Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 0222

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: Э.Оюунтунгалаг

шүүгдэгчийн    өмгөөлөгч: Д.Ганчимэг

шүүгдэгч: Б.Шинжээхүү  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хонгор  овогт Баасандашийн Шинжээхүүд  холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн 201625013301 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хонгор  овогт Баасандашийн Шинжээхүү, 1958  оны 4 дүгээр сарын 28-ны  өдөр  Баянхонгор  аймгийн Баацагаан суманд     төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд   боловсролтой, гагнуурчин  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул   дүүргийн 16 дугаар хороо Бурхантын 2 дугаар гудамжны 27   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй,  РД :ВЭ58042679,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Шинжээхүү нь 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 2а-255 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Баяраатай маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч Б.Шинжээхүү    шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг, тайлбар өгөхгүй. Хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

          Шүүгдэгч Б.Шинжээхүү хэрэг бүртгэлтэд  мэдүүлэхдээ: 2016 оны 09-р сарын 03-ны өдөр ажил цугласан. 10 цаг өнгөрч байхад Баяраа орж ирээд өнөөдөр хашаагаа хийх үү гэхээр нь за тэгье гэж хэлсэн. Урд өдрийн авсан материалаар хаалга хийгээд дуусч байсан. Би тухайн мөнгийг Баяраатай тохироогүй байсан. Тухайн хаалгыг өөр үнэтэй ш дээ хө 300.000 төгрөг орчим болно гэж хэлсэн. Тэр үед Баяраа уурлаад чи энд байх ёсгүй энэ хашаанаас гар дурака пизда минь гэж орилсон. Хамт ажил хийж байсан хүргэн Энхдалай болон туслах ажилтанг боль зайл гэж хэлсэн. Намайг 2-3 удаа түлхсэн би унах шахсан. Надаас Баяраа өөрөө холдсон. Эргэж ирээд миний баруун мөрлүү нудараад гар зайл гэж хэлсэн. Машинлуугаа алхах үед намайг цохиод авсан. Би зөрүүлээд цохьсон чинь зүүн хацрынх нь доор оноод халцалсан. Манаач нь Баярааг барьж авсан. Намайг Баяраа чамайг алчихна шүү бүх цагдаа сэргийлэхийн хүмүүсийг бүгдийг нь танина шүү гэж хэлээд газраас чулуу бариад авсан. Баяраа чи өөрөө анх эр хүн зодолдоно гэчээд мод чулуу бариад гэж хэлсэн. Хүргэн Энхдалай очиж чулууг нь тавиулсан. Манаач нь Баярааг цааш нь хөтлөөд яваад эргэж ирээд миний хоёр гуя руу өшиглөөд байсан. Хөлийн шилбэ хоёр гуя руу, би барахаа байхаар нь хойшоогоо ухраад манаачийн путекний урд очсон байсан. Үүдээр гарах санаатай байсан. Над руу Баяраа дайраад баруун хацар дээр цохиод баруун хацар урчихсан. Дахиж намайг цохиод хамар халцарсан. Манаач бас аваад цаашаагаа явсан. Ахиад над руу дайрхаар нь хүргэн барьж авсан боловч алдсан. Бид хоёр барилцаад авахад цамц урагдсан. Арай гэж салаад ухараад гарах гэж явах үед миний хөлөнд сүх тээгэлсэн. Хоёр гуяны дотор талд тухайн үед их өвдөж байсан. Миний араас гүйж ирэх үед 4-5 метрийн зайтай байхад айлгах зорилгоор шидсэн. Сүх газар ойгоод Баяраагийн баруун талын хөлний дотор талд нь цохисон гэжээ. /хх 26-29-р тал/

          Хохирогч Г.Баяраа хэрэг бүртгэлтэд   мэдүүлэхдээ:  2016 оны 09-р сарын 03-ны өдөр би БЗД-н 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цайзын  2а-255 тоот хашаандаа 13 цагийн орчим очсон. Би Шинжээхүү ахаар сараалжсан хашаа төмөрөөр гагнуулж хийлгэж байсан. 3 хоногийн өмнө ажлын тоо хэмжээ, хөлсийг тохирсон байсан. Урьдчилгаа 500.000 төгрөгийг Шинжээхүү ахад өгсөн байсан. Тухайн үед Шинжээхүүтэй уулзахад би ажлын хөлсөө нэмэмээр байна гэхээр нь би 3 хоногийн өмнө тохирсон ажлын хөлсийг чинь нэмэхгүй ээ та тохирсон хөлсөөрөө ажлаа хийхгүй бол зогсоо болье гэж хэлэхэд Шинжээхүү уурлаад хашгичаад л хэл амаар доромжилоод байхаар нь манай хашаанаас гар яв гэж хэлэхэд над руу чарлаж гүйж ирээд миний зүүн нүд рүү баруун гараараа цохисон. Шинжээхүү ахын хүргэн гэх залуу намайг ирж тэвэрсэн. Миний цамцыг заамдаж татсан зөрүүлээд заамдсан. Одоо боль яв гэж хэлэхэд над руу улаараад дайраад байсан. Манай харуул Мижиддорж ирж Шинжээхүү ахыг боль одоо яв гэж хэлсэн. Шинжээхүү тэр үед их уурлаад би одоо байшинг чинь галдан шатаана гээд орилоод чарлаад байсан. Шинжээхүү ах ардаа байсан сүх шүүрч аваад надруу далайсан тэр үед хэрэг бишдэлээ гэж бодоод ухарч алхаж холдсон. Сүхээ шидсэн миний баруун хөлний өсгийн дотор талд цохиж гэмтээсэн. Их өвдсөн хөлөө бариад газар унахад цус гарч байсан оногдсон газар ярагдсан байсан. Би тэр үед 102 дуудлага өгсөн цагдаа удалгүй ирсэн. Тухайн үед бас эхнэрээ дуудсан. Цагдаа ирээд Шинжээхүүг аваад явсан эхнэр ирэхэд би эмнэлэг хүргүүлсэн. Хөлөндөө би 5 оёдол тавиулсан. Цагдаа дээр ирж өргөдлөө өгчөөд шүүх эмнэлэгт үзүүлчээд харьсан. Гэртээ хоёр долоо хоног эмчлүүлсэн эмнэлэгт өдөр болгон боолт хийлгэсэн гэжээ. /хх 14-16-р тал/

         Г.Баяраа,Б.Шинжээхүү нараас асууж авсан тайлбарууд /хх-н 6-8/

         Гэрч Д.Мижиддорж  хэрэг  бүртгэлтэд мэдүүлэхдээ: Тухайн өдөр цайз дах хашаанд харуулаар ажиллаж байсан. 13 цагийн үед захирал Баяраа, гагнуурын ажил хийж байсан Шинжээхүү гэх залуутай маргалдаад байсан. Би харуулын пост руу орчоод гараад ирэхэд тэр хоёр барьцалдаад зогсож байсан. Шинжээхүүгийн хүргэн гэх залуу тэр хоёрыг салгасан. Тэр хоёр маргалдаж байгаад дахиад барилцаад авсан. Би очиж салгасан Шинжээхүүг цааш түлхэж холдуулсан. Зайтай болонгуут би Шинжээхүүг орхиод явсан. Захирал Баяраа складны үүдэн дээр хураасан байсан цаасан дээр суусан байсан. Шинжээхүү намайг сүхдчихлээ гэсэн. Очоод харахад зүүн хөлний өсгий хэсэгт шүдэнзний хайрцагны хэмжээтэй гэмээр зүсэгдэж цус гарч байсан. Захирал өөрөө утсаараа цагдаа дуудаж байсан. Намайг гар цагдаа тос гэж хэлээд явуулсан гэжээ. /хх-н 17-18/

         Гэрч Д.Энхдалай хэрэг бүртгэлтэд д мэдүүлэхдээ:  Тухайн өдөр өглөө цайз захын ард талын ард байдаг Баяраа гэх хүний склад байдаг хашаанд очсон. Дүү Оргилболдын хамт ажилаа эхлүүлээд хадам аав Шинжээхүү 20-30 минутын дараа ирсэн. Тэгээд ажилаа хийгээд байж байхад Баяраа ирсэн. Баяраа ах хашааны хаалга хийх материал урд өдөр авчруулсан байхаар нь хийх юм байх гээд гагнууруудыг эхлүүлж байсан. Баяраа ахтай хадам Шинжээхүү уулзсан. Тохирсон 1.200.000 төгрөгнийхөө ажлыг хийчлээ хашааны хаалган дээр үнэ тохироё гээд ярьсан. Гэнэт Баяраа ах сонсонгуутаа солиор энэ мөнгөндөө багтаагаад бүгдийг нь хийвэл хий хийхгүй бол зайлцгаа гэж хэлсэн. Тэр үед аав чи юу гээд байгаа юм гээд тэр хоёр барилцаад авсан. Би очиж голоор нь тэр хоёрыг салгасан. Хоёулангийнх нь нүүрэн дээр хальт улаасан байсан. Яг яаж зодолдсонг хараагүй тэгээд цаанаас харуул ах гүйж ирсэн. Манай хадам аавыг харуул аваад явсан. Харуулын байрны тийшээ авч явж байсан. Би Баяраа ахыг бариад зогссон. Тэр хоёр хэрэлдээд байсан. Больцгоо гэж хэлээд Баяраа ахыг машиных нь тэнд аваачиж орхичоод хийж байгаа ажил руугаа явсан. Баяраа чулуу аваад гүйх шиг болсон. Араас нь очоод чулууг нь хаяулаад Баяраа ахын хажууд зогсож байгаад буцаад хийж байсан ажил дээрээ очсон. Тэр хоёр маргалдаад байсан. Дүү Оргилболд ах тэрийг хардаа гэхэд нь эргээд харахад Баяраа над руу сүх шидчихлээ гэж орилсон. Яваад очсон чинь зайтай зогсож байсан. Баяраа ах дээр яваад очиход баруун хөлнийх нь доод өсгийн дээрээс зүсэгдсэн шарх үүссэн байсан. Тэгээд цагдаа дуудсан гэжээ. /хх-н 19-20/        

         Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 21/

         4. Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №12312. ШШҮХ-ийн Шүүх эмнэлэгийн Шинжээч эмч Ц.Бадралын гаргасан дүгнэлт:

          1.Шинжээхүүгийн биед хамрын нуруу, баруун хацарт зулгарал үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх 21-24-р тал/

         Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 23/

         Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  12317 тоот шинжээчийн дүгнэлт:      

1.Г.Баяраагийн биед баруун тавхай зүсэгдсэн шарх зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний алмины салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь эр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад залгаралт, цус хуралт гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй / хх-н 24/

         Б.Шинжээхүүг Ц.Жаргалсүрэн, Д.Энхдалай нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол / хх-н 25/         

          Б.Шинжээхүүг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 26-35/,

Б.Шинжээхүүгийн    иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 37 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэлэдлэж байгаагүйг тодорхойлсон байна/ хх-н 36/, зэрэг болно.

Б.Шинжээхүү нь 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 2а- 255 тоотод Г.Баяраатай хамтарч ажил хийж байхдаа  цалин хөлсний асуудлаас болж маргалдсаны улмаас уурлаж Г.Баярааг айлгах зорилгоор сүх шидэж түүний баруун хөлийн тавхайг оносоноос  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Б.Шинжээхүүд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүх хуралдаанаас өмнө хохирогч Г.Баяраа нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Б.Шинжээхүүд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан  шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөж болно гэсэн үндэслэлээр Б.Шинжээхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. Б.Шинжээхүү  нь  урьд ял шийтгэгдэж байгаагүй нь  хх-н 36-рт авагдсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

     Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Шинжээхүү  нь  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдах нь зүйтэй

   Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй байна.

    

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хонгор овогт Баасандашийн Шинжээхүүг  бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Б.Шинжээхүүд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Б.Шинжээхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Шинжээхүү  нь  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

5.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Шинжээхүүд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН