Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Нямханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг,

Шүүгдэгч Г.Батхишиг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дулаан овогт Галавсамбуугийн Батхишигт холбогдох эрүүгийн  201624000791 дугаартай хэргийн шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид асрагч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5а хэсэг 3-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, / РД: ИЭ72091605 / Дулаан овогт Галавсамбуугийн Батхишиг нь :

-  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Шувуун фабрик Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн зүүн талын байрны урд замд Н.Блюберьд маркийн 88-07 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 7.6-д  “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг  хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан 6 настай Б.Бат-Оргилыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батхүү мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байхад  эхнэр  над руу утсаар яриад “хүүхэд машинд дайруулчихлаа” гэхээр нь гэртээ иртэл манай хажуу айлын Энхбат ирчихсэн “манай эхнэр танай хүүхдийг мөргөсөн. Өөрөө гараа өргөөд урдуур нь ороод мөргүүлсэн” гэсэн. Хүүхдийнхээ хөлийг барихад нилээн шалбарсан байдалтай орилоод байсан. Ингээд гэмтэл авч явж үзүүлэхэд яс нь сэртийсэн байна гэсэн. Хичээл нь орох болсон байсан учраас, эмнэлэгт хэвтүүлээгүй гэрээрээ эмчилсэн. Одоогоор эмчилгээний зардалд  500.000 төгрөг гарсан. Нөгөө талаас унадаг дугуйг нь шинээр авч өгсөн. Дахиад 500.000 төгрөг өгчихвөл гомдол байхгүй....” гэжээ. / хх 13-14 /,

Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Оргил мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “.... Осол болдог өдөр аавынхаа ажил руу очих гээд дугуйгаа унаад явсан. Тэгээд нэг цэнхэр өнгийн машины хажуугаар гарах гэж байхад нөгөө машин ухарч байгаад урагшаа хөдлөөд би нөгөө машиныг мөргөөд газар унасан. Нөгөө машинаас нэг эгч бууж ирээд өргөөд босгосон. Би нэг хар дугуйтай хүүхэдтэй тоглож байсан. Тэр хүүхэд намайг мөргүүлсэнийг харсан үгүйг мэдэхгүй. Би уг машиныг эрэгтэй хүн эмэгтэй хүн жолоодож явсныг хараагүй. Уг нь машин хөдөлж байсныг харсан амжаад гарна гэж бодож байсан юм. Одоо бие гайгүй...” гэжээ. / хх 15 /,

Гэрч Г.Алтанцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “...2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г.Батхишиг эгч ирээд хоёулаа энэ хүнийг автобусны буудал руу хүргээд өгье гэсэн. Тэгээд машинд нь  хамт суугаад хөдөлтөл зүүн талаас нэг дугуйтай хүүхэд гарч машины зүүн урд дугуй хэсэг мөргөөд газарт уначихсан. Г.Батхишиг эгч буугаад хүүхдийг өргөөд байж байтал ээж нь гарч ирээд аваад орсон. Би Г.Батхишиг эгчийг архи уусан байсныг мэдээгүй. Драйгер үлээхэд нь мэдсэн. Надад хэлэхдээ 2 стакан пиво уусан гэж байсан. Ер нь энэ хүүхэд урд нь намайг бас явж байхад машины урдуур дугуйтайгаа уралдах гээд давхиад байдаг байсан. Мөн манайд ажилладаг Эрдэнэбат ах осол гарсны дараа энэ хүүхэд ингэх гээд байсан юм гэж хүртэл ярьж байсан .Тэр хүүхдийг машины хажуугаар орж ирэхийг хараагүй...” гэжээ.  / хх 20-21 /,

Иргэний хариуцагч Ж.Пүрэв мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би уг автомашиныг 2012 онд 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Миний нэр дээр байдаг. Би 2015 онд Г.Батхишигийн нөхөрт 3.000.000 сая төгрөгөөр худалдсан. Тэгээд эхнэр нь учраас жолоодсон байх. Бид 2-т одоо 500.000 төгрөг дутуу учраас нэр дээр шилжүүлээгүй байгаа юм. Ямар нэг эвдрэлгүй байсан. Би  машинаа зарсан учраас иргэнд учирсан хохирлыг төлж барагдуулахгүй…”  гэжээ. / хх 27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12051 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. “...Б.Бат-Оргилын биед баруун шилбэний шаант ясны зөрөөгүй далд хугарал, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэжээ.  / хх 30 /,

Техникийн шинжээчийн  2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 542 дугаартай дүгнэлтэнд:

1. “...Н.Блюберьд маркийн 88-07 УБА улсын дугаартай автомашины жолооч Г.Батхишиг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 7.6 дахь заалт  “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг  хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Унадаг дугуй унаж явсан Б.Бат-Оргил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна…” гэжээ. / хх 49 /,

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа “... Г.Батхишиг нь 0.55 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон…” гэжээ. / хх 65 /,

Шүүгдэгч Г.Батхишигийг 2016.09.13-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 57-58 /,  2016.09.30-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 60 /,

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 64 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батхишиг мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай арын байрны залуу, хоёр залуутай хамт орж ирсэн. Тэд нилээн архи суусан байсан. Том өрөөнд тэд манай нөхөртэй архи уусан. Би наана нь хоол хийгээд завгүй байсан учраас би тэр архи дарснаас уугаагүй. Миний буруу нь 2 стакан пиво уусан нь үнэн. Тэгээд хоёр залуу унтаад өгсөн. Нэг залуу нь “эгчээ би явчихъя автобусны буудал дөхүүлээд өгөөч” гэж гуйсан. Манайхаас автобусны буудал хол болохоор “за гайгүй байлгүй. Дөхүүлээд өгчихье” гэж бодоод гарсан. Машинаа асаагаад арагшаа ухраад урагшаа эргэтэл  зүүн гар талаас хүүхэд ирээд түк гээд мөргөсөн. Би уг нь толиндоо харсан болов ч юу ч харагдахгүй байсан. Машинаа зогсоогоод машиныхаа араар тойроод очоод “ юу болов яав, ийв” гэтэл Батхүү даргын хүү дугуйндаа дарагдаад уначихсан байсан. Тэгэхээр нь дугуйг нь өргөж хүүхдээ аваад “ яаж байна “ гэхэд “ хөл жаахан өвдөөд байна эгчээ” гэж хэлсэн. Хөлийг нь бариад байж байтал ээж нь гүйж ирээд “ хүүхэд дайрчихлаа” гээд гэр рүүгээ бариад орсон. Тэгээд өөрсдөө түргэн, цагдаа дуудсан. Ингээд эмнэлэгт очиж дүгнэлт гаргуулсан. Миний буруу. Анхаарал болгоомжгүйгээсээ болоод ийм хэрэгт холбогдсон. Ахин ийм хэрэгт холбогдохгүй гэв.

Шүүгдэгч Г.Батхишиг нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Шувуун фабрик Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн зүүн талын 3-4 тоот байрны урд замд Н.Блюберьд маркийн 88-07 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 7.6-д  “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг  хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан 6 настай Б.Бат-Оргилыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

-   “...2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байхад  эхнэр  над руу утсаар яриад “хүүхэд машинд дайруулчихлаа” гэхээр нь гэртээ иртэл манай хажуу айлын Энхбат ирчихсэн “манай эхнэр танай хүүхдийг мөргөсөн” гэсэн. Хүүхдийнхээ хөлийг барихад нилээн шалбарсан байдалтай орилоод байсан. Ингээд гэмтэл авч явж үзүүлэхэд яс нь сэртийсэн байна гэсэн. Хичээл нь орох болсон байсан учраас, эмнэлэгт хэвтүүлээгүй гэрээрээ эмчилсэн....” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батхүүгийн мэдүүлэг  / хх 13-14 /,

- “.... Осол болдог өдөр аавынхаа ажил руу очих гээд дугуйгаа унаад явсан. Тэгээд нэг цэнхэр өнгийн машины хажуугаар гарах гэж байхад нөгөө машин ухарч байгаад урагшаа хөдлөөд би нөгөө машиныг мөргөөд газар унасан. Нөгөө машинаас нэг эгч бууж ирээд өргөөд босгосон. Уг нь машин хөдөлж байсныг харсан амжаад гарна гэж бодож байсан юм. Одоо бие гайгүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Оргилын мэдүүлэг / хх 15 /,

- “...2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г.Батхишиг эгч ирээд хоёулаа энэ хүнийг автобусны буудал руу хүргээд өгье гэсэн. Тэгээд машинд нь  хамт суугаад хөдөлтөл зүүн талаас нэг дугуйтай хүүхэд гарч машины зүүн урд дугуй хэсэг мөргөөд газарт уначихсан. Г.Батхишиг эгч буугаад хүүхдийг өргөөд байж байтал ээж нь гарч ирээд аваад орсон. Би Г.Батхишиг эгчийг архи уусан байсныг мэдээгүй. Драйгер үлээхэд нь мэдсэн. Надад хэлэхдээ 2 стакан пиво уусан гэж байсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Г.Алтанцэцэгийн мэдүүлэг / хх 20-21 /,

-  “...Би 2015 онд Г.Батхишигийн нөхөрт 3.000.000 сая төгрөгөөр машинаа худалдсан. Тэгээд эхнэр нь учраас жолоодсон байх. Би  машинаа зарсан учраас иргэнд учирсан хохирлыг төлж барагдуулахгүй…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний хариуцагч Ж.Пүрэвийн мэдүүлэг / хх 27/,

- “…хохирогч Б.Бат-Оргилын биед  баруун шилбэний шаант ясны зөрүүгүй далд хугарал, баруун гуяны зулгарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12051 тоот шинжээчийн дүгнэлт…” / хх 30 /,

- Техникийн шинжээчийн  2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 542 дугаартай дүгнэлт / хх 48-49 /,

- “... Г.Батхишиг нь 0.55 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн  болох нь тогтоогдсон гэсэн …” Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа / хх 65 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Батхишигийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, согтуурлын зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Батхишиг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болохыг  дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

                                                                                                                                            ТОГТООХ нь:

1. Дулаан овогт Галавсамбуугийн Батхишигийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Батхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Батхишигт 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Батхишиг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Батхишигт оногдуулсан 1 /нэг/ жил 6 / зургаан / сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Г.Батхишигийн жолоочийн ¹482579 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Батхишигт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД