Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  хороо,  тоот, С ш и ББСБХХК-ийг төлөөлж Ч.Мын гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  хороо, бичил хороолол, Хасбаатарын гудамжны  дүгээр байрны  тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр , Боржигон овогтой М-ын Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 030 920 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.М, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:М.Бүрэнболд нь 2015 оны 3-р сарын 09-нд манай байгууллагаас 1 000 000 төгрөгийг зээлийг 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хүү нь эхний 6 сард 3.7 хувь, 7-11 сар нь 4.7 хувь, 12 сард 8.5 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулагдсан. Графикийн дагуу 6 удаагийн төлбөр л төлсөн. 2015 оны 9-р сарын 29-ний өдөр төлбөр төлөөд түүнээс хойш төлбөр төлөөгүй. 2015 оны 3-р сарын 09-ний өдрөөс 2015 оны 9-р сарын 29-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд үндсэн зээлд 492 743 төгрөг, хүүд 203 986 төгрөг зэргийгтөлсөн байна. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 507 257 төгрөг, 2015 оны 9-р сарын 29-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 5-р сарын 16-ны үндсэн хүү 1 294 282 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 229 381 төгрөг нийтдээ 2 030 920 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 2 030 920 төгрөгийг М.Бүрэнболдоос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Бүрэнболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1-р сард би сүрьеэ өвчнөөр өвдөж, бие муудаж мөнгөний хэрэг гараад зээл авсан. Тухайн үед би эмчилгээгээ хийлгэнгээ ажлаа хийж байсан. Компани маань 2015 оны 7-р сард татан буугдаж, цаашид мөнгөө төлөх ямар ч боломжгүй болсон. Тухайн үед хугацаа дууссанаас хойш 2 сарын дараа нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж манайд нэг залуу ирээд 1 200 000 төгрөгийг нэхэмжилж байсан. Би дараа нь Сар шинэ интернэшнл ББСБ ХХК дээр очиж асуухад манайхаас хүн очоогүй гэсэн. Хамгийн сүүлийн сарын хүү өндөр байгаа учраас төлөх ямар ч боломжгүй. Би хүүгээ зогсоож өгөөч гэж утсаар холбогдож хэлж байсан. Би үндсэн зээлийг төлнө. Мөн үндсэн зээлд ногдох хүүг төлнө. Гэхдээ нэхэмжилсэн үнийн дүнг бүхэлд нь төлж чадахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийг төлөөлж Ч.Мөнхбаяр нь М.Бүрэнболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 030 920 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 386 843 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад 644 077 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь М.Бүрэнболдтой 2015 оны 3-р сарын 09-ний өдөр ЗГ1201151341 тоот Цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сар 3.7 хувь, дараагийн 5 сар 4.7 хувь, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээртохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчид 1 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, харин зээлдэгч нь үндсэн зээлээс 492 744 төгрөг, зээлийн хүүд 203 987 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүүг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Хариуцагч зээлийн хүүг өндөр тогтоосон, хүүг зогсоож өгөхийг хүсэж зээлдүүлэгчид мэдэгдсэн талаар маргасан нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч зээлийг хугацаанд төлүүлэх зорилгоор зээлийн хүүг тогтоосон гэж тайлбарлах боловч энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлдүүлэгч нь ... хүүгийн хэмжээ...болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлсэн хүү буюу 3.7 хувь, 4.7 хувь, 8.5 хувь гэж өсгөж тогтоосон тухайгаа нийтэлснээ нотлоогүй, 24-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү байдаг, 3 дахь хэсэгт заасан зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн хуулийн зохицуулалттай нийцээгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, зээлийн хүүг эхний 6 сард 3.7 хувиар тогтоосныг үндсэн хүү гэж тооцох нь зээлдэгчийн эрх ашигт нийцэхээс гадна хүүг өсгөж тогтоосон нь хэт өндөр тогтоосон гэж үзэхээр байна.

Харин зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 3.7 хувиар тооцож 444 000 төгрөг нийт 1 444 000 төгрөгийг төлөх үрэгтэй байсан, үүнээс үндсэн зээлд 492 744 төгрөг, хүүнд 203 987 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй болно.

 

Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 507 257 төгрөг, 2016 оны 3-р сарын 9-нд хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлөөгүй хүү 732 989 төгрөг, гэрээний 6.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 146 597 төгрөг нийт 1 386 843 төгрөгийгзээлдэгч М.Бүрэнболд төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэг, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтланМөнхбаатарын Бүрэнболдоос 1 386 843 /нэг сая гурван зуун наян зургаан мянга найман зуун дөчин гурав/ төгрөг гаргуулж Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 644 077 /зургаан зуун дөчин дөрвөн мянга далан долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 445 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Бүрэнболдоос 37 139 төгрөг гаргуулж Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА