Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/265

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2221000000275 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт *******, ******* суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******т. /РД: *******/

 

Шүүгдэгч *******т нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “ ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 23 ширхэг ургаа нойтон нарс мод хөрөөдөж унаган бэлтгэсэн, Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хэлэх зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... багийн иргэн ******* нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид 3169.410,74 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгаль хамгаалагч хамт байгаль орчны чиглэлээр эргүүл постонд гарч ажилласан юм. Гэтэл тухайн өдөр 9 цагийн орчимд сумын төвөөс хойш 5 км зайд байдаг Дархинтын голд цэнхэр өнгийн Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хэрэглээний бөөрөнхий мод ачсан машин голын шаварт суусан байдалтай байсан юм. Очиж шалгахад тус сумын иргэн *******, нар нь хамт явж байсан. Би очоод мод бэлтгэх эрхийн бичиг байгаа үгүйг нь шалгахад******* гэх хүн надад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн тул би экологийн цагдаагаа дуудаж журамлуулсан юм...” гэжээ. /хх-ийн 39-40 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сумын төв дээр ирээд байж байхад нутгийн таньдаг ах болох******* гэх хүн ах нь мод бэлтгэх эрхийн бичигтэй чи ахтайгаа хамт модонд яваад өгөөч гэж гуйсан юм. Улмаар бид хоёр Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баян-Уул сумын 1 дүгээр баг сумын төвөөс хойш 30 орчим км зайтай “ ” гэх нэртэй газарт ойн мод бүхий газарт нарс модыг бензин моторт хөрөөгөө ашиглан тайрч бэлтгэсэн юм. Ингээд 4 метр орчим урттай тайрахад нийт 23 ширхэг мод болсон. Орой 23 цагийн орчим тайрч бэлтгэсэн модоо бид хоёр хамт машиндаа ачиж дуусаад явах гэсэн чинь машин саатаад асахгүй нэг хэсэг болсон ... дараа шөнийн 02 цагийн орчимд машинаа асаагаад сумын төвөөс хойш 5 км орчим зайд байдаг Дархинтын голоор 2022 оны 06 дугаар сарын 21-ний шөнө үүрийн 04 цагийн орчимд гарах гэж байгаад машинаа шаварт суулгасан юм...” гэжээ. /хх-ийн 47-48 тал/

 

Дорнод аймгийн Баян-Уул суман дахь сум дундын ойн ангийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №2022/06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. 23 ширхэг нойтон хэрэглээний нарс мод байна.
  2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан ургах чадвартай мод байна.
  3. 2022 онд ******* нь сум дундын ойн ангиас хэрэглээ, түлээний мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байна.
  4. 2022 онд Баян-Уул сумын 1 дүгээр баг “ ” гэх газар нь мод бэлтгэхээр иргэдэд зөвшөөрөл олгогдоогүй газар болно.
  5. Ойгоос мод бэлтгэх эхлэхийн акт үйлдэгдээгүй, мод бэлтгэлийн технологийн карт үйлдээгүй болно.
  6. “ ” гэх газар нь ашиглалтын бүсэд багтаж байгаа 2-р мужлалд орж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.
  7. Уг моднууд нь хэрэглээний модны стандартаар бэлтгэгдэн, банз гаргаж ашиглахад боломжтой мод байна.
  8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь нойтон ургах чадвартай хэрэглээний мод учраас модон материлын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1, 8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай нойтон-нарс төрлийн мод хэсэгт орох 23 ширхэг нарс модон дээр нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3169.410,74 төгрөг болно.
  9. Түлээний модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь 23 ширхэг нойтон нарс мод: 3,824м3х1,8х460456=3169.410,7392 төгрөг болно.
  10. Шинжилгээр өөр зүйл илрээгүй болно...” гэжээ. /хх-ийн 55-56 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-16 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэлүүд /хх-ийн 20-29 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61-79 тал/

- *******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44, 86-87 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт *******т нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “ ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 23 ширхэг ургаа нойтон нарс мод хөрөөдөж унаган бэлтгэсэн, Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 3169.410,74  (гурван сая нэг зуун жаран есөн мянга дөрвөн зуун арав төгрөг, далан дөрвөн мөнгө) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 06 тоот дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

 

Шүүгдэгч *******ын Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн хуурай хэрэглээний нарс мод 23 ширхэг буюу 3,824м3х1,8х460456=3169.410,74 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн /хх-ийн 55-56/ дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******ын ойн санд учруулсан хохирлыг нийт 9508.232,22 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

 

 Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн эзэмшлийнх болох нь түүний “...нутгийн таньдаг дүү Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ах нь түлээний модонд яваад ирье гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч буцаан олгох, уг машиныг Вендо үнэлгээний байгууллагаар хийлгэсэн үнэ болох 1458.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 23 ширхэг буюу 3,824м3х1,8х460456=3169.410,7392 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 115.200 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, дээрх эд зүйлсийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 9508.232,22 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нарс мод 23 ширхэг буюу 3,824м3х1,8х460456=3169.410,7392 төгрөгийн үнэтэй нойтон нарс модыг Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ын баг ******* хашаанд тус тус хадгалагдаж байгаа болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 115.200 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, шүүгдэгч *******ын тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 9508.232,22 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3169.410,74 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1458.000 төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 115.200 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөөг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч буцаан олгож, 23 ширхэг буюу 3,824м3 нарс модыг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нарс мод 23 ширхэг буюу 3,824м3х1,8х460456=3169.410,7392 төгрөгийн үнэтэй нойтон нарс модыг Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Маяти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ын оршин суух баг ******* хашаанд тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

 9. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйх болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 115.200 төгрөгийн үнэлгээ бүий бензин моторт хөрөө, шүүгдэгч *******ын тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ