Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208

 

 

 

2022        06         22                                             2022/ШЦТ/208

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч А.Алтангэрэл

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.Алтангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******  холбогдох эрүүгийн 2221000000221 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын ******* мэргэжилтэй, ХХК-д ******* ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 6 дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******/

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь  2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг хорооллын 23 тоотын гадаа иргэн ******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар Porter маркийн автомашины дугуйгаар цохиж иргэн ******* биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, дух, баруун чамархайн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 25-ны орой гэрийн гадна өөрийн эзэмшлийн porter маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ асаах гээд зогсож байх үед сумын иргэн ******* нь porter маркийн цэнхэр өнгийн авто машинтай ирсэн. Би тэр үед *******ад хандаж сайн уу гэж мэнд мэдээд миний машин асдаггүй, найзынхаа машиныг чирээд асаагаад өгөөч гэж гуйсан. Тэр үед ******* тэгье гэж хэлэн миний авто машиныг чирээд асааж өгсөн. ... ******* надад хандаж чи миний авто машины запас дугуйг 2021 оны 06 дугаар сард авч ашиглаад буцааж өгөх үедээ сольж өөр дугуй өгсөн байна, миний машинд таарахгүй том дугуй нүх нь зөрөөд байна” гэж хэлсэн. Би *******ад хандан “би юу гэж солихов дээ. Надад том дугуй байхгүй адилхан жолооч хүн байж. Би тийм муухай зүйл хийхгүй” гэж хэлсэн. ******* над руу ирж чи сольсон байна гэж хэлээд намайг заамдан авч машинаас буулгасан. Би тэр үед чиний дугуйг солиогүй гэж дахин, дахин хэлсэн. Тэгээд ******* өөрийнхөө машины тэвшин дээрээс машины хийтэй дугуй буулган ирж энэ дугуй таарахгүй байна гэж хэлэн над руу дахин дайрсан. *******ын буулган ирсэн дугуйг харахад Porter  маркийн авто машины арын дугуй байсан. *******ад энэ дугуй porter машины ар талын дугуй байна. Чиний машинд яг таарна, миний чамд өгсөн дугуй яг мөн байна гэж хэлсэн. Гэтэл ******* биш байна, таарахгүй том дугуй байна гэж над руу дайрч газар байсан машины хийтэй дугуйг дээрээ өргөж над руу шидэх гээд далайх үед нь би дугуйнаас хоёр гараараа барьж авахад миний дух хэсэгт 1 удаа дугуйгаар цохисон. Дараа нь дахин тухайн хийтэй дугуйг авч над руу шидсэн бөгөөд хийтэй дугуй нь газарт ойн миний баруун гарын тохойн хэсэгт оносон, мөн намайг заамдан авч газарт унагаж шороон дээр чирсэн. Тэр үед манай эхнэр гэрээс гарч ирээд чи яаж байна манай хүнийг гэж хэлж байсан. ******* намайг тавьж манай эхнэрт хандаж танай хүнийг алсан  ч яадаг юм. Би танай хүнийг алаад З хоноод  сална гэж хэлсэн. ...Миний дух, баруун шанаа хэсэгт шалбарсан баруун гарын тохой хавдан лугшиж өвдсөн. Мөн толгой хатгаж өвдсөн зовиуртай байна. ...Би ******* гэх залууд зодуулсандаа маш их гомдолтой байна. ...Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр гэрээс машинаа асаах гээд гарсан. Би удалгүй гэрээс гарч 00 орж бие засаад гарч ирэх үед ******* цэнхэр өнгийн Porter маркийн машин жолоодон манай машиныг чирэх гээд ухарч байсан. Би хоол хийж байсан болохоор гэртээ орсон. Удалгүй манай нөхөр аллаа гэж орилсон. ******* мөн чанга, чанга орилохоор нь гэрээс гарч харахад ******* манай нөхөр заамдсан байдалтай  чамайг алсан ч яадаг юм, чамайг алаад З хоноод л сална гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр ийн духнаас цус гарч байсан, мөн өмсөж явсан  хар өнгийн саравчтай малгай, машины түлхүүр зэрэг нь газар унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Шүүдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 онд машиныхаа запас дугуйг өгөхөд солиод авчирч өгчихсөн байсан. ... надаас хүн запас дугуй гуйхаар нь өгсөн. Тухайн хүн эргэж дугуйг маань авчирч өгөхдөө чиний энэ запас дугуй porter-т таарахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би чи миний дугуйг сольсон байна, чи намайг хөдөө баллах нь бүтэн жил би чиний өгсөн дугуйнд найдаад явсан гэж хэлсэн. би солиогүй гээд гүрийгээд байхаар нь заамдаад хавирч газарт унагаад машиныхаа запас дугуйгаар дээрээс нь дарсан. Тэгэхэд өөдөөс дугуй бариад байхаар нь дугуйгаа шидчихсэн. дугуйг түлхэж байх шиг  харагдсан. босоход духнаас нь цус гарч байсан. Би дахиж хавирч унагаагаад цагдаад өгнө гээд чирэхэд явахгүй байсан. ... Би цохисноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 409 тоот дүгнэлтэд:

1. ******* биед баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, дух, баруун чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 25-26/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 22/

- Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 27-28/

- Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 35-37/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

- *******ын Худалдаа хөгжлийн банкны  дансны хуулга /хх-ийн 43/

- Шүүгдэгч *******, хохирогч Б. нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 48-49/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 3 дугаар баг хорооллын 23 тоотын гадаа иргэн ******* үл ялих зүйлээс болж маргалдан улмаар Porter маркийн автомашины дугуйгаар цохиж иргэн ******* эрүүл мэндэд баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал, дух, баруун чамархайн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Б., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 409 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******ад дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Шүүх хуралд оролцохгүй...” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА