Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/884

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000976 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хамтран амьдрагч, дүү нарын хамт амьдардаг гэх, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг ... дүгээр хороолол ... дүгээр байр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Жаргалант ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн О (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо цэргийн хотхоны орчимд хамтран амьдрагч О.М-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр зүүн гуяны ар хэсэгт 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь “зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч О.М-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 6330 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), шүүгдэгч Б.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 46, 56 дахь тал), шүүгдэгч Б.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй байна. Учир нь,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...хамтран амьдарч” 3.2 дахь хэсэгт “...эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан...” гэж заасан байх бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалт “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор зохицуулагдсан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

Ингэхдээ хууль тогтоогч нараас гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй хүмүүсийн хооронд үүссэн байнгын  шинжтэй бие махбод, сэтгэл  санаа, эдийн  засгийн хувьд дарамтад байлгадаг харилцааг ойлгохыг тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийвэл, шүүгдэгч Б.О, хохирогч О.М нар гэрлэлтийн баталгаагүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа хүмүүс байх бөгөөд амьдарч байх хугацаанд бие биедээ хүч хэрэглэж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, О.М нь хаяа хааяа архи уудаг болохоос өөр хоорондоо таарамжгүй харилцаатай байдаггүй талаар  хөндлөнгийн эх сурвалжтай байх тул шүүгдэгч Б.О-ийг хохирогчийн эсрэг хийсэн нэг удаагийн шинжтэй үйлдлийг  “гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж” гэсэн ойлголтод хамруулж хүндрүүлэн үзэх, дүгнэх боломжгүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар хөнгөрүүлэн зүйлчилсэн болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болон нотлох баримтуудыг дурдвал,

2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо цэргийн хотхоны орчимд шүүгдэгч Б.О, хохирогч О.М нар нь бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, улмаар Б.О нь төмрөөр О.М-гийн зүүн гуяны ар хэсэгт 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2. Хохирогч О.М-гийн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Одончимэгийн хамт найз болох Х-гийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Төмөр замын байр гэх газарт 17 цагийн үед 0.5 литрийн Хараа архи авч очсон. Х-гийн гэрт ороход нөхөр хүүхэдтэйгээ гурвуулаа байсан. Тэгээд авч очсон Хараа архиа Х-гийн нөхөр Оюунболд, манай эхнэр Одончимэг бид гурав хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад Х-гийн гэрээс Одончимэг бид хоёр гарсан. Тэгээд гараад би Одончимэгт хандан гэртээ харъя гэж хэлсэн чинь Одончимэг харихгүй, архи уумаар байна гэж надад агсам тавиад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдээд тэгсэн чинь Одончимэг надад агсраад миний зүүн хөлний гуя хэсэгт нэг үзүүртэй юмаар зүссэн, хутга мөн биш гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд би буцаад Х-гийн гэрт ортол Х хүүе ээ наад хөлнөөс чинь цус гараад байна ш дээ юун баахан цус болчихоо вэ цагдаа дуудъя гээд Х цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одончимэг нь миний хамтран амьдрагч. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Одончимэг миний зүүн хөлний гуя хэсэгт үзүүртэй зүйлээр зүсэж байхыг харсан хүн байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 6330 дугаартай: “...О.М-гийн биед зүүн гуянд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),  

4. Шүүгдэгч Б.О-ийн: “...Бид хоёр гудамжинд хоорондоо маргалдсан. Учир нь М дахиж нэмж архи ууна гэснээс болж маргалдсан. М нь агсам тавиад архи нэхээд намайг цохиод авахаар нь би газраас нэг төмөр аваад зүүн талын гуяны арын хэсэг рүү нэг удаа хатгасан. Түүнээс зүгээр байхад нь би цохиогүй. Тэгээд би М-гаас салаад явж байгаад буцаад ирэхэд М цагдаад дуудлага өгсөн байсан. Би буруу зүйл хийснээ ойлгож байна. Бид хоёр хамтран амьдраад 8 жил гаран болж байгаа энэ хугацаанд намайг цохиж зодож байсан асуудал байхгүй. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй бөгөөд албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. Би хувиараа барилга дээр засал чимэглэлийн ажил хийдэг ба одоо хувь хүний барилга дээр засал чимэглэл хийж байгаа. Сардаа 1 саяас 1 сая 500 мянган төгрөг олдог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах шинжээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.О нь хохирогч О.М-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Б.О нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч О.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.О “...Санал байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.О-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь /шүүгдэгч, хохирогчийн/ тэдгээрийн архины зүй хэрэглээнээс үүдэлтэйгээр гарсан, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хохирол нэхэмжлэхээс татгалзсан нөхцөл байдал, шүүгдэгч Б.О-ийн хувийн байдал /хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой/, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ