Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1912

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  хороо,  хороолол,  байрны  тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр, Харчин овогтой М-ийн М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн хороо, хороолол,  байрны  тоотод байрлах, Ш ХХК-д холбогдох орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М нь 2009 оны 10-р сараас 2017 оны 8-р сар хүртэлх хугацаанд Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Ли Шан Баогийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, Шүнди ХХК-ний үйл ажиллагааг нь хариуцаж байхдаа 2010 оны 8-р сард Ли Шан Баотой тохиролцож Баянгол дүүргийн 6-р хороо, 39-р байрны 02 тоот 80 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр худалдаж авахаар 17 000 000 төгрөгийн урьдчилгаа төлөн 2А тоот автомашины зогсоолын хамт авахаар болсон. Мөн 52 тоот 115.58 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авахаар 5000 ам доллар төлж, авто машины зогсоолын хамт тус тус худалдаж авахаар харилцан тохиролцож Шүнди ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баясгалангаас хүлээн авч байсан. Энэ үед Шүнди ХХК-ийн хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан гарсны улмаас тамга тэмдэгийг Нийслэлийн цагдаагийн газар хураагдсан, данс битүүмжлэгдсэн тул компанийн хувьд орлогын эх үүсвэргүй болсон хүнд байхад Мандахбаяр нь компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бусдад төлөх төлбөр тооцоог хувиасаа өгч барагдуулж байсан. Мөн компани хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж, орон сууцандаа үнэгүй суулгаж, зээлдүүлэгч хүсвэл зээлийн төлбөрөө хөрөнгө оруулалтын маргаан шийдэгдсэний дараа орон сууцны ордерыг шилжүүлж авах нөхцөлтэй гэрээнүүд хийгдэж байсан. Дээрх зээлдүүлэгч нарын нэг болох иргэн Р.Сүрэнням, Г.Баттулга нараас Шүнди ХХК-ийн захирал Ли Шан Бо нь 135 000 000 төгрөгийг зээлж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 18 тоот орон сууцыг барьцаалж, тухайн маргаан шийдвэрлэгдэж дуусмагч орон сууцны ордерыг Р.Сүрэнням, Г.Баттулга нарт шилжүүлэхээр тохиролцсон байсан. Гэвч зээлдүүлэгч нар 18 тоот орон сууцыг өр төлбөртөө авахаа больж, Ли Шан Баогоос 135 000 000 төгрөгөө нэхэмжилснийг М.Мандахбаяр бэлнээр төлж 18 тоот орон сууцыг авто зогсоолын хамт хүлээн авсан. М.Мандахбаяр нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан 7 жил 9 сарын хугацаанд баримттайгаар 234 056 877 төгрөгийг төлж барагдуулсан, баримт үйлдээгүй, итгэлцлийн журмаар өр төлбөрийг барагдуулсан нь бас байдаг. М.Мандахбаяр нь өөрийн хөрөнгөөр компанийн өр төлбөрийг барагдуулснаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 02, 52, 18 тоот орон сууц, 52А, 52Б, 18А, 2А авто машины зогсоолыг компанийн хөрөнгө оруулагч нарын маргаан шийдэгдмэгц үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус өөрийн нэр дээрээ гаргуулахаар тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа болохоор захиран зарцуулах эрх нээгдээгүй бусдад худалдан борлуулах боломжгүй байна. Дээрх орон сууц болон зогсоолууд нь 2010 оноос М.Мандахбаярын эзэмшил, ашиглалтанд байгаа, хэрэглээний бүх төлбөрийг нь төлдөг. Иймд М.Мандахбаярыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 02 тоот 80 м.кв орон сууц, 52 тоот орон сууц, 18 тоот орон сууц, 52А, 52Б, 18А, 2А авто машины зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүнди ХХК-ний үйл ажиллагаа нь 2010 оноос доголдсон, Ван Сэн Тун нь Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүхүүдэд гомдол гаргаж, Шүнди ХХК-ийн үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Баянгол дүүргийн шүүхээс 2011 оны 10 дугаар сарын 23-ны Ли Шан Бо захирлыг Шүнди ХХК-тай холбоотой үйл ажиллагааг явуулахгүй байх даалгасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-д заасан арга хэмжээг авсан. Энэ арга хэмжээг үргэлжлүүлэн Захиргааны хэргийн шүүхээс актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Ли Шан Бао захирал өөрөө тахир дутуугийн зэрэгтэй. Хөл дээрээ явж чаддаггүй учраас төлөөлөгч томилох шаардлагатай байсан. М.Мандахбаяр нь Шүнди ХХК-ийг төлөөлж бүх төрийн байгууллагат төлөөлж байсан. Үйл ажиллагааг нь явуулж байх хугацаандаа Ли Шан Баогийн өмнөөс Р.Сүрэнням, Г.Баттулга нарын 135 000 000 төгрөг, Б.Баясгалан, н.Төмөртогоо нарын 15 000 ам доллар зэргийг төлсөн нь үнэн. Компани 2011 онд орон сууц захиалгын гэрээг 1 м.кв-ыг 1 000 000 төгрөгөөр тохирч байсан. М.Мандахбаяр нь 02 тоот орон сууц нь 80 м.кв 3 өрөө орон сууцыг худалдаж авсан. Нэг авто зогсоолыг 6 000 000-9 000 000 төгрөгийн хооронд тооцож байсан, 4 гаражийн үнэ төлөгдсөн. 2012 оноос эдгээр орон сууц, автомашины зогсоолууд М.Мандахбаярын эзэмшилд байгаа. Гаражийн хувьд маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Мандахбаяр нь Шүнди ХХК-д холбогдох орон сууц, авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

Шүнди ХХК-ний захирлын 2009 оны 11-р сарын 04-ний өдрийн тушаалаар М.Мандахбаяр нь тус компани болон захирал Ли Шан Баог шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон компанитай холбоотой үйл ажиллагааг 3 жилийн хугацаатайгаар бүрэн төлөөлөх эрхийг олгож, итгэмжлэлийг 2012 оны 11-р сарын 04-нөөс 3 жилийн, 2015 оны 11-р сарын 04-нөөс 3 жилийн хугацаагаар тус тус сунгажээ. /хх 30-34/

 

Шүнди ХХК-ний эрх бүхий этгээд, хөрөнгө оруулагчдын хооронд 2008 оноос маргаан гарсан, улмаар захирал гэх БНХАУ-ын иргэн Ли Шан Бао, Ван Сэн Тун нар нь эрүүгийн болон иргэний, захиргааны журмаар маргаантай хэрэг нь шалгагдаж, компаний дансны хөдөлгөөнийг зогсоосон, тамга тэмдгийг хураасан, орон сууц, байр битүүмжилсэн зэрэг шалтгаанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Харин энэ цаг хугацаанд М.Мандахбаяр нь Шүнди ХХК-ний үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан, компаний үйл ажиллагаа доголдсон, хөрөнгө оруулагч нарын маргааны улмаас хуулийн байгууллагат шалгагдсан цаг хугацаанд өөрийн хөрөнгөөр бусдын төлбөр, хохирлыг төлж байсан талаар талууд маргаагүй байх ба үүнд:

- Шүнди ХХК-ний орлогоны ордероор 2008 оны 10-р сарын 30-нд 5 000 ам.доллар /ханш 2409.80 төгрөгөөр/,

- 2015 оны 10-р сарын 17-нд иргэн Ганболд, Эрдэнэчимэг нарт 29 725 677 төгрөгийг бэлнээр,

 

- 2013 оны 6-р сарын 13-ны өдөр 39-р байрны 18 тоот сууцны төлбөрт иргэн Р.Сүрэнням, Г.Баттулга нарт 135 000 000 төгрөг,

- 2013 оны 6-р сарын 05-ны өдөр Б.Төмөртогоод төлөх төлөх 15 000 ам. Доллар /ханш 2409.80 төгрөгөөр/,

- 39-р байрны 2 тоот сууцыг худалдан авахаар тохирч сууцны үнэнд 17 000 000 төгрөг,

- 2015 оны 12-р сарын 20-ны өдөр Шүнди ХХК-ний төлбөрт иргэн Т.Энхтайванд 10 000 000 төгрөг,

- 2014 оны 7-р сарын 21-ний өдөр Шүнди ХХК-ний төлбөрт иргэн Б.Ариунцэцэгт 12 000 000 төгрөг,

- 2011 оны 2-р сарын 28-нд Алтангэрэлийн 300 000 төгрөг,

- 2010 оны 10-р сарын 25-нд 62 тоот байрны төлбөрт 400 000 төгрөг, 2012 оны 02-р сарын 01-ний өдөр өмгөөлөгчийн зардалд 3 000 000 төгрөг,

- Автомашины 4 зогсоолын төлбөрт 24 000 000 төгрөг нийт 282 912 677 төгрөгийн төлбөр тооцоог гүйцэтгэсэн /хх 32-57/ нь баримтаар тогтоогдсон, эдгээрээс гадна баримтгүйгээр Шүнди ХХК-ний төлбөр тооцоог хийж байсан талаар талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, М.Мандахбаяр нь өөрийн хөрөнгөөр компанийн өр төлбөрийг барагдуулснаар,компанийн хөрөнгө оруулагч нарын маргаан шийдвэрлэгдсэнээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 02, 52, 18 тоот орон сууц, 52А, 52Б, 18А, 2А авто машины зогсоолыг өмчлөлдөө бүртгүүлэх, өмчлөгч болох байжээ.

 

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00098 тоот тогтоолоор Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жаня Юан Бин нарын нэхэмжлэлтэй Шүнди ХХК-д холбогдох хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, Шүнди ХХК-ний шинэчилсэн дүрэм, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, үүнээс хойш Шүнди ХХК нь М.Мандахбаярт дээрх сууц, автомашины зогсоолыг өмчлөх эрх үүссэн, хариуцагч түүний өмчлөлд шилжүүлэх ажиллагааг хийгээгүй байна.

 

Хэрэгт авагдсан М.Мандахбаярын 2013 оноос эхлэн 02, 18, 52 тоот сууцны ашиглалтын болон бусад зардлыг Хаусинг холд ХХК-д төлсөн талаарх тодорхойлолт нь /хх 58-60/ түүнийг энэ сууцыг эзэмшиж, ашиглаж байгааг нотолсон гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 1 778 750 төгрөг төлөх байсан боловч 491 400 төгрөгийг төлжээ. Иймд зөрүү 1 287 350 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан М-ийн М нь Баянгол дүүргийн  хороо,  хороолол,  байрны  тоот 80.56 м.кв талбай бүхий 3 өрөө, 18 тоот 115.58 м.кв талбай бүхий 3 өрөө, 52 тоот 115.58 м.кв талбай бүхий 3 өрөө сууц, 52А, 52Б, 18А, 2А авто машины зогсоолын өмчлөх эрхийг Ш ХХК-иас шилжүүлэн авах эрхтэйг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 58-р зүйлийн 58.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, М.М-аас 1 287 350 төгрөг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Ш ХХК-иас 1 778 750 төгрөг гаргуулж М.М-т олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА