Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0122

 

      2021 оны     02 сарын 09 өдөр                                     128/ШШ2021/0122      

              

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Хариуцагч: ТУБ О.Ө

            Нэхэмжлэлийн шаардлага: ““Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай, “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт 30 000 000 /гучин сая/ төгрөгийг  татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай, “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт 10 000 000 /арван сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж О.О, С.С, өмгөөлөгч Д.Х, хариуцагч Нийслэлийн татварын газрын улсын байцаагч О.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Н нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “... ““Н” ХХК нь 2008 оноос эхлэн Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжаа, санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, цахим төлбөр тооцооны чиглэлээр, “Н” ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа, “Н” ХХК нь тээврийн хэрэгслийн түрээсийн болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлж, салбартаа тэргүүлэх чиглэлийн санхүүгийн шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж ирсэн билээ.

Дээрх үйл ажиллагаа нь гагцхүү эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн явагдаж ирсэн бөгөөд зээлийн бүтээгдэхүүний нэг төрөл автомашин барьцаалан иргэн. хуулийн этгээдэд зээлийн үйлчилгээ үзүүлэх шинэ бүтэгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрүүлжээ. Нэг талаас дээрх төрлийн үйлчилгээ нь зах зээлд нэвтрээд хүмүүсийн амьдралд нэгэнт хэвшсэн мэддэг санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ болсон боловч автомашин барьцаалж зээл олгоход гарах хууль зүйн үр дагавар эрсдэлийг урьдчилан харж тооцсоны дагуу хүчин төгөлдөр, дагаж мөрдөж байгаа хуулийн хүрээнд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан Фидуцийн гэрээг ашиглан зээлдэгчтэй тохиролцон гэрээнд заасан нөхцөлөөр зээлийн харилцаа дуусах хүртэл хугацаанд зээлдүүлэгчийн нэр рүү шилжүүлж, зээлээ төлж дууссаны дараа өмчлөгч рүү нь шилжүүлдэг журамтай юм.

Зээлдэгчийн автомашиныг зээлдүүлэгчийн нэр рүү шилжүүлж буй үйлдэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.6-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” заасан агуулгаар хийгдэж ирсэн бөгөөд нотолгоо нь ийм төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ дуусгавар болсны дараа иргэн, хуулийн этгээдийн нэг ч автомашин бидний өмчлөлд шилжиж ирсэн тохиолдол баахгүй болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тодруулбал дээрх үйлдэл нь хууль зүйн утга агуулгаараа үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохоос зээлдэгчийн автомашиныг худалдан авч байгаа үйлдэл биш гэдгийг шүүх анхаарна уу.

Нийслэлийн татварын газраас Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар, авто зам ашигласны татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансыг битүүмжилж улмаар данснаас мөнгө татан авахдаа Татварын ерөнхий хуулийн /2008 он/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулах” гэж заасныг шууд удирдлага болгон 3 удаагийн үйлдлээр 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг татсан үйлдэл нь хууль буруу хэрэглэн, Иргэний хуульд заасан гэрээний төрлийг буруу тайлбарлан дээр нэр дурдсан манай компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндэслэл болж байна.

Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд "МОНГОЛ Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж зааснаас үзвэл татвар ногдуулсан автомашинуудыг эзэмшиж ашиглаж байгаа этгээдүүд нь зээлдэгч нар өөрсдөө болохоос зээлдүүлэгч нь биш юм.

Өөрөөр хэлбэл энэ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн данснаас шууд хасалт хийх үндэслэл, удирдлага болгосон хуулийн холбогдох зүйл заалтын үзэл санаанд нийцэхгүй байна.

Түүнчлэн татварын байгууллагын дээрх үйлдэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” тухай үндсэн зарчмыг зөрчсөн байх бөгөөд төрийн байгууллага эрх мэдлээ ашиглан давуу байдлыг тогтоон иргэний сайн дурын үндсэн дээр зээлдүүлэгчтэй тохиролцон өөрийн өмчийг иргэний гүйлгээнд оруулж буй хууль ёсны харилцааг өөрийн үзэмжээр дүгнэж, Иргэний хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалт, зарчмуудыг шууд зөрчсөнд гомдолтой байна.

Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "Н" ХХК-д 353510031 дугаар мэдэгдэх хуудас, "Н” ХХК- л 353510032 дугаар мэдэгдэх хуудас, “Н” ХХК-д 353510033 дугаар мэдэгдэх хуудсыг 2019 оны 12 дугаар сарын ...-ны өдөр ирүүлсэн тул нэхэмжлэгч тус бүр мэдэгдэлтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Татварын ажлын хэсэгт хүсэлтүүдийг хүргүүлсэн болохыг нэхэмжлэлд хавсаргав.

Гэвч Нийслэлийн татварын газар нь бидний гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 19 өдөр “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 60 000 000 /жаран сая. төгрөгийг, “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 30 000 000 /гучин сая/ төгрөгийг, “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 10 000 000 /арван сая/ төгрөгийг хураан авснаараа Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Бидний зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйл, 94 дүгээр зүйл Татварын ерөнхий хуулийн 72 дугаар 72.1.2-т заасны дагуу "Н” ХХК 2019 оны 12 дугаар сарын 31 -ны өдрийн NС-02/25188 “Н” ХХК NТ-02/261, "Н” ХХК мөн өдрийн NL-069/2019 тоот албан бичгээр тус бүр Татварын ерөнхий газрын дарга Б.З*******д хандаж гомдол гаргасныг Татварын ерөнхий газар хүлээн авч хянаад 2020 оны 01 дүгээр сарын 13 нь өдрийн 10/98 дугаар албан бичгээр “...Нийслэлийн татварын газраас, хуулийн хугацаанд төлөөгүй авто болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварын өрийг Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна” гэж зааснаар үл маргах журмын дагуу хураан барагдуулсан ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна...” гэсэн хариуг өгсөн тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хангасан гэж үзээд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж “Н' ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг хураан авсан шийдвэр, “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 30 000 000 /гучин сая/ төгрөгийг хураан авсан шийдвэр, “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 10 000 000 /арван сая төгрөгийг хураан авсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхэд “Н” ХХК, “Н"ХХК, “Н” ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна.

Монгол Улсын Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байх, улмаар 6 дугаар зүйлийн 6.1-д улсын бүртгэлд байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна гэж заасан байна.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь, хэсэг, Монгол Улсын Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл, “Авто тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэг талаас Зам тээврийн хөгжлийн яам нөгөө талаас Татварын ерөнхий газар хооронд “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” хийгдсэн бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар Зам тээврийн хөгжлийн /харьяа байгууллага Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ/-аас ирүүлсэн авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэн албан татвар, төлбөр ногдуулдаг болно.

Нэхэмжлэл гаргасан байгууллага нь эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэн тул Монгол Улсын Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгч болж байна. Иймд апбан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байдаг.

Татварын алба хуулийн хугацаанд төлөөгүй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураахаар Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д тус тус заасан татварын өр хураах ажиллагааг хэрэгжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭЛ:

            Нэхэмжлэгч компаниуд нь

            1. “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай, 

            2. “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт 30 000 000 /гучин сая/ төгрөгийг  татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай,

            3. “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт 10 000 000 /арван сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

            Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгч “Н” ХХК, “Н” ХХК, “Н” ХХК компаниуд нь тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нэхэмжлэгч компаниуд өмчлөгчөөр бичигдсэн байна.

Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 1-д “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж заасан байна.

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна:”, 4.1.4-д “автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч” гэж хуульчилсан байна.

Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ”, 61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна”, 54.1.6-д “мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварыг төлөх шаардлага”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна”, 62.1.1-д “үл маргах журмаар гаргуулах”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа,шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна” гэж тус тус заасан байна.

Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг эрхэлдэг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас ирүүлсэн мэдээлэл буюу Татварын ерөнхий газрын нэгдсэн системийн тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчийн мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгч компаниудын банкны данснаас татварын өрийг үл маргах журмаар хураан авсан хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Учир нь Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлд заасан ... автотээврийн хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна гэж заасан зохицуулалтыг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд гэж ойлгож хэрэглэх нь Захиргааны ерөнхий хуулийн бодит байдлын буюу бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Мөн дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч компаниудын банкны данснаас татварын өрийг үл маргах журмаар хураан авсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-үүдийн 5.1.10-д хэрэв зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмнөөс .... тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар, зам ашиглалтын татвар зэрэг тээврийн хэрэгслийн татварыг төлсөн тохиолдолд дараах арга хэмжээг авна. Үүнд: 5.1.10.1-д төлсөн төлбөрийг зээлдэгчээр хоёр дахин нугалж төлүүлнэ, 5.1.10.2-т зээлдэгчийн эргэн төлөлтөөс тэргүүн ээлжинд 5.1.9-д заасан төлбөрийг суутгаж авна... гэж заасан байна.

Дээрх гэрээнээс үзэхэд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг зээлдэгч, зээлдүүлэгчийн хэн нь төлөхийг тодорхой зохицуулсан байх ба зээлдүүлэгч нь тус татварыг төлсөн тохиолдолд зээлдэгчээр төлүүлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хэн төлөх асуудлыг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулсан, зохицуулах боломжтой, уг асуудал нь гэрээний талуудын тохиролцооны асуудал буюу нэхэмжлэгч компаниудын өөрсдийн дотоод зохион байгуулалтын асуудал байх тул нэхэмжлэгч компаниудын дотоод асуудлын улмаас хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын цахим бүртгэлийн системд буюу бүртгэлийн программд өмчлөгчөөр зээлдүүлэгч “Н” ХХК, Н ХХК, Н” ХХК-иуд бүртгэгдсэн, эзэмшигчээр зээлдэгч иргэд бүртгэлтэй байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байх тул эзэмшигч иргэдээр татварыг төлүүлэх ёстой гэсэн агуулгаар маргаж байх хэдий ч бүртгэлийн программд өмчлөгч, эзэмшигч хэрхэн харагдах, тусгагдах, бүртгэгдэх нь хэлбэрийн буюу техникийн шинжтэй асуудал тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Нийслэлийн татварын газрын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэх хуудсуудаар нэхэмжлэгч компаниудад  татварын өр төлөхийг мэдэгдсэн байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;” гэж заасан ба татвар хураах, төлүүлэх асуудал нь улсын төсвийг бүрдүүлэхтэй холбоотой, нийтийн ашиг сонирхолд нөлөөлөхөөр асуудал тул татварын өрийг үл маргах журмаар хураан авсан хариуцагчийн үйлдэл нь сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарч байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

            Энд тэмдэглэхэд, нэхэмжлэгч компаниуд нь анх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба  2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүссэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2020/5008 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал 2 дахь удаагаа шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.

            Улмаар нэхэмжлэгч компаниуд дахин нэхэмжлэл гаргаснаар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дахин захиргааны хэрэг үүссэн болно.

            Дээрхээс үзэхэд тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 360 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд нэхэмжлэгч компаниудаас шалтгаалж шүүх хуралдаан олон удаа хойшилсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс эхлэн шүүх нэхэмжлэгч талд эрх, үүргийг тайлбарлан өгч, эрхээ /өмгөөлөгч авах, солих зэрэг/ эдлэх боломжоор хангасаар ирсэн.

            Шүүх хуралдаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хүсэлт гаргах процессын үе шат дууссаны дараа нэхэмжлэгч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан нэхэмжлэгч компаниудын гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамга бүхий хүсэлтийг гаргасан ба энэ хүсэлт нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэг, дараалалд нийцэхгүй байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

            Учир нь нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 360 гаруй хоногийн хугацаанд болон шүүх хуралдааны хүсэлтийн үе шатанд дээрх хүсэлтээ гаргах боломжтой байсан.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах, “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт 30 000 000 /гучин сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах, “Н” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт 10 000 000 /арван сая/ төгрөгийг татсан хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “Н” ХХК, “Н” ХХК, “Н” ХХК-уудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК, “Н” ХХК, “Н” ХХК-ууд тус бүрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ