Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1952

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  хороо, Нэгдсэн үндэстний гудамж, , МТП ХХК-нийг төлөөлж Б.О-ын гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  хороо,  байр,  тоот, Б о ө ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 616 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагманар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Бадрах-Од Өгөөж ХХК-тай 85/11 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 6-р сарын 10-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авсан барааны тооцоог манай компанийн арилжааны банк нь дахь дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх байсан. Бадрах-Од Өгөөж ХХК нь 19 200 литр шатахуун авахаар ярилцаж, 26 260 000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Тус 4928 УНГ авто машин нь 2012 оны 5-р сарын 04-ний өдөр 20.200 литр А80 маркийн шатахууныг 1380 төгрөгөөр тооцож авсан. Ингээд авсан шатахууны үнэ нь 27 876 000 төгрөг болсон. Иймд шатахууны 27 876 000 төгрөгөөс урьдчилж төлсөн 26 260 000 төгрөгийг хасахаар 1 616 000 төгрөгийн үлдэгдэл үүссэн. Тиймээс хариуцагч Бадрах-Од Өгөөж ХХК-иас 1 616 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани 2018 оны 05-р сарын 01-ний өдөр МТ Петролиум ХХК-ний нэхэмжилсэн 1 616 000 төгрөгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: манай компани 2011 онд тус компанитай дизель түлш авахаар 85/11 тоот гэрээг байгуулсан нь үнэн боловч энэхүү гэрээний дагуу 2012 онд МТ Петролиум ХХК-иас ямар нэгэн түлш шатахуун, А-80 бензин огт аваагүй болно. А-80 бензинийг манайх огт хэрэглэдэггүй. 2015 оны 5-р сарын 04-ний өдөр А-80 бензинийг авсан гэх Батболд гэдэг иргэн манай байгууллагын ажилчин биш бөгөөд ийм нэртэй хүн манай байгууллагтай ямар нэг байдлаар хамтран ажилладаггүй. МТ Петролиум ХХК нь 2012 оны 5-р сарын 4-нд манай компанид НӨАТ-ын падаан өгсөн гэх боловч манай компанид энэ падаан ирээгүй, ирэх ч үндэслэлгүй юм. Иймд МТ Петролиум ХХК-ний ХЗХ-ийн 55/18 тоот нэхэмжлэлийг дахин авч хэлэлцэн хүчингүй болгохыг хүсье гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

МТ Петролиум ХХК-нийг төлөөлж Б.Оюунсувд нь Бадрах од өгөөж ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 616 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэг нь шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 06-р сарын 08-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

МТ Петролиум ХХК нь Бадрах од өгөөж ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 85/11 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2011 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч худалдан авах барааны үнийг урьдчилан 100 хувь Худалдаа хөгжлийн банкны 499088657 тоот данс, ХААН банкны 5028129620 тоот дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөхөөр /хх 11-12/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь Бадрах од өгөөж ХХК-г 2012 оны 5-р сарын 4-ний өдөр худалдан авсан А-80 маркийн бензиний үнээс 1 616 000 төгрөгийг төлөөгүй талаар маргаж гаргуулахаар шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...2012 онд МТ Петролиум ХХК-иас ямар нэгэн түлш шатахуун, А-80 бензин худалдаж аваагүй, А-80 бензин хэрэглэдэггүй, Батболд гэдэг жолооч ажилладаггүй, 2012 оны 5-р сарын 4-ний НӨАТ-ын падаан явуулсан байх, ирэх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр 2011 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсон бөгөөд талууд гэрээний хугацааг сунгасан, гэрээнд өөрчлөлт оруулсан, эсхүл нэмэлт гэрээ байгуулсан зэрэг баримт хэрэгт авагдаагүйгээс гадна 2012 оны 5-р сарын 04-ний өдөр 20 200 литр А80 маркийн шатахууныг 1380 төгрөгөөр тооцож 27 876 000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс 26 260 000 төгрөгийг урьдчилан төлснийг баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, 26 260 000 төгрөгийг аль банкны дансаар шилжүүлсэн, эсхүл бэлнээр төлсөн талаарх санхүүгийн баримтгүй, түүнчлэн олгох зөвшөөрөл №223, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтууд /хх 13-14/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл, уншигдах боломжгүй, гаргацгүй болжээ.

 

Түүнчлэн, өглөг, авлагын тайлан /хх 15/ нь эрх бүхий ямар байгууллагат гаргасан санхүүгийн, эсхүл татварын тайлан болох нь тодорхойгүй, 2016 оны 6-р сарын 30-нд 26 260 000 төгрөгийг дансаар шилжүүлснийг нотлоогүй, энэ нь 26 260 000 төгрөгийг урьдчилан төлсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбараас зөрүүтэй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, Бадрах од өгөөж ХХК-ийн 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, сарын тайлангийн худалдан авалтын дэвтэрт борлуулагч МТ Петролиум ХХК бүртгэгдээгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн 2015 оны 5-р сарын тайлан, шимтгэл төлөлтийн тооцооны хуудас, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, мэдээ зэрэг эрх бүхий байгууллагат тайлагнасан баримтаар /хх 24-30/ Батболд гэх ажилчны талаарх тайлбарыг тус тус няцаасан, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

МТ Петролиум ХХК нь эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1 дэх хугацааг хэтрүүлснийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бадрах од өгөөж ХХК-иас 1 616 000 /нэг сая зургаан зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн МТ Петролиум ХХК-нийг төлөөлж гаргасан Б.Оюунсувдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА