Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ганчимэг,

хохирогч О.П-,

шүүгдэгч Д.Сын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 912 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаартай эсэргүүцэл, хохирогч О.П-гийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Сд холбогдох 1808012190995 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Доржсүрэнгийн С, 1973 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 14 дүгээр байрны 27 тоот оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамжны 403 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧГ73022419/;

 

Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 14 дүгээр байрны 27 тоотод буюу гэртээ эхнэр О.П-тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.С урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 912 дугаартай цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Цагаатгах тогтоолд заагдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тогтоолд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт дурдаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг тус тус зөрчсөн байна. Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 14-27 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр О.П-тай маргалдаж, улмаар түүний баруун гарын долоовор хуруу, зүүн шуу, гуяны цус хуралт гэмтлүүдийг хаалганд хурууг нь хавчих, чимхэх, өшиглөх, цохих зэрэг үйлдлүүдээр учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

хохирогч О.П-гийн "...2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон 14-27 тоотод өглөөний 04 цагийн орчим унтаж байхад С тамхи татаад, утаагаа миний нүүр лүү үлээхээр нь “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд орноосоо бостол тэрээр “архи дуусчихлаа, чи архи авч өг” гэхээр нь “шөнө дунд болчихсон байхад яаж архинд явдаг юм” гэсэн чинь хиймэл эрэгтэй бэлэг эрхтэн гаргаж ирээд намайг бэлэг эрхтэн рүүгээ хий гэхээр нь “үгүй, энэ гаж үйлдэл хийхгүй” гэсэн чинь гараараа миний толгой руу 2 удаа цохиж “муу гичий, янхан, банзал, өрлөж ална” гэж хашгирч, хөл гар руу гараараа чимхэж базаж, хэвлий рүү өшиглөж, зүүн мөрлүү цохиж зодсон. Миний баруун гарын долоовор хурууг гэрээс зугтаах гэж гартал гадна талын бүргэд хаалганд хавчиж гэмтээсэн" гэсэн мэдүүлэг /хх 40-43-р хуудас/, гэрч О.Нансалмаагийн "...Тухайн үед би хамт байгаагүй, ...намайг гэртээ байж байхад манай дүү болох П- надруу залгаад орилоод, уйлаад “гэрт хүрээд ир, С зодоод байна” гэж хэлсэн. Би гэрээсээ ганцаараа гарч такси бариад П-гийн гэрийн гадаа очиход гадаа нь цагдаагийн алаг тэрэг ирчихсэн байсан. П- руу залгаад ирчихлээ гэж хэлтэл П- орцноос дээгүүрээ левчиктэй, оймсгүй тавчик өмсчихсөн гарч ирсэн. Би куртикээ өмсүүлээд юу болсон талаар тодруултал гэр бүлийн асуудлаас болж маргалдаад үснээс зулгааж өшиглөж, бас хуруугаа тулгачихлаа, ...хаалганаас гараараа барихад С хаалгыг нь савж гарыг нь хавччихсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, насанд хүрээгүй гэрч С.Алтантулгын "...хэвтэж байсан чинь гэнэт ээж цээж нүцгэн, дан гуталтай гэрээс гарсан. Аав ардаас нь гарч ирээд гэрийн үүдэнд хаалганаас нь зуурчихсан харагдсан. Би босоод гэрийн хаалга руу дөхөж очтол аав С хаалгаар гараад явчихсан. ...Аав буцаж орж ирээд намайг албаар цагдаад барьж өгөх гээд байна гэж хэлээд хувцасаа өмсөөд мөнгөн аяга аваад гараад явсан. Тэрнээс хойш гэрт орж ирээгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2451 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...О.П-гийн биед баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Хэрэгт авагдсан дээрх хохирогч О.П-гийн: "...Миний баруун гарын долоовор хурууг гэрээс зугтаах гэж гартал гадна талын бүргэд хаалганд хавчиж гэмтээсэн" гэсэн мэдүүлэг, гэрч О.Нансалмаагийн "...хаалганаас гараараа барихад С хаалгыг нь савж гарыг нь хавччихсан гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Алтантулгын: "...Аав ардаас нь гарч ирээд гэрийн үүдэнд хаалганаас нь зуурчихсан харагдсан. Би босоод гэрийн хаалга руу дөхөж очтол аав гараад явчихсан" гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2451 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: "...хэсэг газрын үзлэгээр баруун гарын долоовор хурууны үзүүр хэсэг нь эмзэглэлтэй, дотор хэсэгт ногоон идээ татсан, эмзэглэл ихтэй, зүүн шууны гадна дээд, дунд хэсэгт 1x1 см хэмжээтэй бүдэг бор хүрэн өнгийн цус хуралттай, зүүн гуяны дотор, дунд хэсэгт 3x3 см, 2x2.5 см, 1x1 см, 2.5x0.8 см бүдэг бор хүрэн өнгийн цус хуралтуудтай гэж дурдаад О.П-гийн биед баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг магадлалгүйгээр, хэргийн бодит байдлыг үнэлэлгүйгээр шүүгдэгчид ашигтай байдлаар гэж хийсвэр дүгнэлт хийж, таамаглалд үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримт байхгүй бөгөөд яллагдагч Д.Сын шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч О.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Д.Сд холбогдох хэрэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд шүүх хуралдаанд хохирогч О.П-, насанд хүрээгүй гэрч С.Алтантулга нарыг оролцуулан шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн талаар тодруулах боломжтой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Д.Сын гэм бурууг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 912 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогч О.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д.Стай 2000 онд гэр бүл болсон. Гэр бүл болсон цагаасаа л байнгын дарамт, хардалт, хүчирхийлэлд өртөж байсан. 2018 оны 2 дугаар сарын 5-ны шөнө зодсон асуудалд өргөдөл гаргаж, хэрэг үүсгэн шалгуулсан ба шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Сыг цагаатгасныг  хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, энэ хүн олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр надад гэмтэл учруулсныг миний эгч О.Нансалмаа, хүү С.Алтантулга нар минь гэрчилсэн мэдүүлгүүд байсаар байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тэрээр согтуугаар, хиймэл эрэгтэй бэлэг эрхтэн хийхийг шаардаж, үүнийг нь эсэргүүцэхээр зодож, гэрээс гарч зугтаах гэхэд хаалганд хуруу хавчиж хөнгөн гэмтэл учруулсан. Аргагүй эрхэнд эгчийгээ дуудаж, дээгүүрээ нүцгэн, доогуураа тавчиктай гэрээс гарч зугтсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Сын хийсэн үйлдэл, гэмт хэрэгт тохирсон ялыг оноож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Сын өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Насанд хүрээгүй гэрч С.Алтантулгын мэдүүлэгт тухайн өдөр хохирогч О.П-, шүүгдэгч Д.С болон О.Нансалмаа нар архи уугаад О.Нансалмаа эгчийг явсны дараа ээж, аав хоёр хэрэлдээд ээжийг гарч явахад аав араас нь гараад буцаж орж ирсэн гэдэг. Хохирогч О.П-г зодож, цохисон асуудлыг ярьдаггүй. Мөн хохирогч О.П- эхлээд гомдолтой гэх мэдүүлэг өгч, дараа нь “гомдолгүй” гэдэг. Тэрээр яагаад гомдолтой, гомдолгүй гэж хэлснийг шалгахад шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн маргаантай байгаа, хохирогч О.П- “гэрлэлтээ цуцлуулбал гомдолгүй гэж хэлнэ” гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдааны товыг хохирогч О.П-д мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй. Аюулгүйн зэргийн үнэлгээ хэрэгт авагдсан байгаа ч нотлох баримтын шаардлага хангахгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Аюулгүйн зэргийн үнэлгээг гаргахад хүчирхийлэл үйлдэгч, хорооны цагдаа зэрэг хүмүүсийг байцуулан гаргадаг. Гэтэл ганцхан хохирогч О.П-г байцуулж дүгнэлтийг гаргасан. Хавтас хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Сыг цагаатгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

 Д.Сыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 14 дүгээр байрны 27 тоотод буюу гэртээ эхнэр О.П-тай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Сд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид  ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүхийн дүгнэлтэд  ач холбогдолтой байж болох яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж чадаагүй байна.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг болно.

 

2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 14 дүгээр байрны 27 тоотод буюу гэртээ Д.С нь согтуугаар эхнэр О.П-гийн нүүрлүү тамхины утаагаар үлээх, архи дуусчихлаа, чи архи авч өг, мөн хиймэл эрэгтэй бэлэг эрхтэн бэлэг эрхтэнлүүгээ хийхийг шаардах зэргээр зүй бус авирлан, үүнээс үүдэн хоорондоо маргалдаж, улмаар эхнэр О.П-гийн хөл, гар луу цохиж, гарах гэж гүйхэд хаалганд гарыг нь хавчин зүүн шуу, гуяны цус хуралт, баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан байдал хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад тусгагджээ.

 

Хохирогч О.П-гийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 5-ны өглөөний 04 цагийн орчим намайг унтаж байхад С тамхи татаад утаагаа миний нүүр лүү үлээхээр нь "чи яаж байгаа юм бэ" гэж хэлээд орноосоо бостол "архи дуусчихлаа, чи архи авч өг" гэхээр нь "шөнө дунд болчихсон байхад яаж архинд явдаг юм" гэсэн чинь С хиймэл эрэгтэй бэлэг эрхтэн гаргаж ирээд намайг бэлэг эрхтэн рүүгээ хий гэхээр нь” үгүй, энэ гаж үйлдэл хийхгүй” гэсэн чинь гараараа миний толгой руу хоёр удаа цохиж "муу гичий, янхан, банзал өрлөж ална" гэж хашгирч хөл, гар руу гараараа чимхэж, базаж хэвлий рүү өшиглөж, зүүн мөр лүү цохиж зодсон. Миний баруун гарын долоовор хурууг гэрээс гарч зугтаах үед гадна талын бүргэд хаалганд хавчиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 40-43/,

хохирогч О.П-гийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн “...Би Д.Сд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Д.С бид хоёр иргэний шүүхэд гэр бүлээ цуцлуулах  нэхэмжлэл гаргасан байгаа тул Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэмээргүй байна. ...Миний баруун гарын долоовор хурууг би өөрөө бүргэд хаалганд цохичихсон юм. Зүүн гарын шуу, зүүн гуяны дотор талын цус хуралтыг С учруулаагүй. Би ажил дээрээ 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гурил, будаа, тос зөөж байгаад ширээний өнцөгт цохиж гэмтээсэн. Ажлын лангууны 3 эгнээнээс тос авах гэж байгаад нурааж, зүүн гарны шуу дээр унасан. ...Тухайн үед хэрүүл маргаан хийгээд С уур хүргээд, тийм мэдүүлэг өгчихсөн юм. ...Тэр өдөр С архи уучихаад шөнөжин агсам тавьж, өглөө намайг архинд яв гэж дарамталсан. Мөн хиймэл бэлэг эрхтэн гаргаж ирчихээд бариад өрөөндөө яваад байхаар нь чи наадхаараа яах гээд байгаа юм, далд хийгээч гээд маргалдсан. Би захиргааны арга хэмжээ авахуулах гэж цагдаад хандсан чинь ийм юм болчихоод байна. ...” гэх мэдүүлэг /хх 44-45/,

хохирогч О.П-гийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Миний анх өгсөн мэдүүлэг үнэн, би дахин мэдүүлэг өгөхдөө  Саас салахын тулд зодож цохиогүй гэж мэдүүлсэн. Учир нь, иргэний шүүхэд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан байгаа, С намайг цагдаад гомдолгүй гэж хэлбэл салах өргөдөл дээр гарын үсэг зурна гэж хэлсэн учраас тийм мэдүүлэг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 46 тал/,

гэрч О.Нансалмаагийн “...намайг гэртээ байж байхад манай дүү болох П- надруу залгаад орилоод уйлаад “гэрт хүрээд ир, С зодоод байна” гэж хэлсэн. Би такси бариад П-гийн гэрийн гадаа очиход цагдаагийн алаг тэрэг ирчихсэн байсан бөгөөд би П- руу залгаад ирчихлээ гэж хэлэхэд П- орцноос дээгүүрээ левчиктэй, оймсгүй тавчик өмсчихсөн гарч ирсэн. Би куртикээ өмсүүлээд юу болсон талаар асуухад гэр бүлийн асуудлаас болж маргалдаад, тэгээд үснээс зулгааж, өшиглөж, бас хуруугаа тулгачихлаа, хаалганаас гараараа барихад С хаалга савж гарыг нь хавччихсан гэж хэлсэн. …” гэх мэдүүлэг /хх 47/,

насанд хүрээгүй гэрч С.Алтантулгын “... ээж гэнэт жижиг өрөөнөөс гараад цээж нүцгэн дан гуталтай гэрээс гарсан. Аав ардаас нь гарч ирээд гэрийн үүдэнд хаалганаас нь зуурчихсан харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 51-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2451 дугаартай “...О.П-гийн биед баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 54/ зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт авагджээ.

 

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг хохирогч О.П-гийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч С.Алтантулгын мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байх бөгөөд  О.П-гийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүйн зэрэгцээ тэрээр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Миний анх өгсөн мэдүүлэг үнэн, би дахин мэдүүлэг өгөхдөө  Саас салахын тулд зодож, цохиогүй гэж мэдүүлсэн, учир нь иргэний шүүхэд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд С намайг цагдаад гомдолгүй гэж хэлбэл салах өргөдөл дээр гарын үсэг зурна гэж хэлсэн учраас тийм мэдүүлэг өгсөн. ...” гэж өмнө өгсөн мэдүүлгээ өөрчлөх болсон шалтгаанаа мэдүүлжээ.

 

Гэрч О.Нансалмаа, С.Алтантулга, хохирогч О.П- нарын мэдүүлэг болон “...О.П-гийн биед баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдсон...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт, үндэслэлийг цагаатгах тогтоолдоо тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд хохирогч О.П-гийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Д.Ганчимэгийн бичсэн прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Д.Сд холбогдох хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 912 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.Сд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН