Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2024/0147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“НЕ” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч НЕ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.К

Нэхэмжлэгч: “НЕ” ХХК

Хариуцагч: Сангийн сайд

Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр 13-ны өдрийн 180 дугаар тушаалын хавсралтын “НЕ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 981 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, өмгөөлөгч С.Н, С.А

Хариуцагч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0819/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч НЕ” ХХК-иас хариуцагч Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр 13-ны өдрийн 180 дугаар тушаалын хавсралтын “НЕ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 981 дүгээр шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “НЕ” ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б  нарт холбогдуулан гаргасан Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаалын хавсралтын “НЕ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч НЕ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.К дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Б  нь Улсын ерөнхий байцаагчийн хяналт, шалгалтын удирдамжийн дагуу иргэн Х.С тай 2015 онд худалдаа үйлчилгээний барилгын ажлын гэрээ хийж, уг гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан. Улсын комиссын актад аймгийн Онцгой байдлын газрын байцаагч Х.С гийн гарын үсгийг хуурамчаар зурсан, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан машин механизм түрээслэх гэрээг байгуулахдаа түрээслэгч Х.Иса гийн гарын үсгийг тус компанийн инженер Б.Н зурж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх асуудлаар хяналт, шалгалт явуулж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/41 дугаартай дүгнэлтээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй” гэж шийдвэрлэсэн байдаг ба энэ дүгнэлт нь хуулийн хүчин төгөлдөр байна. Уг дүгнэлт бүхий захиргааны актыг гаргахдаа улсын байцаагч Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж заасны дагуу дүгнэлтийн үндэслэл, үнэн зөвийг хариуцаж ажилласан байна. Түүнчлэн уг асуудлыг анх хөндөж тавьсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Х ын зүгээс тус дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй.

 

3.2. Гэтэл Сангийн яамны худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Б  нь Улсын ерөнхий байцаагчид саналаа гарган 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж”-ийг дахин гаргуулж, нэхэмжлэгчийн 2021 онд гаргасан гэх зөрчилд хоёр дахь удаа хяналт шалгалт явуулан 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр “НЕ” ХХК-ийн илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” гэж буруутгаж, улмаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулсан нь өмнөх дүгнэлт хүчин төгөлдөр байхад илт үндэслэлгүй гарсан дүгнэлт болсныг шүүхээс зөвтгөсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

 

3.3. Учир нь шүүхээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.” гэж заасан ба уг удирдамж нь мөн хуулийн 5.2-д заасан нөхцөлүүд тусгагдсан байх ёстой. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-д зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд ... гэж, 5.2-д “Улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж заасны дагуу нэг л зөрчилд нэг удаа удирдамжийн дагуу хяналт, шалгалт явуулах ёстойг шүүхээс анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч өмнө нь удирдамжийн дагуу хянагдсан асуудалд дахин удирдамж гаргуулах санал гаргаж, шийдвэрлүүлсэн нь хууль бус болохыг шүүхээс дүгнэлт хийж чадаагүй.

 

3.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ." гэж заасан бөгөөд улсын байцаагч Ч.Б  нь хяналт, шалгалтын ажлыг уг хугацаанд эхлүүлээгүй. Учир нь нэхэмжлэгчийн зөрчлийн асуудлыг дахин хянуулах хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сард мэдэгдсэн байдаг боловч бүхэл бүтэн нэг жил 4 сарын дараа хяналт шалгалт явуулсан нь хуульд нийцээгүй.

 

3.5. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа 30 хоногоос хэтрэхгүй, шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 30 хоногоор сунгаж болно.” гэж заасны дагуу хяналт, шалгалтыг ажлыг эхлүүлснээс хойш 30 хоног, сунгах шаардлагатай бол улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлөөр 30 хоногоор сунгаж болохоор байна. Гэвч, хариуцагч хууль тогтоомжид заасан хугацааг баримтлаагүйгээс гадна улсын ерөнхий байцаагчаас хяналт, шалгалт явуулах хугацааг сунгах зөвшөөрөл авсан талаар ч шүүхэд баримтаар нотлоогүй болно.

 

3.6. Шүүхээс Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Ч.Б гийн нь 2023 онд нэг асуудлаар гаргасан хоёр дахь дүгнэлтийг гаргахдаа дараах асуудлыг анхаарч авч үзээгүй байна. Тодруулбал, дүгнэлтийн гаргах болсон хоёр хуурамчаар үйлдсэн гэх асуудлыг гэмт хэрэг, зөрчлийн шинж байгаа эсэхийг цагдаа болон прокуророос хянан шалгасан ба дараах байдлаар хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг шүүхээс мөн анхаарч авч үзсэнгүй.

 

3.7. Аймгийн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 тогтоолоор “НЕ” ХХК нь иргэн Х.С  гэдэг хүнтэй 2015 онд 1,2 тэрбум төгрөгөөр 18х15 м.кв зоорийн давхартай 2 давхар худалдаа үйлчилгээний барилгын ажлын гэрээ хийж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан Улсын комиссын актад комиссын бүрэлдэхүүний гишүүн аймгийн Онцгой байдлын газрын ГХУХБайцаагч Х.С гийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэх үндэслэл тогтоогдсон гэх асуудлын талаар шүүхээс “Х.С гаас бусад комиссын бүрэлдэхүүн нь ажиллаж, хариуцсан асуудал тус бүрээр санал гаргаж, комиссын актад гарын үсэг зурсан тохиолдолд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг бүхэлд нь хуурамч бичиг баримт гэж үзэх боломжгүй. Мөн “НЕ” ХХК нь комиссын уг актад хуурамчаар гарын үсэг зурсан гэж үзэх нөхцөл байдал Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор тогтоогдоогүй. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-д Х.С гийн гарын үсгийг өөр хүн зурсан асуудлаар “НЕ” ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байх тул “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-ыг тус компани хуурамчаар үйлдсэн, хуурамч материал гаргаж өгсөн гэж үзэхээргүй байна” гэж хэрэг үүсгэхээс татгалзсан.

 

3.8. Аймгийн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “НЕ” ХХК нь тендер шалгаруулалтад ирүүлсэн иргэн Х.И-тай 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 03 дугаартай механизм түрээслэх гэрээг байгуулахдаа түрээслэгч Х.И  нь өөрийн биеэр оролцоогүй, түүний гарын үсгийг тус компанийн инженер Б.Н зурж хуурамчаар үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна гэх асуудлын хувьд: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэрт тухайн асуудлын талаар дараах дүгнэлт хийсэн: “НЕ” ХХК нь тендерийн шаардлагыг хангахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй, Х.И-тай байгуулсан түрээсийн гэрээг хассан ч гэсэн “НЕ” ХХК нь тендерийн шаардлагыг хангасан байна. Харин Х.И-тай байгуулсан түрээсийн гэрээ нь энэхүү тендертэй холбоогүй бөгөөд тендерийн баримтад андуурч хийгдсэн байна” гэж хэрэг үүсгэхээс мөн татгалзсан байдаг.

 

3.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн оролцсон БСШУСЯ/201902176 дугаартай “Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажил”-ын тендерийн шалгаруулалтад явуулсан дээрх баримт бичгүүд нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэж, тендер шалгаруулалтад давуу тал үүсгээгүй болно. Мөн уг хуурамч гэх асуудлыг прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй болохыг дүгнэсэн байхад шүүх нотлох баримтаар үнэлээгүй байгаад гомдолтой байна.

 

3.10. Улсын байцаагч нь нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтад өгсөн баримт бичиг нь тендерийн шаардлагыг зохиомлоор хангаж, улмаар нэхэмжлэгчид давуу байдал үүссэн нөхцөл байдал бий болсон уу, уг хуурамч гэх баримт бичгийг өгснөөр тендерийн үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн байх нөхцөлүүд хангагдсан уу гэдгийг нотлох байдлаар “илт худал мэдээлэл” буюу бодит байдалд байхгүй зүйлийг зориудаар бий болгосныг нотолж чадаагүй байхад шүүхээс “илт худал мэдээлэл” гэх нөхцөлд хамааруулан авч үзэж байгаа нь хуулийг тайлбарлаагүй орхисон гэж үзэж байна.

 

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв. 

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгчээс Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаалын хавсралтын “НЕ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

2.2. Анхан шатны шүүх “...тус аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга нарын ирүүлсэн  албан бичгийн дагуу  төлөвлөгөөт бус шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр удирдамжаар хийж гүйцэтгэснийг буруутгах боломжгүй байна, ...2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр ““НЕ” ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон болохыг тогтоон шийдвэрлэсэн бөгөөд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс шүүхээс дүгнэсэн дүгнэлттэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь ....хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 521 дугаар зүйлийн 521.2.1-д заасантай нийцжээ” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Х аас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2-01/673 тоот албан бичгээр ““НЕ” ХХК-ийг ...илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагчаар тогтоолгож, ... тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах” хүсэлтийг Сангийн сайдад хүргүүлсэн,

2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч С.Наранцогт УБ/04 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийг баталж, хяналт шалгалтыг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хоногт багтаан гүйцэтгэхээр тусгасан,

2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Х  2-01/1262 тоот албан бичгээр “...Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэрээр ... “НЕ” ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй хэмээн үзэж шийдвэр гаргасан байх тул 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2-01/678 тоот “НЕ” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах тухай хүсэлтээсээ бүхэлд нь татгалзаж байгааг илэрхийлье” гэсэн хүсэлтийг Сангийн сайдад хүргүүлсэн,

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр энэ хэргийн хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б  нь УБ/41 дугаартай “...“НЕ” ХХК нь ...гарын үсгийг хуурамчаар зурсан зэрэг нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/140 дугаар тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор тогтоогдоогүй байна, ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүсээгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

 

2.5. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-д зааснаар улсын байцаагч нь хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах эрхтэй бөгөөд мөн хуулийн 10.9.11-д заасны дагуу хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах хуулийн зохицуулалттай.

 

2.6. Гэтэл хариуцагч нь дээрх хугацаанд тус дүгнэлтийн үндэслэл болсон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110/ШШ2021/0035 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 355 дугаар магадлалаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор “НЕ” ХХК-ийн гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, магадлал хүчин төгөлдөр болсон зэрэг баримтаас үзвэл улсын байцаагч уг дүгнэлтийг гаргахдаа дээрх шүүхийн шийдвэрүүд гарсан талаар судалж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.11-д заасныг болон Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 2.1.3-д заасан улсын байцаагч асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байна.

 

2.7. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Н  2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/20 тоот, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1-01/133 тоот албан бичгээр ““НЕ” ХХК-ийг ...илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагчаар тогтоолгож, ...тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах” хүсэлтийг Сангийн сайд болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт хүргүүлсэн байх бөгөөд энэ хугацаанаас хойш нэг жил гаруй хугацааны дараа буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч Ж.Г 01 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийг баталж, хяналт шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хоногт багтаан гүйцэтгэхээр тусгасан байна.

 

2.8. Тус удирдамжийн дагуу Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б гаас маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтдээ ““НЕ” ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцсон болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй” гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн “НЕ” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яамны сайдад хүргүүлжээ.

 

2.9. Улмаар Сангийн сайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар нэр бүхий 2 хуулийн этгээдийг уг бүртгэлд хамруулах жагсаалтад бүртгэсэн байх ба тус тушаалын хавсралтын 1 дэх хүснэгтэд нэхэмжлэгч “НЕ” ХХК-ийг оруулсан байна.

 

2.10. Хариуцагч нь анх 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УБ/41 дугаар дүгнэлтийг гаргахдаа улсын байцаагчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж заасан эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас тухайн үед нэхэмжлэгч “НЕ” ХХК-д энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” бол тендерт оролцогчийг ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэх, Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.5-д “Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 (гурван) жил байна” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүйд хүрсэн байхад уг нөхцөл байдал тогтоогдсон хугацаанаас хойш 2 жилийн дараа ийнхүү дахин дүгнэлт гаргасан нь “НЕ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжтой.

 

2.11. Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгээгүй боловч нэг зөрчил дээр хоёр удаа дүгнэлт гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасныг баримтлаагүй бөгөөд Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хяналт, шалгалт явуулах удирдамжийг гарган улсын байцаагч бодит байдалд зөрчилтэй шийдвэр гаргаж  байгаа нь энэ хуульд заасантай нийцсэнгүй гэж шүүх үзэв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

2.12. Нэгэнт хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах эрхээ хэрэгжүүлж, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэлгүй 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр УБ/41 дугаартай үндэслэлгүй дүгнэлт гаргасны улмаас “НЕ” ХХК-д хуульд заасан хариуцлага ногдуулах боломжгүй болсон, харин 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийн үндэслэл болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 355 дугаар магадлал нь өмнөх дүгнэлт гарахаас өмнө хүчин төгөлдөр болсон байхад үнэлээгүй атлаа нэг жил 8 сарын дараа ахин үнэлж дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалт, хяналт шалгалт явуулах журмыг мөн зөрчсөн дүгнэлт байх тул уг дүгнэлтийг үндэслэж гарсан Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаалын хавсралтын “НЕ” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус гэж үзнэ. 

 

2.13. Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаал нь www.tender.gov.mn цахим санд нийтэд илэрхий байдлаар тавигдсан байдаг тул тус актыг заавал нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 981 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НЕ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б гийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаалын хавсралтын “НЕ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч НЕ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.К-гийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА