Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/940

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч У.Анхжаргал,

иргэдийн төлөөлөгч Н.Б,

хохирогч, шүүгдэгч Е.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

хохирогч, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З овогт Е-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Б овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000276 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, тахилт ... дугаар гудамж .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овогт Е-ийн Б (РД:...);

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Завхан аймгийн Отгон сумын 1 дүгээр баг Буянт гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 7 дугаар гудамж 52 тоотод түр оршин суух, урьд нь

-2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Б-ын Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 7 дугаар гудамжны 52 тоотод шүүгдэгч Е.Б, Б.Б нар нь нийлж согтуурсан үедээ Е.Б нь  “гар утас алга болсон байна” гэж, Б.Б нь “хэн чиний утсыг авдаг юм, би хулгайч юм уу” гэж хоорондоо маргалдан улмаар шүүгдэгч Е.Б нь иргэн Б.Б-ын толгойн тус газар нь архины шилээр цохиж, гарыг нь архины хагарсан шилээр зүсэж, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн бугалга, баруун шуунд шарх, зүүн шанаа, хацарт зулгаралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 харин шүүгдэгч Б.Б өөрт нь гэмтэл учрууллаа хэмээн уурлан гэрээс гарч хашаан дотор  тамхи татаад зогсож байсан Е.Б-ийн хэвлийн тус газарт нь хутгаар хатгаж, хэвлийн зүүн доод хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрч чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Е.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Би Б-т гэмтэл учруулсан дээрээ маргах зүйл байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “...Е.Б, Ц бид нар 7,8 жил найзалсан найзууд. Би өөрийгөө хамгаалахын тулд Б-ийг хутгаар хатгасан юм. Б-э нь миний утас алга байна гэхээр нь байгаа л байлгүй дээ гээд хэлсэн чинь уурлаад намайг архины шилээр цохиод зүсээд салахгүй, хүчрэгдэхгүй байсан тул өөрөөсөө холдуулах гээд нэг удаа хутгаар хатгачихсан юм. Тухайн үед Б-э, Ц бид 3 л байсан, өөр хүн байгаагүй. Ц салгах гэж оролдоогүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Е.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...Б.Б нь миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан, тухайн үйл баримт гадаа болсон. Гэрт би Б-ыг архины шилээр цохиж гэмтээсэн нь үнэн, дараа 5-10 минутын хооронд гадаа намайг хутгалсан, түүнээс гэрт байхад шууд хутгалсан зүйл байхгүй. Намайг гадаа тамхи татаад зогсож байхад Б ирээд миний урд талаас хутгалсан. Сүүлд Ц нь миний утсыг хаанаас олсон юм бүү мэд, олоод ирсэн. Би болсон бүх зүйлийг санаж байгаа.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...Б намайг архины шилээр цохисон асуудал болон би түүнийг хутгалсан үйлдэл бүгд гэрт болсон. Намайг архины шилээр цохиж гэмтээсний дараа миний гараас цус годогдоод гараад байхаар нь өөрийгөө хамгаалах гэж нэг хутгалсан. Гадаа ямар нэгэн асуудал болоогүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Е.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч Н.Б нь “...шүүгдэгч тус бүр гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Е.Б-ийн өмгөөлөгч А.Очбадрал: “...Е.Б нь гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин “Зүйлчлэлийг хөнгөрүүлэх, нэмэлт ажиллагаа хийлгэх саналтай оролцож байгаа. Мөн хуульзүйн дүгнэлт хийхэд Б.Б-ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа. Учир нь, Б-ын биед 5 газар  шарх үүссэн байдаг. 2 удаа архины шилээр толгойд нь цохиж, хагархай хэсгээр нь гарын шуу, бугүй гэх мэт газарт зүсэж гэмтээсэн байдаг. Онц харгис хэрцгийгээр үүсгэсэн гэж харахаар. Е.Б нь мөрдөн байцаалтад юу ч санахгүй байна , Б.Б, Ц нараас сонссон мэдсэн хүрээнд ярьсан гэдэг. Гэтэл өнөөдөр хурал дээр  бүгдийг л санаж байгаа мэтээр ярьж байна. Шүүхээс аль мэдүүлгийг үнэлэх вэ, Мөн гэрч Цийн мэдүүлэг өөрчлөгдсөн. Цийн дүү Баасандорж гэх залуу гадаа юу ч болоогүй, сонсоогүй гэдэг, гэтэл хохирогч Б-э, Ц нар нь гадаа хутгалсан гэж мэдүүлдэг, эдгээр хүмүүсийн мэдүүлэг өөрчлөгдсөн шинжтэй бол Б.Б-ын мэдүүлэг анхнаасаа тогтвортой, үйл баримтыг гэрт болж өрнөсөн талаар мэдүүлдэг. Иймд эдгээр асуудлыг шалгаж шийдвэрлэх шаардлагатай  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан 60 хүртэл хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж дээрх асуудыг шалгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг шинжлэн судлахад, тус хэрэг үйлдэгдэх үед Е.Б, Б.Б, Н.Ц гэх хүмүүс байсан байх ба тэдгээр нь дараах байдлаар мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Тухайлбал,

1.Е.Б нь:

- мөрдөн байцаалтад хохирогчоор: “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гадуур халтууранд явах гээд өөрийнхөө машинтай 5-н шарын автобусны буудал дээр зогсож байхад таксинд явдаг ах Ц над дээр ирсэн. Тэгээд “Б-ынд очъё мах чанасан гэж байна” гэж хэлээд Ц ах бид 2 Эмээлтэд байдаг Б-ын гэрт очсон. Тэгэхэд Б- гэртээ ганцаараа мах чанасан байсан ба миний төрсөн өдрөөр уулзаж чадаагүй гээд Б- 1 шил 0,75 литрийн архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Тэгээд Ц ахын машинтай бид 2 дэлгүүр орж 1 шил 0,5 литрийн архи, ундаа ус аваад буцаад Б-ынд орж гурвуулаа хувааж уусан. Орой 19 цагийн үед би нэлээд муудаад утсаараа ярьж унаа дуудах гээд утсаа хайгаад олоогүй. Тэгээд Б-т танай гэрт миний утас алга болчихлоо гэхэд би хулгайч юм уу гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Бид хоёр муудалцаж, Б- бид хоёр хоорондоо зодолдож байснаа бүдэг санаж байна. Тухайн үед би нэлээд муудсан байсан болохоор зарим юм аа сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн би баруун гартаа архины хагархай шил барьсан, Б-ын баруун гараас цус гоожоод, миний хэвлий хэсгээс цус гараад Б- миний гэдсийг боох гэж байсан. Ц ах Б-ын гарыг цэвэрлэж боолт хийж өгсөн. Ц ах миний утсыг машины суудал доогуур унагаасан байна гээд гаргаж өгсөн. ...Тухайн үед би эхлээд Б-ын толгойг архины шилээр хагалахад Ц ах салгаад гэрээс гаргасан. Тэгээд гадаа байж байхад Б- гэрээсээ хутга авч гарч ирээд миний хэвлий рүү 1 удаа хатгаж, хүзүүний ард хэсгийг 1 удаа зүссэн. Тэгэхээр нь би барьж байсан архины шилээрээ Б-ын баруун гарын булчин шуу хэсгийг нь зүссэн. Тухайн үйлдлийг би огт санахгүй байгаа. Сүүлд нь надад Ц ах, Б- хоёр надад хэлсэн. Б- надад эмчилгээний зардалд 500,000 төгрөг дансаар өгсөн. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал, 35-36 дахь тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор: “...Б.Б нь миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан, тухайн үйл баримт гадаа болсон. Гэрт би Б-ыг архины шилээр цохиж гэмтээсэн нь үнэн, дараа 5-10 минутын хооронд гадаа намайг хутгалсан, түүнээс гэрт байхад шууд хутгалсан зүйл байхгүй. Намайг гадаа тамхи татаад зогсож байхад Б- ирээд миний урд талаас хутгалсан. Сүүлд Ц нь миний утсыг хаанаас олсон юм бүү мэд, олоод ирсэн. Би болсон бүх зүйлийг санаж байгаа, бага багаар санасан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

2.Б.Б нь:

-мөрдөн байцаалтад хохирогчоор: 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 7-52 тоот гэртээ ганцаараа байх үед манай найз Б-э залгаад Ц бид хоёр очиж байна, хоол хийгээд байж бай гэсэн. Тэгээд 14 цаг өнгөрөөгөөд хоол унд идэж байгаад Б-э нь дэлгүүр гарч 1 шил 0,75 литрийн архи авчраад бид 3 хувааж уусан. Тэгээд ахиад 0.75 литрийн архи авчраад ууцгаасан. ... орой 19 цагийн үед Б-э дахиад архинд яваад 1 шил 0,5 литрийн Хараа авч гэрт орж ирээд миний утас алга болсон байна, наагуураа миний утсыг хайгаад өг гэж хэлсэн. Тэгээд би гэртээ Б-ийн гар утсыг хайгаад олдохгүй байхаар нь утас чинь байхгүй байна, би чиний утсыг авна гэж юу байх вэ дээ гэж хэлэхэд миний 100,000 төгрөгийн үнэтэй утас, би та нарт архи авч өгнө, дээр нь гар утсаа та нарт алдана гэж байхгүй гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь утас чинь байгаа байлгүй дээ, гадаа машин тэргэндээ үзэхгүй юу гэрт байхгүй байна гэж хэлэхэд Б-э ширээн дээр байсан архины шил аваад миний толгойн дээр 2 удаа цохиод архины шил хагарсан. Тэгээд би Б-ийг өөрөөсөө холдуулах гээд түлхэхэд чамайг ална шүү гээд хагархай архины шилээрээ миний зүүн гарын булчин хэсэгт 2 удаа зүссэн. Тэгээд баруун гарын шууг 1 удаа, зүүн шанааг 1 удаа хагархай шилээр зүссэн. Тэгэхэд миний зүүн гарын булчин хэсэг нэлээд том ангайгаад цус их гарсан. Тэгэхээр нь би ширээн дээр хоол идэж байсан бор иштэй хутгыг аваад Б-ийн зүүн цайвны дээд хэсэг рүү 1 удаа хатгасан. Тэгээд бид хоёр салаад 2 талд суугаад өөрсдийнхөө цусыг боож цэвэрлээд Ц ахад хандан Б-ийг Гэмтэл рүү аваад явчих гэж хэлсэн.Тэд нар манайд ирэхдээ машинтай ирсэн байсан ба  бид нар архи уусан тул сүүлд Ц машин бариулахаар  дүүгээ дуудчихлаа гэж хэлж байсан. Тэр дүү нь манай гэрт орж ирээгүй ...Надад эмчилгээтэй холбоотой 200,000 төгрөгийн баримт гарсан. Тухайн баримтыг би хэрэгт хавсаргахгүй. Би уг мөнгийг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б- бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал, 27-28 дахь тал),

- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор: “...Б-э намайг архины шилээр цохисон асуудал болон би түүнийг хутгалсан үйлдэл бүгд гэрт болсон. Намайг архины шилээр цохиж гэмтээсний дараа миний гараас цус годогдоод гараад байхаар нь өөрийгөө хамгаалах гэж нэг хутгалсан. Гадаа ямар нэгэн асуудал болоогүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр: “...Е.Б, Ц бид нар 7,8 жил найзалсан найзууд. Би өөрийгөө хамгаалахын тулд Б-ийг хутгаар хатгасан юм. Б-э нь миний утас алга байна гэхээр нь байгаа л байлгүй дээ гээд хэлсэн чинь уурлаад намайг архины шилээр цохиод зүсээд салахгүй, хүчрэгдэхгүй байсан тул өөрөөсөө холдуулах гээд нэг удаа хутгаар хатгачихсан юм, дээрх бүх асуудал гэрт болсон. Тухайн үед Б-э, Ц бид 3 л байсан, өөр хүн байгаагүй. Ц салгах гэж оролдоогүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

3. Гэрч Н.Ц нь мөрдөн байцаалтад :

- 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...миний бие 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр танил дүү Б-ын гэрт  Б-ийн хамтаар  мах идэхээр очсон. Тэгээд бид 3 нийт 2 шил архи хувааж уусан. Гэтэл Б-э утас алга болчихлоо гээд Б-т хэлж тэр хоёрын дунд маргаан болсон. Б-ын гэр 2 өрөөтэй бөгөөд үүдний өрөөний хэсэгт байж байтал  Б- эхлээд  орилох шиг болсон бөгөөд  гайхаад  хартал толгой болон гараас  нь цус гарч байсан.  Тухайн үед Б-ийн гарт ууж дууссан байсан архины шил цус болж хагарсан байсан. Би Б-ийг гэрээс гаргасан бөгөөд  Б-ыг гэрт үлдээсэн. Гэтэл Б- нь гэрт мах идэж байсан бор иштэй хутгыг аваад гарсан байна лээ. Тэгээд би гэрт үлдсэн байсан бөгөөд  Б-ийн араас Б- хутга бариад гарсныг  мэдээгүй юм. Гэнэт гадаа орилоон болохоор нь би  гараад хартал Б-ийг  Б- нь  хутгалсан байсан. Тэгээд би болиулаад эмнэлэгт рүү Б-ийг  хүргэж өгсөн. Тухайн үед Б-ийн алга болсон гэх утас миний  машинд шалавч дээр байсан” гэж (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: “...Б-э, Б-  бид нар  эхлээд 1 шил 0.75 литрийн дараа нь 0.5 литрийн архи уусан. Тэгээд 3 дахь 1 шил 0.5 литрийн  архи авч  ирээд маргаан үүссэн. Уг архиа ууж эхлээгүй байсан.  ... Б-э утас алга болчихлоо гээд уурлаад байсан, тэгээд Б-тай муудалцаад том өрөөнд хэрүүл хийгээд тухайн үед Б-ын гэрт зодоон болсон. Би гал тогооны өрөөнд гар утсыг нь хайсан. Тэгээд Б- “архины шилээр цохичихлоо ш дээ” гээд орилохоор нь том өрөөнд яваад ортол Б-ын нүүр, гар нь нил цус болсон, Б-ийн гар хөл нь цус болсон харагдсан. Тэгээд би дундуур нь орж арай гэж салгасан. Тэгээд тэр хоёрыг тайвшруулаад 2 талд суулгасан. Тэгэхэд Б- “Б-г эмнэлэгт авч явахгүй бол болохгүй” гэж хэлэхээр нь яасан гээд хартал Б-э гэдсээ гараараа дараад цус гараад байсан. Тэгээд би сандарч машинаас эмийн сан авч ирээд боолт хийж өгөөд, гадаа манай ажлын дүү Баасандорж ирсэн байхаар нь хамт Б-ийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед  би өөрөө нэлээн муудсан байсан болохоор  зарим юмаа хольж солиод буруу ярьсан байна.  Тухайн үед гадаа  ямар нэгэн асуудал болоогүй. Харин Б-ын гэрт уг асуудал  болсныг мэдсэн. Намайг авах гэж ирсэн Баасандорж хүртэл гадаа ямар нэгэн асуудал болоогүй гэж хэлсэн. Бид 3-с өөр хүн байгаагүй.  Манай ажлын дүү Баасандорж  сүүлд намайг авах гэж ирсэн. Тэгэхдээ гэрт орж ирээгүй,  гадаад машин дотор  намайг хүлээлгээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

-2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний орой Б-ын гэрт зодоон болсон. Зодоон болох  болсон шалтгаан нь бид 3  ууж байгаад Б-э гар утас алга болчихлоо гээд бид 3 гар утсыг нь гэрт хайсан. Тухайн үед Б-э, Б-  нар том  өрөөнд, би  гал тогооны өрөөнд  Б-ийн гар утсыг  хай байсан. Тэгэхэд том өрөөнд  архины шилээр намайг цохичихлоо ш дээ гэж Б- орилоод  хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд би том өрөөнд  салгах гээд ороход Б-ын нүүр шанаа , Б-э, Б-  нарын гар энгэр нь цус болсон байсан. Тэгээд би салгах гээд ганцаараа дийлэхгүй нэлээн зууралдаж байгаад  салгаад 2 тийш нь болгоод Б-ийг  хаалгаар гадагшаа гаргаад Б-ыг гэрт үлдээсэн. Тэгээд би Б-тай  хамт орон дээр сууж байхад Б- Б-ийн араас босоод гараад явсан.  Тэгээд би гэрт ганцаараа үлдээд сууж байтал  Б- ганцаараа орж ирээд эмнэлэг явахгүй бол болохгүй нь Б-г аваад” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм яасан юм гэж хэлээд  Б-ын араас дагаж гарсан. Тэгэхэд байшингийн гадаа үүдэн дээр Б-э  зүүн хэвлий хэсгээс  цус гараад өөх ярзайгаад ангайсан харагдсан. ...Б-э, Б- нарыг салгаад Б-ийг гаргасны дараа Б- миний хажууд 5 орчим минут сууж байгаад юм хэлээгүй гэнэт  босоод гараад явсан. Тэгээд буцаж 1 орчим минутын дараа буцаж орж ирсэн. Анхны мэдүүлэг үнэн зөв. 2 дахь мэдүүлэг дээрээ айж сандарсандаа тэгж мэдүүлсэн, буруу зөрүү ярьсан байна. Гадаа бол орилох чимээ сонсогдоогүй, дотроо бодож байсан бодлоо л хэлсэн юм шиг байна лээ. (хавтаст хэргийн 191-192 дахь тал) гэж мэдүүлцгээжээ.

Дээрх хүмүүсийн мэдүүлгүүдийг өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг болон бусад хүмүүсийн өгсөн мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд,

 Е.Б-ийн хувьд, мөрдөн байцаалтад хохирогчоор 2 удаа мэдүүлэхдээ эхний мэдүүлэгтээ “...Б.Б-тай гар утасны асуудлаас бол маргалдсан. Тухайн үед би эхлээд Б-ын толгойг архины шилээр хагалахад Ц ах салгаад гэрээс гаргасан. Тэгээд гадаа байж байхад Б- гэрээсээ хутга авч гарч ирээд миний хэвлий рүү 1 удаа хатгаж, хүзүүний ард хэсгийг 1 удаа зүссэн. Тэгэхээр нь би барьж байсан архины шилээрээ Б-ын баруун гарын булчин шуу хэсгийг нь зүссэн. Тухайн үйлдлийг би огт санахгүй байгаа. Сүүлд нь надад Ц ах, Б- хоёр надад хэлсэн” гэж мэдүүлсэн, 2 дахь мэдүүлэгтээ хохирол нэхэмжлэх эсэх асуудалтай холбоотой зүйлийг мэдүүлснээс өөр зүйл мэдүүлээгүй. Харин шүүхийн хэлэлцүүлэгт “ Б.Б нь миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан, тухайн үйл баримт гадаа болсон. Гэрт би Б-ыг архины шилээр цохиж гэмтээсэн нь үнэн, дараа 5-10 минутын хооронд гадаа намайг хутгалсан, түүнээс гэрт байхад шууд хутгалсан зүйл байхгүй. Намайг гадаа тамхи татаад зогсож байхад Б- ирээд миний урд талаас хутгалсан. Би болсон бүх зүйлийг санаж байгаа, бага багаар санасан” гэж мэдүүлснээс үзвэл, Е.Б нь Б.Б-ын толгой тус газар луу цохих, архины шилээр цохисон, хатгасан үйл явдал гэрт болсон, харин өөрийг нь хутгалсан гэх үйлдэл нь  хэсэг хугацааны дараа буюу 5-10 минутын дараа гэрийн гадаа үйлдэгдсэн талаар өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байна.

Хэдийгээр мөрдөн байцаалтад зарим үйл явдлыг бусдаас сонссон, өөрөө тухайн үйл явдлыг бүдэг бадаг санаж байгаа гэж мэдүүлсэн ч  хутгалуулсан үйл явдлыг гэрийн гадна  болсон гэх мэдүүлгийг тогтвортой, агуулгын хувьд зөрүүгүй өгсөн байх тул түүнийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрч Н.Цийн өгсөн мэдүүлгийн хувьд, тэрбээр мөрдөн байцаалтад 3 удаа мэдүүлэг өгснөөс эхний болон сүүлд өгсөн мэдүүлэгт Б.Б-ын биед гэмтэл учруулсан асуудал гэрт болсон, улмаар Е.Б-ийг гаргасны дараагаар 5 орчим минутын дараа Б.Б гэрээс гараад явсан, орж ирээд Б-г аваад эмнэлэг явахгүй бол болохгүй нь гэж хэлсэн” гэсэн байдлаар мэдүүлсэн бол  харин 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгтээ бүх үйл явцыг гэрт өрнөсөн гэж мэдүүлсэн ч сүүлийн мэдүүлэгтээ энэ 2 дох мэдүүлгээ үгүйсгэсэн, энэ учир шалтгаанаа “айснаас үүдэлтэй”  ийм тайлбарласан байна. Иймд түүний айснаас үүдэлтэй өгсөн гэх 2 дахь мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.

Харин гэрч Н.Цийн эхний болон сүүлд өгсөн “Б.Б-ыг гэмтээсэн үйлдэл гэрт, Е.Б-ийг гэмтээсэн үйлдэл нь гадаа болсон” гэсэн мэдүүлэг нь хохирогч Е.Б-ийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд тухайн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд хэрэг үйлдэгдсэн даруйд авагдсан, дараа нь энэ мэдүүлгээ үнэн зөв гэж мэдүүлсэн тул түүний эдгээр мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Б.Б-ын хувьд, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээр мэдүүлэхдээ бүх үйл явдал гэрт өрнөсөн. Е.Б нь өөрийг архины шилээр цохисон, хатгасны дараа өөрийгөө хамгаалах зорилгоор Е.Б-ийн хэвлий тус газар нэг удаа хутгалсан гэж мэдүүлсэн.

Хохирогч Б.Б, Е.Б, гэрч Н.Ц нарын мэдүүлгээс харахад, зодоон цохион, маргааны асуудал нь Е.Б, Б-ын хооронд өрнөсөн талаар агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн ч уг үйл явдал нь хаана, хэзээ өрнөсөн гэх асуудлын хувьд л зөрүүтэй байх ажээ.

Тухайн үед байсан гэрч Н.Ц, хохирогч Е.Б нарын мэдүүлгээр Б.Б-ын өгсөн мэдүүлгийн зарим хэсэг болох “...бүх үйл явц гэрт өрнөсөн, Е.Б-ийн үйлдлийг таслан зогсоох, өөрийгөө хамгаалах зорилгоор хутгалсан” гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдсэн тул энэхүү хэсгийг нотлох баримтаар тооцож үнэлэх  боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх” эрхэд нь хууль бусаар халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалах үйлдэл хийж, эсрэг хүч хэрэглэн зогсоосон эсэх  асуудал нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, эсрэгээрээ хохирогч Е.Б, гэрч Н.Ц нарын мэдүүлгээр Е.Б нь Б.Б-ын биед халдсан үйлдэл болон Б.Б нь Е.Б-ийн биед халдсан үйлдэл нь хоорондоо тодорхой хугацааны завсарлагатайгаар үйлдэгдсэн, Е.Б-ийн үйлдэл төгссөний дараагаар шүүгдэгч Б.Б нь Е.Б-ийн эсрэг үйлдэл хийснийг Б.Б өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны  эсрэг хийсэн  гэмт хэргийн шинжтэй  үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Харин довтолгоон төгссөний дараа хийсэн үйлдэл нь мөн хуулийн 3 дахь хэсэгт  зааснаар “...аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн,  эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно  хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл болох хэдий ч тухайн үйлдэл төгссөний дараа хийсэн үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд  хамаарахгүй юм.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон гэж үзэв. Үүнд:

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 7 дугаар гудамжны 52 тоотод:

 шүүгдэгч Е.Б, Б.Б нар нь нийлж согтуурсан үедээ Е.Б нь  “гар утас алга болсон байна” гэж, Б.Б нь “хэн чиний утсыг авдаг юм, би хулгайч юмуу” гэж хоорондоо маргалдан улмаар шүүгдэгч Е.Б нь иргэн Б.Б-ын толгойн тус газар нь архины шилээр цохиж, гарыг нь архины хагарсан шилээр зүсэж, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн бугалга, баруун шуунд шарх, зүүн шанаа, хацарт зулгаралт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 харин шүүгдэгч Б.Б өөрт нь гэмтэл учрууллаа хэмээн уурлан гэрээс гарч хашаан дотор тамхи татан зогсож байсан Е.Б-ийн хэвлийн тус газар нь хутгаар хатгаж, хэвлийн зүүн доод хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрч чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Е.Б-ийн “...Орой 19 цагийн үед би нэлээд муудаад утсаараа ярьж унаа дуудах гээд утсаа хайгаад олоогүй. Тэгээд Б-т танай гэрт миний утас алга болчихлоо гэхэд би хулгайч юм уу гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Бид хоёр муудалцаж, Б- бид хоёр хоорондоо зодолдож байснаа бүдэг санаж байна. ...Тэгээд гадаа байж байхад Б- гэрээсээ хутга авч гарч ирээд миний хэвлий рүү 1 удаа хатгаж, хүзүүний ард хэсгийг 1 удаа зүссэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал, 35-36 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Хохирогч Б.Б-ын: “...Б-э ...гэрт орж ирээд миний утас алга болсон байна, наагуураа миний утсыг хайгаад өг гэж хэлсэн. Тэгээд би гэртээ Б-ийн гар утсыг хайгаад олдохгүй байхаар нь утас чинь байхгүй байна, би чиний утсыг авна гэж юу байх вэ дээ гэж хэлэхэд миний 100,000 төгрөгийн үнэтэй утас, би та нарт архи авч өгнө, дээр нь гар утсаа та нарт алдана гэж байхгүй гээд уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь утас чинь байгаа байлгүй дээ, гадаа машин тэргэндээ үзэхгүй юу гэрт байхгүй байна гэж хэлэхэд Б-э ширээн дээр байсан архины шил аваад миний толгойн дээр 2 удаа цохиод архины шил хагарсан. Тэгээд би Б-ийг өөрөөсөө холдуулах гээд түлхэхэд чамайг ална шүү гээд хагархай архины шилээрээ миний зүүн гарын булчин хэсэгт 2 удаа, баруун гарын шууг 1 удаа, зүүн шанааг 1 удаа хагархай шилээр зүссэн. Тэгэхэд миний зүүн гарын булчин хэсэг нэлээд том ангайгаад цус их гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал, 27-28 дахь талд авагдсан баримын зарим хэсгээс),

3. Гэрч Н.Ц нь мөрдөн байцаалтад :

- 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...Б-э утас алга болчихлоо гээ Б-т хэлж тэр хоёрын дун маргаан болсон. Б-ын гэр 2 өрөөтэй бөгөөд  үүдний өрөөний  хэсэгт байж байтал  Б- эхлээд  орилох шиг болсон бөгөөд  гайхаад  хартал толгой болон гараас  нь цус гарч байсан.  Тухайн үед Б-ийн гарт ууж дууссан байсан архины шил цус болж хагарсан байсан. Би Б-ийг гэрээс гаргасан бөгөөд  Б-ыг гэрт үлдээсэн. Гэтэл Б- нь гэрт мах идэж байсан бор иштэй хутгыг аваад гарсан байна лээ. Тэгээд би гэрт  үлдсэн байсан бөгөөд  Б-ийн араас Б- хутга бариад гарсныг  мэдээгүй юм. ... гараад хартал Б-ийг Б- нь  хутгалсан байсан.” гэж (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

-2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...Б-э гар утас алга болчихлоо гээд бид 3 гар утсыг нь гэрт хайсан. Тухайн үед Б-э, Б-  нар том  өрөөнд, би  гал тогооны өрөөнд  Б-ийн гар утсыг  хайж байсан. Тэгэхэд том өрөөнд архины шилээр намайг цохичихлоо ш дээ гэж Б- орилоод  хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд би том өрөөнд  салгах гээд ороход Б-ын нүүр шанаа , Б-э, Б-  нарын гар энгэр нь цус болсон байсан. Тэгээд би салгах гээд ганцаараа дийлэхгүй нэлээн зууралдаж байгаад  салгаад 2 тийш нь болгоод Б-ийг  хаалгаар гадагшаа гаргаад Б-ыг  гэрт үлдээсэн. Тэгээд би Б-тай  хамт орон дээр сууж байхад Б- Б-ийн араас босоод гараад явсан.  Тэгээд би гэрт ганцаараа үлдээд сууж байтал  Б- ганцаараа орж ирээд  эмнэлэг явахгүй бол болохгүй нь Б-г аваад” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм яасан юм гэж хэлээд  Б-ын араас дагаж гарсан. Тэгэхэд байшингийн гадаа үүдэн дээр Б-э  зүүн хэвлий хэсгээс  цус гараад өөх ярзайгаад  ангайсан харагдсан. ...Б-э, Б- нарыг салгаад Б-ийг гаргасны дараа Б- миний хажууд 5 орчим минут сууж байгаад юм хэлээгүй гэнэт  босоод гараад явсан. Тэгээд буцаж 1 орчим минутын дараа буцаж орж ирсэн. Анхны мэдүүлэг үнэн зөв. 2 дахь мэдүүлэг дээрээ айж сандарсандаа тэгж мэдүүлсэн, буруу зөрүү ярьсан байна. Гадаа бол орилох чимээ сонсогдоогүй, дотроо бодож байсан бодлоо л хэлсэн юм шиг байна лээ. (хавтаст хэргийн 191-192 дахь тал)

4. Гэрч М.Б-ийн: “...Би ажлаасаа гараад орой 18 цагийн үед Тахилтад очоод Ц ах руу залгахад намайг зам дээр гарч ирж тосож аваад надад машиныхаа түлхүүрийг өгөөд би машинд нь хүлээж байсан. Тэгээд Ц ах орчхоод гараад ирье гээд 30 орчим минутын дараа ганцаараа гарч ирээд машинаасаа эмийн сан аваад буцаад тэр айл руугаа орсон. Тэгээд удалгүй Ц ах нэг махлаг ахтай гарч ирээд эмнэлэг явъя гээд гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэгээд тэр хүний ар гэрийнхэн нь ирээд би гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэгээд тэр хүний ар гэрийнхэн нь ирээд би Ц ахыг аваад орой 22 цагийн үед гэрт нь хүргэж өгөөд, би гэртээ харьсан. Хамт гарч ирсэн махлаг ах гэдсээ бариад ёолоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1727 дугаартай: “...Б.Б-ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн бугалга, баруун шуунд шарх, зүүн шанаа, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1747 дугаартай: “...Е.Б-н биед хэвлийн зүүн доод хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрч чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 731 дугаартай  биологийн шинжилгээ: “...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан 27 см урттай, ажлын хэсэг дээр “Труа вача  гэсэн бичигтэй, бор шаргал өнгийн модон иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Уг хутга дээр цус илэрсэн,уг цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” (хавтаст хэргийн 76-77 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Е.Б-ийн архидан согтуурсан үедээ бусдыг хулгайд сэрдэж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлж, улмаар хохирогч Б.Б-ын биед халдаж гэмтэл учруулсан, уг гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан нь хохирогч Б.Б, гэрч Н.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр, шүүгдэгч Б.Б нь “утас аваагүй байхад хулгайд сэрдлээ” хэмээн дургүйцэж Е.Б-ийн биед халдаж гэмтэл учруулсан нь хохирогч Е.Б, гэрч Н.Ц нарын мэдүүлгээр, хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр, хохирогч Е.Б-ийг хутгалсан гэх хутганаас цус илэрсэн нь биологийн шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тэдгээрийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Харин тус хэрэгт авагдсан гэрч М.Б- нь тухайн үйл явцыг хараагүй, сонсоогүй, гэр болон хашаа руу ороогүй гэж мэдүүлсэн байх тул түүнээс дахин мэдүүлэг авах нь ач холболгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Е.Б нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хийхдээ онц харгис хэрцгийгээр үйлдсэн нь тогтоогдоогүй байна. Учир нь, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэдэгт хохирогчид  олон тооны шарх,  гэмтэл үүсгэж,  өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон,  учруулсан гэмтлийн улмаас зовж  зүдрэхээр  байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж,  өөрийн үйлдлийн  харгис хэрцгий үр  дагаврыг  урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгоно. Түүнчлэн онц харгис хэрцгийгээр гэмтэл учруулах гэдэгт  зөвхөн хохирогчид олон тооны  шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг  дангаар ойлгохгүй бөгөөд  гэмт этгээд  уг үйлдэлдээ  хандсан сэтгэхүйн  харьцаа, хүсэл зоригийн  элементийг  давхар харгалзан үзэх, энэ байдал нь нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардахаар байна.

Шүүгдэгч Е.Б нь өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж,  өөрийн үйлдлийн  харгис хэрцгий үр  дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Е.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Е.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүхээс хохирогч, гэрч нарын аль мэдүүлгийг хэрхэн үнэлсэн, мэдүүлгийн зарим хэсгийг яагаад үнэлгээгүй шалтгаан үндэслэлээ дээрх байдлаар тайлбарлаж, нотлох баримтад тулгуурлан няцаасан  тул шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгчөөс гаргасан “... хохирогч Е.Б, гэрч Н.Ц нарын мэдүүлгээс аль мэдүүлгийг үнэлэх, гэрч М.Б-оос дахин мэдүүлэг авах, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй зэргээс Б.Б нь Е.Б-ийн хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан асуудал нь аргагүй хамгаалалтын шинжтэй эсэхийг шалгуулахаар  шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж уг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Е.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх боловч хохирогч Б.Б хохирол нэхэмжлэхээс татгалзсан, харин хохирогч Е.Б нь шүүгдэгч Б.Баас 500,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснээс гадна эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид харилцан бие биеэсээ хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлцгээсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е.Б нь ГССҮТөв эмнэлэгт  хэвтэж эмчлүүлсэн байх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зориулж 636.575 төгрөгийг зарцуулсан байх боловч уг зардлыг нэхэмжилсэн баримтаа ирүүлээгүй байх тул  Эрүүл мэндийн даатгалын сан нь гэм хорын зардлаа шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. (хавтаст хэргийн 83 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Е.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн өрхийн дундаж орлого, цалин хөлсний байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Е.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал “Прокурорын дүгнэлттэй хүлээн зөвшөөрч байгаа тул прокуророос гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин “...шүүхээс гэм буруутайд тооцлоо. Б.Б-ын хувьд хутгалсан үйлдэл дээрээ маргадаггүй, зөвхөн өөрийгөө хамгаалж хутгалсан гэж мэдүүлдэг. Энэ нь гэм буруугийн хэлбэрээс хамаарах байх. Б.Б нь Е.Б-д 500,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэдэг. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Е.Б-ийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

 шүүгдэгч Б.Б-ын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүй бус хэрэглээ буюу архидалтаас үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж, харилцан бие биедээ  учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, Б.Б нь хохирогч Е.Б-д 500,000 төлсөн, Е.Б цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж, Б.Б нь хохирогчийн хувьд шүүгдэгч Е.Б-эс хохирол нэхэмжлэхээс татгалзсан байдал буюу харилцан бие биедээ төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч нар хувийн байдлын хувьд, тухайлбал, шүүгдэгч Е.Б нь  анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтсон орлоготой, шүүгдэгч Б.Б-ын хувьд, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг тус тус харгалзан дараах байдлаар ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэлээ. Тухайлбал,

Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Е.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн өрхийн дундаж орлого, цалин хөлсний байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудал дээр маргаж мэтгэлцэж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Е.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч З овогт Е-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Е.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая, гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б-д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын сан нь гэм хорын зардлыг баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-аас нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Е.Б-д урьд авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АЛТАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                            Б.ДАШДОНДОВ

                                   ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР