Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0781/З |
Дугаар | 221/МА2024/0141 |
Огноо | 2024-02-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0141
Н.А гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н
Нэхэмжлэгч: Н.А
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 төгрөгийг гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 924 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0781/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А гаас хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 924 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8.1, 46.8.2, 70 дугаар зүйлийн 70.2.3, 70.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн цалин хөлсийг бууруулахгүй олгохыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга далан хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Ж.Д-гаас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “бууруулсан цалингийн зөрүү 5,421,072 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
3.2. Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 46.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж тус тус заасан байна.
3.3. Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор “Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”, “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан байна. Дээрх хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгчдийн цалин хөлсөнд өөрчлөлт орсон.
3.4. Нэхэмжлэгчийн маргааны зүйл нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүгчийн цалин хөлс буурсан нь хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Н.А гаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга далан хоёр/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.2. Анхан шатны шүүх “...Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүх болон шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй, ...шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн цалин хөлс бууруулахгүй байх суурь зарчмыг зөрчиж, хууль тогтоогчийн буруутай үйл ажиллагаа мэт тайлбарлан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж дүгнээд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн үеэс нэхэмжлэгч Н.А гийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр 2 хувиар нэмэгдэж байна гэсний дагуу авч байсан цалин хөлс буурсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
2.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн үүргийг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-д “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийг шилж олох, эрх ашгийг хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 70 дугаар зүйлийн 70.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн” гэж, мөн зүйлийн 70.2-т “Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 70.2.3-д “шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 70.2.4-д “шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах” гэж тус тус тодорхойлон заасан.
2.5. Түүнчлэн дээрх үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн эрх, чиг үүрэг буюу шүүгчийн цалин хөлсийг багтаасан шүүхийн төсвийг батлуулахтай холбоотой мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д “Шүүхийн төсвийг боловсруулж батлахад дараах журмыг баримтална” гээд 46.8.1-д “...Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Байнгын хороонд хянуулахаар хүргүүлэх”, 46.8.2-т “... Ерөнхий зөвлөл Байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх” гэж заасан байх тул анхан шатны шүүхээс хариуцагчийг нэхэмжлэгч Н.А гаас гаргасан “... цалин хөлс буурч эрх зүйн байдал нь дордож байгаатай холбоотой холбогдох арга хэмжээ авч, цалин хөлсийг бууруулахгүй олгох”-ыг хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг дээрх хуулийн заалтад заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй, хууль бус гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
2.6. Энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлэх үүднээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн төсөвт шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр тусгаж, холбогдох газарт хүргүүлэх үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул “...шүүгчийн цалин хөлс буурсан нь хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
2.7. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Ерөнхий зөвлөлийн чиг үүргийг шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага гэж хуульчилсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо дурдсан “...нэхэмжлэгчийн маргааны зүйл нь Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэхээр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА