Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221000000229 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ”******* ”-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн сумын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ******* овогт ******* *******. /РД: /

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, сумын төвд эрхлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 7 дугаар баг дугаар байр тоотод буюу гэртээ 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим *******тэй маргалдан улмаар 15 см урт төмөр ажлын хэсэгтэй 10 см урт шаргал өнгийн модон бариултай нийт 25 см урт заазуураар зүсэж зүүн чамархайд шарх, цээжний зүүн дээд хэсэгт шарх, цээжний дээд хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 7 дугаар баг дугаар байр тоотод буюу гэртээ 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим *******тай маргалдан улмаар нүүр рүү нь буюу хамар хэсэгт нь нэг удаа гараараа цохисны улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед нөхөртэйгөө үл ялих зүйлээс болж маргалдсан. Нөхрийгөө ажлаа зохицуулсангүй зүгээр байлаа гэхэд нөхөр өөдөөс хэрүүл маргаан хийгээд, бид хоёр малаа аваад тусдаа гарна, машинаа янзлуулна гэж хэрэлдсэн. Би нойлд байхдаа маргалдаж байгаад гарч ирэхэд намайг үсдэж аваад нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би гамбанзан дээр байсан заазуурыг аваад барьсан. Тэгэхэд нөхөр өөрөө над руу дайраад намайг барьж аваад газар унагаасан. Тэгээд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Би толгойдоо цохиулаад зарим зүйлийг санахгүй байна. ...Бид хоёр маргалдсаны дараа харахад нөхөр *******ийн зүүн нүдний /чамархай/ хэсэгт 5-6 см зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ...эхнэр *******тай юм ярьж байгаад хоёр бие рүүгээ танай аав, ээж болохгүй, манай аав, ээж болохгүй гэх шалтгаанаар маргалдсан. Өмнө нь ийм асуудлаар хэрүүл маргаан хийж байсан. ...би эхнэр *******гийн нүүр рүү нь буюу хамар руу нь нэг удаа гараараа цохисон. ...******* шүүгээн дээр байсан заазуур аваад миний зүүн нүдний хөмсөг хэсэгт нэг удаа зүссэн.  Миний хөмсөгнөөс цус гарсан.  ...Би болон эхнэр ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав амрах гээд хэвтэж байхад ээж өр, шир яриад эмээ, өвөөг доромжлоод эхэлсэн. Өдий гурван хүүхэдтэй болчихоод байхад мал тасдаад тусдаа гаргаад өгөхгүй харамлалаа гээд хэрүүл хийсэн. ...аав өөдөөс нь үг сөрж хэрүүл хийсэн. Ээж нойлын өрөөнд ороод хаалгаа түгжчихээд өвөө, эмээг дахиад хэл амаар доромжлоод байсан. Аав чи ямар ядаргаатай юм бэ гэхэд ээж нойлоос гарч ирээд орилж бахираад байхаар нь би 8 сартай дүүгээ аваад хоёр дүүгийн хамт нөгөө өрөөндөө ороод хаалгаа хаасан. Би хоёр дүүгийн хамт нөгөө өрөөндөө байж байхад аав, ээж хоёр хэрэлдээд орилж бахираад байсан. Ээж аавыгаа аваарай гээд бахирсан. Тэгэхээр нь би дүүгээ тавиад өрөөнийхөө хаалгыг онгойлгоод харахад аав, ээж хоёр зууралдчихсан байсан. Ээж барьж байсан заазуураараа аавын нүүрэнд нь зүсэхэд аавын нүүрнээс цус гарсан. Би тухайн үед та хоёр болиоч ээ нэгнийгээ аллаа шүү дээ гэж хэлсэн. ...Аавын нүдний зүүн хэсгээс цус гарч байсан. Ээж цагдаа ирсний дараа миний хамрыг хардаа чи цохиод ийм болгочихлоо миний хамрыг янзлуулж өг гээд бахираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 374 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед зүүн чамархайд шарх, цээжний зүүн дээд хэсэгт шарх, цээжний дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн чамархайд шарх, цээжний зүүн дээд хэсэгт шарх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр, цээжний дээд хэсгийн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх зүүн чамархайд шарх, цээжний зүүн дээд хэсэгт шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 43-44/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 375 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 49-50/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр ...эхнэр *******тай юм ярьж байгаад үл ойлголцох шалтгаанаар маргалдсан. ...би эхнэр *******гийн нүүр рүү нь буюу хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 14 цагийн үед нөхөртэйгөө үл ялих зүйлээс болоод хэсэг хэрэлдсэн. Намайг үсдэж аваад нүүр рүү буюу хамар хэсэгт цохисон. Тэгэхээр нь би гранитурын дээр байсан заазуурыг аваад надаас хол байгаарай гэж барьсан, тэгэхэд нөхөр өөрөө над руу дайраад намайг барьж аваад газар унагасан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

            - Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 15, 17/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 32-33/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 35/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 36-37/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 42, 47/

            - Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг талаарх баримтууд /хх-ийн 64-67/

            - Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг талаарх баримтууд /хх-ийн 69, 73/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, 76/

            - Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 77-86/

            - Шүүгдэгч *******, ******* нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51, 91, 92/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч  *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 7 дугаар баг дугаар байр тоотод буюу гэртээ 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим *******тэй маргалдан улмаар заазуур хутгаар зүсэж зүүн чамархайд шарх, цээжний зүүн дээд хэсэгт шарх, цээжний дээд хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 7 дугаар багт байрлах дугаар байр тоотод буюу гэртээ 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим *******тай маргалдан улмаар нүүр рүү  нь  гараараа цохисны улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 374, 375 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч *******гийн эрүүл мэндэд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хөнгөн хохирол, хохирогч *******ийн эрүүл мэндэд шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 374, 375 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан байна.  

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нар хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урттай, шаргал өнгийн модон бариултай заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* *******  нарт тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 см урттай, шаргал өнгийн модон бариултай заазуурыг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА