Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/467

 

 

 

 

 

 

 

      

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2022 оны * дугаар сарын *-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Ц  нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах * хотхоны * дугаар байрны * дугаар орцны үүдэнд хохирогч А.Т тэй маргалдаж толгой хэсэгт цохиж, маажиж түүний биед тархи доргилт, дух, цээж, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Н.Ц  нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * хорооны нутаг дэвсгэрт байрлах * хотхоны * дугаар байрны * дугаар орцны үүдэнд хохирогч А.Т тэй маргалдаж толгой хэсэгт цохиж, маажиж түүний биед тархи доргилт, дух, цээж, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц ын “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 2205013131379 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн “...Би хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд ажлынхаа завсраар таксинд өөрийн эзэмшлийн приус-11 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явдаг. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тус тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Тухайн өдрийн шөнө буюу 2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт нэртэй баарны гадна зогсож байхад танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс таксинд явах уу гэхээр нь явна гэхэд тухайн хүмүүс Алтай хотхон руу явна гээд машинд суусан. Тэр 2 хүн 2-лаа ар талын суудалд суусан. Тухайн хүмүүс 2-лаа согтолттой байсан бөгөөд эмэгтэй нь арай их согтолттой байсан. Би 4 замын ойролцоо явж байхад тухайн эмэгтэй гэнэт орилоод бөөлжих гээд байна гэхээр нь машинаа “миний дүү бөөлжих бол хэлээрэй, машинаа боломжтой газарт нь зогсооно шүү” гэхэд зүгээр гэхээр нь цаашаа явсан. Тэгээд тухайн хүмүүсийг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, * хотхоны * дугаар байрны * дугаар орцны үүдэнд ирэхэд нөгөө эмэгтэй арын суудалны шалавч дээр бөөлжөөд машинаас буухаар нь машинаас өөрөө буугаад бөөлжсөн бөөлжсийг нь хараад “би та нараас гуйсан биз дээ, бөөлжихөөр бол хэлээрэй гэсэн биз дээ, үүнийгээ цэвэрлэж өг” гэхэд “үгүй чадахгүй” гээд гэрийнхээ орцны зүг явахаар нь тэдгээр хүмүүсийг явуулахгүй гэхэд нөгөө эрэгтэй нь болилдоо гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь та нар болилдоо бөөлжсөө цэвэрлэж өг гэхэд нөгөө эмэгтэй нь намайг нэг удаа алгадаж, нүүр хүзүүг маажихаар нь би тухайн эмэгтэйг түлхсэн. Тэгтэл хамт байсан залуу намайг заамдаад авахад тухайн эмэгтэй намайг хэд хэдэн удаа алгадаж, гараараа нүүр рүү цохисон. Тухайн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрэгтэй нь намайг цохиж зодсон зүйл байхгүй, харин эмэгтэй нь намайг цохиж зодож гэмтэл учруулсан. Миний бодлоор тухайн хүмүүс нь эхнэр, нөхрүүд байх гэж бодож байна. Би хувийн эмнэлгээр тархи, толгойн зургаа авахуулахад надаас 130.000 төгрөг гарсан, Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг өгсөн бөгөөд авсан эмийн баримтаа дараа нь бөөнд нь гарган өгнө. Би Н.Ц  гэдэг хүнд зодуулахаас өмнө биедээ ямар нэгэн гэмтэлгүй байсан. Харин тухайн хүнд зодуулснаас гэмтлүүд авсан. Гэрээ зааж өгсөн гэж бодохоор согтолтын зэрэг гайгүй байсан байх, эрэгтэй нь эмэгтэйгээсээ илүү гайгүй согтолттой байсан. Надад одоо гаргах гомдол байхгүй, харин эмчилгээний мөнгийг гаргаад өгөх юм бол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А.Т гийн хохирогчоор дахин өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгч, болсон явдлын талаар бүгдийг ярьсан. Тухайн үед эмэгтэйгээс эмчилгээний зардалд 138.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Г-ийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би найз охиныхоо баярыг тэмдэглэж өгөхөөр найзуудынх нь хамтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ай лофт бааранд байж байгаад 03 цаг дөнгөж болж байхад гарсан. Тэгээд тэндээсээ такси бариад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, * хотхоны * дугаар байрны * тоот гэр рүүгээ явсан. Тэгээд манай найз охин дотор нь муухай оргиод шүлсээ хаясан бөгөөд дахин тэгж болохгүй гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа ирэхэд найз охины дотор муухайраад бага зэрэг огиод жаахан хөөс амнаасаа гаргасан бөгөөд жолооч уурлаад наадхаа цэвэрлэ гэсэн. Тэгэхээр нь би цэвэрлээд өгье, нэг бол мөнгийг нь өгье гэхэд нөгөө залуу уурлаад намайг заамдаж авсан. Харин манай найз охин наадхаа орхи гээд гараас татахад нөгөө залуу манай найз охиныг түлхээд газарт унагаасан. Тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө залууг заамдаж авсан бөгөөд тэр асуудал тэгс гээд дууссан. Тэгтэл жолооч залуу цагдаад хандсан байсан. Манай найз охин газарт унаснаас болоод ямар нэгэн гэмтэл аваагүй. Тэр залуугийн куртикийг урсан эсэхэд эргэлзэж байна. Манай найз охин ар талд нь, би жолоочийн хажуу талд сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны * дугаар сарын *-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...А.Т гийн биед тархи доргилт,  дух, цээж, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Ц ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би найзуудтайгаа эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэх гээд гарсан бөгөөд найз залуу тухайн үед гэртээ үлдсэн. Тэгээд би Ай лофт бааранд найзуудтайгаа архи, пиво ууж байгаад найз залуугаа ирээд авчих гэхэд удалгүй ирээд авсан. Бид 2 харин гээд гэрийн гадаа ирсэн бөгөөд би дотор муухайраад огиулсан. Тэгтэл таксины жолооч уурлаад үүнийгээ цэвэрлэж өг гэсэн. Тэгэхээр нь манай найз залуу мөнгийг нь өгье, эсхүл гэртээ ороод цэвэрлэх юм аваад гараад ирье гэхэд нөгөө залуу уурлаад манай найз залууг заамдсан. Тэгэхээр нь би салгах гэхэд намайг түлхээд би газарт унасан. Газарт унасан уурандаа би маажиж цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Н.Ц ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 52-54 тал/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ц  нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах * хотхоны * дугаар байрны * дугаар орцны үүдэнд хохирогч А.Т тэй маргалдаж толгой хэсэгт цохиж, маажиж түүний биед тархи доргилт, дух, цээж, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны * дугаар сарын *-ны өдрийн * дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Н.Ц  нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн *** дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ц  нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах * хотхоны * дугаар байрны * дугаар орцны үүдэнд хохирогч А.Т тэй маргалдаж толгой хэсэгт цохиж, маажиж түүний биед тархи доргилт, дух, цээж, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч А.Т  нь хохирол төлбөрт 130.000 /нэг зуун гучин мянга/-н төгрөгийн баримт /хх-ийн 56-57 тал/-ыг гарган өгсөн бөгөөд шүүгдэгч Н.Ц  нь хохирол төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болохыг тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ц ыг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч А.Т  нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Ц  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ц д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Н.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500/ таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгчид  тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц ыг  500/ таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Н.Ц ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хохирогч А.Т  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Н.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ