Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1954

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн нарангийн 2-75 тоотод оршин суух, Засгийн газрын 2-р байранд цай зөөгч ажилтай, Есөн чоно овогтой Алтанбаганын Билгүүний нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Өргөө нийтийн орон сууц 3 тоотод оршин суух, УБТТС ХХК-д таксины жолооч ажилтай, Боржигон овогтой Батдэлгэрийн Хадбаатарт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оноос Б.Хадбаатартай хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2013 оны 11-р сарын 16-нд хүү Х.Гэрэлтшагай төрсөн. Бид зан харилцааны хувьд таарамжгүй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2015 оноос тусдаа амьдарч байгаа. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүү Гэрэлтшагайд эцэг Хадбаатараас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Билгүүн нь Б.Хадбаатарт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

А.Билгүүн, Б.Хадбаатар нар нь 2012 оноос хамт амьдарч байхдаа 2013 оны 11-р сарын 16-нд хүү Х.Гэрэлтшагайг төрүүлж /хх 7/ өсгөжээ.

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа гэх ба тусдаа амьдрах хугацаанд хүү Х.Гэрэлтшайгай нь эхийн асрамжинд өссөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Б.Хадбаатар нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 5-р сарын 21-ний өдөр гардаж авчээ.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 6-р сарын 12-ны өдөр хүлээн авсан боловч ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд хуульд заасан журмаар хүү Х.Гэрэлтшагайд хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Хадбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 11-р сарын 16-ны өдөр төрсөн Х-ын Г-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Х-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА