| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02343/и |
| Дугаар | 2112 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-уул дүүргийн хороо, хороолол, Ж т ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн хороо, тоот, Ю ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 651 469 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Юмирэ ХХК-ийн захирал Ю.Чимэддулам нь Гэр бөөний худалдааны төв ажиллуулж байхдаа 2017 оны 2-р сарын 11-ээс 2017 оны 4-р сарын 06-ны өдрийг хүртэл Жем трейд ХХК-иас 34 461 240 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тус тус зээлээр авч харилцан ажиллаж байсан. Нийт бараа бүтээгдэхүүний төлбөрөөс 2017 оны 8-р сарын 14-ний өдрийг хүртэл 20 447 400 төгрөгийг төлсөн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 14 013 840 төгрөгийг төлөөгүй байгаа. Жемтрейд ХХК, Юмирэ ХХК-ийн захирал Ю.Чимэддулам нар нь 2017 оны 9-р сарын 29-ний өдөр, 2017 оны 10-р сарын 25-ны өдөр тус тус тооцоо нийлсэн акт үйлдэж харилцан тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан. 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн актын баталгаа болгож, үлдэгдэл төлбөр болох 14 013 840 төгрөгийг төлөх ёстой. Гэвч гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байгаа бөгөөд үндсэн төлбөр 14 013 840 төгрөг дээрх гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нь 637 269 төгрөг, нийт 14 651 469 төгрөг болж байгаа болно. Иймд Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу үндсэн төлбөр болох 14 013 840 төгрөг, алданги нь 637 269.72 төгрөг нийт 14 651 469 төгрөгийг хариуцагч Юмирэ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Жем трейд ХХК-тай 2017оны 2-р сарын 11-нээс 2017 оны 4-р сарын 6-ны өдрийг хүртэл бараа бүтээгдэхүүн зээлээр авч харилцаж байсан нь үнэн болно. Гэхдээ 14651 469 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлээр бараа бүтээгдэхүүн өгөхдөө алданги тооцно гэж гэрээ хэлэлцээр хийгээгүй. Тиймээс би алданги толох боломжгүй. Зээлээр авсан бараанаас төлөх ёстой үлдэгдэл мөнгө байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж байгаа 14 013 840 төгрөг нь зөрүүтэй байна. Үүнээс бараа бүтээгдэхүүн авч зарж борлуулсны хувь хасагдах ёстой. Үүнийг хасаж тооцоогүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг буруу тооцоолсон гэж бодож байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Жем трейд ХХК нь Юмирэ ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 651469 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Юмирэ ХХК-ний захирал Ю.Чимэддулам нь шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 6-р сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Юмирэ ХХК нь бөөний худалдааны төв ажиллуулж байхдаа Жем трейд ХХК-иас 2017 оны 2-р сарын 11-нээс 2017 оны 04-р сарын 06-ныг хүртэл бараа бүтээгдэхүүн худалдан авч, зарж борлуулж байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Хариуцагч нь худалдан авсан барааны үнийг төлж байгаад 2017 оны 09-р сарын 29-ний өдөр 14 113 840 төгрөгийн, 2017 оны 10-р сарын 25-ны өдөр 14 013 840 төгрөгийн төлбөр тооцоотой талаар Тооцооны үлдэгдлийг /хх 7-8/ баталгаажуулжээ.
Түүнчлэн 2017 оны 10-р сарын 25-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ хийж, төлбөрийг 2018 оны 01-р сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тохирсон, гэрээний 2.4-т зааснаар хугацаандаа төлөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон /хх 6/ байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ тооцоо зөрүүтэй байна гэх боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан баримт, төлбөр барагдуулах гэрээг няцаасан баримтыг гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ю ХХК-иас 14 651 469 /арван дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг гаргуулж Ж т ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ю ХХК-иас 231 200 төгрөг гаргуулж Ж т ХХК-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА