, мэргэжилтэй, “ажилтай, ам бүл ........., эхнэр, .........хүүхдийн хамт Улаанбаатар хот дүүргийн хороо, байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн А-ын Е /РД: /.

А.Е нь хохирогч Б.Б-тай маргалдан түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж биед нь зүүн нүдний хөмсөгний ил шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч А.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би ........оны .......дугаар сарын .......-ний өдөр найз Б.Б-тай 21 цагийн үед уулзаад Багануур дүүргийн ......дугаар хороонд байрлах “.” гэх газарт орж хоол идээд 0.5 граммын нэг шил архи хувааж уусан. Тэндээ байж байгаад төв рүү харихаар бид хоёр такси дуудаад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны орчимд буугаад алхаад явж байгаад хоорондоо маргалдсан. Маргалдаж байгаад Б миний цээж хэсэг рүү гараараа түлхэхээр нь миний уур хүрээд Б-н зүүн хөмсөг орчимд гараараа нэг удаа цохьсон. Би тэргүүний уурхайчин тэмдэгээр шагнуулсан байсан юм. Энэ асуудлаас болж маргалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....шөнө 02 цагийн үед такси дуудаад төвд орж ирээд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны үүдэнд буугаад замаар алхаж яваад хоорондоо шалихгүй зүйлээс болж маргалдаад улмаар Е миний зүүн хөмсөг орчимд гараараа нэг удаа цохьсон. Миний зүүн хөмсөг орчим язарсан. Тухайн оройдоо түргэн тусламжаар оёдол тавиулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 09шэ/298 дугаартай дүгнэлтэд: “Б.Б-ын биед зүүн хөмсөгний ил шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 17-18/

Шүүгдэгч А.Е-гийн согтуурлын зэрэг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “А.Е 2.40 хувьтай” гэжээ. /хх-ийн 4/

              Хохирогч Б.Б-ын нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт болон  согтуурлын зэрэг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “Хохирогч Б.Б нь 1.74 хувьтай” гэжээ /хх-ийн 5/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “............. регистрийн дугаартай Б овгийн А-гийн Е гэжээ.  /хх-ийн 32/

              Хохирогч Б.Б-ын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 60/

Шүүгдэгч А.Е нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Е-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч А.Е нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Е нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       61/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Е нь согтуугаар ..........оны ......дугаар сарын .........-ны шөнө 02 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн ...........дүгээр хорооны ......дугаар байрны урд хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж биед нь зүүн нүдний хөмсөгний ил шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Маргалдаж байгаад Б миний цээж хэсэг рүү гараараа түлхэхээр нь миний уур хүрээд Б-ын зүүн хөмсөг орчимд гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ын Е миний зүүн хөмсөг орчимд гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 8/, хохирогчийн биед зүүн хөмсөгний ил шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 09шэ/298 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.Е нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Е-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг харахад шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Е нь хохирогч Б.Б-ын биед зүүн хөмсөгний ил шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хүсэлтийг хавтаст хэргийн 8, 60 дүгээр талд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс А.Е-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.  

А.Е нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл ...., эхнэр ......хүүхдийн хамт амьдардаг, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад А.Е нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 45-47/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч А.Е нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд А.Е-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн А-н Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн А-н Е-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг А.Е-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Е-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол А.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. А.Е-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА