| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02198/и |
| Дугаар | 2054 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн уралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 13-р гудамж 148б тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ВН88081905, Жаагийнхан овогт Баянжаргалын Болормаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 13-р гудамж 148б тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ПА87120212, Молоон арав овогт Сүхээгийн Энхтайван холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчС.Энхтайван, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Б.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оноос С.Энхтайвантай хамт амьдарч 2012 онд хуримаа хийсэн. Хамтран амьдрах хугацаанд 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Э.Энхжаргал, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Э.Энхжин, 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Э.Мишээл нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд С.Энхтайван удаа дараа намайг зодож, харддаг, гадуур гаргадаггүй, архи их уудаг. Архи уудаг байдлаас нь болж том охин маань байнга айдастай байдаг. Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сард хамар хугалсан. С.Энхтайван нь цочир ууртай, хүнд уурласан уураа надад гаргадаг. Олон хүүхэнтэй холбогддог. Энэ болгонд би тэвчиж, уучилж ирсэн. Миний төрсөн дүү Б.Амарзаяаг насанд хүрээгүй байхад хөдөө авч очиж хүчирхийлсэн, миний дэргэд манай дүүг хүчирхийлэх гэж завдсан. Энэ тухай Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан одоо шалгагдаж байгаа. Эдгээр нөхцөл байдлаас болж С.Энхтайвантай цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд Б.Болормаатай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Б.Болормааг би зодож цохиж байгаагүй. Нэг удаа нуруу руу жийсэн нь үнэн. Б.Болормаагийн ярьж байгаа шиг байнга архи уух зав надад байдаггүй. Миний бага охин Э.Мишээл астам маягийн өвчтэй учраас нэг нь хүүхдээ хараад нэг нь ажил хийх боломжтой байдаг. Хүүхдийг байнгын хараа хяналтандаа байлгах шаардлагатай байдаг. Архи уугаад гэртээ агсан согтуу тавьсан удаа надад нэг их байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахгүй, цаашид эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч Б.Болормаа нь С.Энхтайванд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыгхангаж шийдвэрлэлээ.
Б.Болормаа, С.Энхтайван нар нь 2009 онд гэр бүл болж хамт амьдрах хугацаандаа 2009 оны 4 дүгээр сарын 20-нд охин Э.Энхжаргал, 2013 оны 12 дугаар сарын 31-нд охин Э.Энхжин, 2015 оны 5 дугаар сарын 31-нд охин Э.Мишээл нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин талууд хамт амьдрах хугацаанд нөхөр С.Энхтайван нь архи уудаг, эхнэрээ бусадтай хардах, ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй байх, хэрүүл маргааны улмаас түүнийг зодож сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулдаг нь Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 6-р сарын 04-ний өдрийн 3994 тоот албан бичиг, Б.Болормаагийн 2017 оны 4-р сарын 12-ны өдрийн амбулаториор эмчлүүлсэн карт, Нийслэлийн цагдаагийн газрын Түр хамгаалах байранд байрлаж байсан тухай 2018 оны 6-р сарын 05-ны өдрийн 30г/3984 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Нөхөр С.Энхтайваны зан харьцааны доголдолтой байдал, хүчирхийлэл үйлдсэн байдал нь эхнэр Б.Болормаагийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй, эдгээр нөхцөл байдал нь насанд хүрээгүй хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, ноцтой хохирол учирч болзошгүй байх тул гэрлэгчийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ охин Э.Энхжаргалын ээжтэйгээ амьдарна гэсэн санал, бага насны хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл, эх Б.Болормаагийн хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх зан байдал, ёс суртахуун, эхийн халамж зэргийг харгалзан түүний асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж эцэг С.Энхтайванаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.4, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б-ын Б, С-ийн Э нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 4 дүгээр сарын 20-нд төрсөн охин Э.Э, 2013 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн охин Э.Э, 2015 оны 5 дугаар сарын 31-нд төрсөн охин Э.М нарыг эх Б.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Э.Э, Э.Э, Э.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг С.Э-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Э-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА