Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0210

 

                                                                                                 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: НЗД

Хариуцагч: НГЗБА

Хариуцагч: НОБГГТҮХАБ

Нэхэмжлэлийн шаардлага:

  1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах.
  2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах.
  3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах
  4. Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа С.Э 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, өмгөөлөгч Д.Ц, онлайнаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, онлайнаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Х.А, гуравдагч этгээд Хавдар судлалын үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Э” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг дарга 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож, талбайн хэмжээг өөрчилсөн бөгөөд нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас уг захирамжийг хүлээн аваад уг захирамжийг гардаж авсан 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2020 оны тоот хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан.

Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь мөн өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулж өгсөн.

Энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдлыг Нийслэлийн Засаг даргад 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан.

Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь өргөдлийн хариугаа шийдвэрлэж нэхэмжлэгчид ирүүлээгүй атлаа Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий газарт бөөнөөрөө ирж өнөө орой буюу 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагт газрыг албадан чөлөөлөх талаар уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж буй түрээслэгчид мэдэгдэж, дотогшоо оруулахгүй, гарц бүсэлж хэрхэн яаж нураах талаар хоорондоо ярилцаж, газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамжийг гардаж авсан хоёр өдрийн дараа хууль бусаар газар чөлөөлж, өмч хөрөнгийг нураахаар завдаж байгаа тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“Э” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 309 дүгээр захирамжийн 41 дэх хэсгээр 200 м.кв газрыг 4 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Мөн “Э” ХХК нь Баянзүрх дүүргийн хороонд Нийслэлийн Засаг даргын 2004 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 30 дугаар захирамжаар 900 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрхтэй болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар “Э” ХХК-д эзэмшүүлсэн 900 м.кв газрыг 1142 м.кв болгож талбайн хэмжээг өөрчилж нэмэгдүүлсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 57 дугаар зүйлийн 57.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн *******ны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1142 м.кв газрыг эзэмшигч “Э” ХХК нь Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны ******* дүгээр дүгнэлт, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны ******* архитектур төлөвлөлтийн даалгавар болон Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм НББД 30.01.04 12.1.6 дугаар зүйлийг тус тус үндэслэн Н.Нямдаваагийн нэрэмжит  хавдар судлалын үндэсний төвийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц гаргах тухай удаа дараагийн албан шаардлагыг биелүүлээгүй, мөн зогсоолын талбай, гарц байхаар төлөвлөгдсөн байршилд зохих зөвшөөрөлгүйгээр барилга барьсан байх тул тус компанийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өмнө нь эзэмшиж байсан хэмжээгээр буюу 900 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсүгэй гэжээ.

Мөн уг захирамжийн 2 дугаар заалтаар “Энэ захирамжид заасан аж ахуй нэгж байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай гээд 3 дугаар заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 2016 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн ******* дугаар захирамжийн хавсралтын “Э” ХХК-д холбогдох жагсаалтын 26 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн захирамж гаргаж манай компанийн газар эзэмших эрхэд хууль бусаар үндэслэлгүйгээр халдлаа.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны   дугаар   захирамж   нь

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг зөрчсөн бөгөөд манай компани газрын хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй байхад Газрын тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг зөрчиж, манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан үндэслэлээр захиргааны акт хууль бус болохыг тогтоолгохоор дараах байдлаар гомдол гаргаж байна. 

Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “... удаа дараа...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно, нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна.

Мөн зүйл хэсэгт заасан “...ноцтой зөрчлийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцгой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол гэрээнд нэрлэн заасан  байвал зохионо” гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг тайлбарласан байдаг.

Гэтэл манай компани газрын хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзол буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй байхад Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болгохоор хуульчилжээ.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т заасан хугацаа өнгөрсөн байхад захиргааны байгууллага манай компанийн 900 м.кв газрын 1142 м.кв болгож нэмэгдүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/******* дугаар захирамжийг 10 жилийн дараа 2020 онд өөрчлөн талбайн хэмжээг 900 м.кв болгон багасгаж, захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамжийн 1 дэх заалт

нь нэг болохоор Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/******* дугаар захирамжаар “Э” ХХК-д эзэмшүүлсэн 900 м.кв газрыг 1142 м.кв болгож талбайн хэмжээг 242 м.кв-аар нэмэгдүүлсэн газрыг эргүүлэн энэхүү 2020 оны дугаар захирамжаар хасаад эзэмшүүлсэн талбайн хэмжээг багасгасан, эсвэл өмнө нь буюу 2010 оны А/******* дугаар захирамжаас урьд өмнө “Э” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 900 м.кв газрын хэмжээг хэвээр үлдээж, уг захирамжийн хугацааг нь 15 жил болгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хугацааг сунгасан мэт, эсвэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод шинээр газар эзэмших эрх олгосон мэт боловч 3 дугаар заалтаар тусад нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг зөрчсөн бөгөөд манай компани газрын хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг зөрчиж манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талбайн хэмжээг багасгасан, хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүйгээр хуульд заасан үндэслэлгүйгээр захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхэд халдсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “Э” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч н.Э-аас хүлээн авсан.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны дугаар захирамжаар ... өмнө нь эзэмшиж байсан хэмжээ буюу 900 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлсүгэй...гэж заасан гэтэл нэхэмжлэгчийн маргаан бүхий байршилд байгаа өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нь 980 м.кв байхад ... уг үл хөдлөх эд хөрөнгийн суурийн 980 м.зв газраас хариуцагч суурийн 80 м.кв газрыг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн маргаан бүхий байшинг тал хувааж хэсэгчилсэн чөлөөлсөн эсвэл бүхэлд нь уг хөдлөх эд хөрөнгийг нураах уу гэдэг нь ойлгомжгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэсэн хуулийн заалтыг мөн зөрчсөн бөгөөд 47.1.7-д заасан захиргааны акт, түүнийг бодит байдалд нь биелүүлэх боломжгүй, ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн уг үл хөдлөх эд хөрөнгө 2002 оноос хойш маргаан бүхий газар байнга байрлаж байсан уг газраа хууль ёсоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж байсан өөрөөр хэлбэл зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрыг хүчингүй болгосон захирамжийг гардаж авсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж байсан байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг хууль бусаар хүчингүй болгож нураахаар мэдэгдэл өгч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны актыг гаргаж бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах” гэснийг зөрчсөн хууль бус акт юм.

Мөн газар чөлөөлөх мэдэгдэлд дурдсан “Намар” зоогийн газрыг манай компани 2002 онд барьж байгуулан өнөөдрийг хүртэл ашиглаж үйл ажиллагаа явуулж  байгаа бөгөөд энэхүү хөрөнгийн бодит үнэлгээ нь 350,000,000 төгрөг бөгөөд бидний оруулсан хөрөнгө оруулалтыг үл ойшоож, хөрөнгөд хууль бусаар халдаж нураахаар завдаж байна. Намар зоогийн газрын зохих зөвшөөрөлгүйгээр барьсан гэх боловч тухайн газар нь 2010 оны А/******* дугаар захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлсэн 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны ******* тоот захирамжаар 1142 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар сунгасан газар эзэмших эрхтэй газрын зөвшөөрөлтэй объект юм.

Энэхүү хууль бус мэдэгдлээр үлд хөдлөх эд хөрөнгийг нураахыг шаардаж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 82.2-т “Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ”, 82.2.1-д “гомдол гаргах хугацаа өнгөрсөн”, 83.1-д “83.1.Захиргааны шийдвэр гүйцэтгэхэд дараах шаардлагыг хангасан байна”, 83.1.1-д “шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр байх”, 83.1.2.үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй байх”, 83.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх”, 83.1.4-д “үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж, газар чөлөөлөх бодит байдлыг тогтоогоогүй тайлбар санал гаргах боломж олгоогүй, газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлэх эрхийг нотлох “газар чөлөөлөх” захирамж гараагүй байхад дур мэдэн “Мэдэгдэл” хүргүүлсэн нь хууль бус бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэр болох Мэдэгдэл мэдэгдсэнээс хойш 14 хоног өнгөрөөгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн нурааж, газар чөлөөлөх дээрх хуулийн заалтуудыг зөрчиж шаардаж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна. Н.Нямдаваагийн нэрэмжит Хавдар судлалын үндэсний төв нь өмнө нь эмнэлгийн баруун талд ажилчдын 2-3 орон сууц болон Улсын Их Хурлын гишүүн хувийн эмнэлэг барьж өөрөө өөрийнхөө орц гарцыг хаасан тус нэхэмжлэгч тус эмнэлгийн орц гарцыг хаасан гэх үндэслэлээр архитектур төлөвлөлтийн даалгавар баталж газар эзэмштх эрхийг хүчингүй болгох эрхгүй бөгөөд энэ үндэслэлээр газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байгаа нь үндэслэлгүй юм.  

Нийслэлийн онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хариуцагч нэхэмжлэгчид огт танилцуулаагүй бөгөөд энэ дүгнэлтийг үзэж танилцахаар хариуцагчаас шаардахад мэдэхгүй гээд үзүүлээгүй тул нэхэмжлэлд энэ талаар дурдаагүй болно.

Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот мэдэгдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэр дэх Хавдар судлалын үндэсний төвийн хойд талд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 309 дүгээр захирамжаар үйлчилгээний зориулалтаар иргэн Г.д 200 м.кв талбай бүхий газрыг анх эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаар Г.А "Э” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, 5 жилийн хугацаагаар сунгаж, худалдаа үйлчилгээний зориулалтаар талбайн хэмжээг 900 м.кв болгон нэмэгдүүлсэн эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2010 онын ******* дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж талбайн хэмжээг 242 м.кв талбайгаар нэмэгдүүлэн 1142 м.кв талбай эзэмшүүлсэн.

Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны  *******  дугаар  захирамжаар    газар

эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” дугаар захирамжаар 242 м.кв талбайн хэмжээг хасаж, 900 м.кв талбайг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн *******ны нутаг дэвсгэрт байршилтай Хавдар судлалын үндэсний төвийн батлагдсан төлөвлөгөөний дагуу галын болон автомашины зам төлөвлөгдсөн газар зохих зөвшөөрөлгүй барилга барьсан “Э” ХХК-д газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” дугаар захирамж гарсан.

Захирамжийн дагуу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу “Э” ХХК-ийн зохих зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлсөн ба Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3744 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 448 дугаар тогтоолоор монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цорын ганц эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг гаргах нь зүйтэй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хангаж хавдар судлалын үндэсний төвийн эрүүл мэндийн үйлчилгээг олон нийтэд хууль, дүрэм журмын дагуу хэвийн хүргэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны дугаар захирамжаар “Э” ХХК-ийн эзэмшлийн газрын талбайн хэмжээг багасгаж орц, гарцыг чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа С.Э нь Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд *******, 13 дугаар хороолол Намьяанжугийн гудамжинд байрлах Хавдар судлалын үндэсний төвийн барилга байгууламжид хяналт шалгалтыг газар дээр нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус байгууллагын аж ахуйн менежерийг байлцуулан хяналт шалгалтыг зохион байгуулсан байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг тодорхой зааж 2018 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн ******* дугаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг орлон гүйцэтгэгч Ж.Ч-д хандан авралтын нөөц гарц гаргуулах тухай утгатай дүгнэлтийг үйлдсэн.

Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн хүрээнд гаргасан шийдвэр буюу захиргааны акт нь илт хууль бус болох үндэслэл болохгүй байна. Хяналт шалгалтад зөвхөн шалгуулагч этгээд буюу Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн хяналт шалгалтын зарчимд нийцсэн байна. Учир нь захиргааны актыг шалгуулагч этгээдэд бичгээр гаргаж өгсөн байх бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан байна.

Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар заалтад “Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө” гэж заасныг зөрчсөн байгаа нь эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлсэн талаар тодорхойлон заасан байгаа нь гал түймрийн улсын хяналтын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах асуудал болно.

 Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тус газрын барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч Л.Т нь барилга  байгууламжийг  ашиглалтад  хүлээн   авах  улсын  комисст   ажилласан байгаа нь эрх бүхий албан тушаалтан С.Э Хавдар судлалын үндэсний төвд хяналт шалгалт зохион байгуулсантай ажлын чиг үүргийн хувьд холбоогүй асуудал байна.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.дахь заалтад “галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг” гэж галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүрэм, журам, заавар, норм, стандартыг хэлнэ гэж заасан байх бөгөөд гаргасан дүгнэлтэд Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01 -04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар заалт зөрчигдсөн байна гэсэн нь нэхэмжлэлийн 3 дах хэсэг үндэслэлгүй болж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/02 дугаар тушаалаар батлагдсан Талын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам”-аар зохицуулагдсан харилцаа нь тухайн хяналт шалгалтын хүрээнд гаргасан эрх бүхий албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарагдаж байх бөгөөд ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлттэй холбоогүй асуудал болно” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..Хавтаст хэрэгт авагдсан байгаа Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр дүгнэлт болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар нэхэмжлэгчид Хавдар судлалын үндэсний төвийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц гаргах тухай удаа дараагийн шаардлагыг хүргүүлсэн байна. Энэ нь нэхэмжлэгч болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хоорондын “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.2-т “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нөхцөл шаардлагыг биелүүлэх”, 4.4-д Бусдыг газар эзэмших эрхтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, 4.8-д “Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмших ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг тухайд нь биелүүлэх” гэж заасан байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж зааснаар хариуцагч нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгчийн хууль бусаар үйлдэл хийхийг шаардсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагын тавьсан  хууль ёсны шийдвэрийг биелүүлээгүй тул хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” мөн хуулийн 57.4-д “.Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасны дагуу газар чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг өгч газар албадан чөлөөлөх шийдвэр гаргасан нь өөрөө хууль зүйн үндэслэл бүхий байна. Захиргааны эрх зүйн харилцаанд хууль буцаан хэрэглэх ойлголт байдаггүй бөгөөд захиргааны шийдвэр үйл ажиллагаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль захиргааны актын хүрээнд хангах ёстойгоос бус хүчингүй болсон захиргааны актыг буцаан хэрэглэж шийдвэр гаргах онолын ойлголт байдаггүй. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 90.1-д “Мэдэгдэлд заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй бол захиргааны шийдвэр гүйцэтгэлийг хариуцсан захиргааны байгууллага албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн захиргааны акт гарган, түүнийг нэн даруй биелүүлнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага албадлага хэрэглэхийг шийдвэрлэсэн захиргааны акт тул газар чөлөөлөх ажиллагааг нэн даруй гүйцэтгэсэн илэрхий юм.  Мөн хуулийн 90.2-т “Энэ хуулийн 90.1-д заасан захиргааны актад зөвхөн захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах бөгөөд харин захиргааны акт гаргах журам үйлчлэхгүй” гэж заасан нь уг маргаан бүхий актыг гаргахад Захиргааны ерөнхий хуульд заасан журам буюу оролцогчийн сонсох, актыг мэдэгдэх зэрэг ажиллагааг гүйцэтгэх шаардлагагүй байсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

          Нэхэмжлэгч “Э”  ХХК-нь:

          1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах.

           2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 ны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах.

          3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах.

          4. Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа С.Э 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргасан байна.

           Шүүх “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 ны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдэх “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа С.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” -ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Иргэн Г.А-д анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 309 дүгээр захирамжаар *******нд байрлах 200 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” ******* дугаар захирамжаар "Э” ХХК-д *******нд байрлах 900 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар *******нд “Э” ХХК-д газрын хэмжээг 242 м.кв талбайгаар нэмэгдүүлэн 1142 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар, мөн тус захирамжаар иргэн Г.А-д *******нд газрын хэмжээг 130 м.кв талбайгаар нэмэгдүүлэн 330 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны ******* дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгасан байна.

Маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын  2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” дугаар захирамжаар “Э” ХХК-ийн 1142 м.кв газрын хэмжээг багасган 900 м.кв хэмжээтэй болгон өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Мөн маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай” дугаар захирамжаар “Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны ******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн *******ны нутаг дэвсгэрт байршилтай Хавдар судлалын үндэсний төвийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу галын болон автомашины зам төлөвлөгдсөн газар зохих зөвшөөрөлгүй барилга барьсан гэсэн үндэслэлээр” “Э” ХХК-ийн “Н” нэртэй үйлчилгээний барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн байх уг захирамжийн 2 дугаар заалтаар барилгыг албадан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн газар зохион албанд даалгасан байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот албан бичгээр “Хавдар судлалын үндэсний төвийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц гаргах удаа дараагийн албан шаардлага хүргүүлсэн боловч биелүүлээгүй, ...заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд уг газрыг албадан чөлөөлөх талаар  “Э” ХХК-д мэдэгдсэн байна.

Захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга нь аливаа захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судалж, нягтлан шалгасны үндсэн дээр гаргах үүрэгтэй ба Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд энэ талаар зохицуулсан.

Дээр дурдсан Нийслэлийн Засаг даргын 2004 оны *******, 2010 оны *******, 2016 оны ******* дугаар захирамжууд гэх мэт үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь анхнаасаа маргаан бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэгч “Э” ХХК-д эзэмшүүлсэн байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Энгийн байдлаар хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь анхнаасаа эзэмшүүлэх боломжтой гэж үзсэний үндсэн дээр маргаан бүхий газрыг “Э” ХХК-д эзэмшүүлсэн атлаа маргаан бүхий захиргааны актуудаар тус компанид эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгаж, газрыг албадан чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Үндэсний Төв архиваас ирүүлсэн Хавдар судлалын үндэсний төвийн 1975 оны ерөнхий төлөвлөгөөний зураг /экспликация/[1]-ыг хэрэгт авагдсан бусад зурагтай харьцуулан үзэхэд Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын гарцыг /главный вход/ анх төлөвлөхдөө албадан буулгасан “Н” байрлаж байсан газраар биш харин түүнээс тодорхой хэмжээний хойгуур төлөвлөсөн байсан болох нь тогтоогдож байна.         

Иймд Хавдар судлалын үндэсний төвийн 1975 оны ерөнхий төлөвлөгөөний зургаас үзэхэд анх Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талын гарц нь албадан буулгасан “Н” байрлаж байсан газраар биш харин “Н”-оос нэлээд хойно байрлаж байгаа барилгаар үндсэн гол гарц төлөвлөгдсөн байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Үүнээс үзэхэд Хавдар судлалын үндэсний төвийн барилгын төлөвлөлтийн зургууд нь тус төвийн 1975 оны ерөнхий төлөвлөгөөний зургаас зөрүүтэй байна.

Гэвч маргаан бүхий захиргааны актуудаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасгаж, газрыг чөлөөлж, барилгыг албадан буулгасан хариуцагчийн үйлдэл нь одоогийн буюу газрыг албадан чөлөөлөх үеийн бодит нөхцөл байдалд нийцсэн гэж шүүх дүгнэлээ.

Учир нь Хавдар судлалын үндэсний төв нь улсын буюу үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, улсын хэмжээнд нэг байдаг эрүүл мэндийн байгууллага ба хэрэгт цугларсан Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан зургууд, маргаан бүхий газарт очиж, бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэг гэх мэт болон хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзэхэд “Э” ХХК-ийн газрын хэмжээг багасгаж, газрыг албадан чөлөөлсөн захиргааны байгууллагын үйлдэл нь  Хавдар судлалын үндэсний төвийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хууль дүрэм журам, норм стандартын дагуу хэвийн хүргэх үндсэн зорилгод нийцсэн байна гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасгаж, газрыг албадан чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх хэдий ч нийт иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах үндсэн эрх буюу нийтийн эрх ашигт нийцсэн байна.  

              Тодруулбал нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасгаж, барилгыг албадан буулгасан хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх хэдий ч одоогийн бодит нөхцөл байдалд нийцсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.2.5-д  заасан  бодит  нөхцөлд  тохирсон  байх  захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцсэн байна.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “101.1.Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, 102.2-т “Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ”  гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч нь анхнаасаа маргаан бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой гэж үзэж нэхэмжлэгчид эзэмшүүлсний улмаас “нэхэмжлэгч уг газарт үйлчилгээний барилгыг барьсан буюу тодорхой хэмжээний хөрөнгө, зардал гаргасан болох нь тогтоогдож байх тул  нэхэмжлэгч “Э” ХХК нь “Н”-г албадан буулгасны улмаас өөрт учирсан хохирлоо Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу холбогдох шүүхэд хандаж жич нэхэмжлэх боломжтой болохыг энд тэмдэглэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын ахлах байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр дүгнэлтэд “...Хавдар судлалын үндэсний төвийн барилга байгууламжийн зүүн хойд талд өнөөдрийн байдлаар шуурхай албаны автомашин орох, гарах нэг гарц ашиглагдаж байна. Тус байгууллага нь өөрийн эзэмшлийн газарт тээврийн хэрэгсэл орох, гарах авралтын нөөц, гарц гаргаагүй байгаа нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн ... заалтыг зөрчиж, тухайн байгууллагын барилга байгууламжид ... гал түймэр гарсан тохиолдолд онцгой байдлын аврах ажиллагааны ...автомашин хүрэлцэн очиход замын түгжрэл, ... гамшгийн үед барилга байгууламжаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврах, ... эмчлүүлж буй өвчтөн нарыг дараагийн шатны эмнэлгийн байгууллага руу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэхэд олон хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Иймд Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар заалтын дагуу Холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж шуурхай албаны автомашин орох, гарах авралтын нөөц гарц гаргах шаардлагатай болно” гэж дүгнэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоногэж заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг буюу нэхэмжлэгчийн субъектив эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч рүү чиглэсэн захиргааны акттай холбоотой маргааныг харьяалан хянан шийдвэрлэдэг.

Мөн дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиргааны акт нь гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шинжийг  агуулсан байх ёстой.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр дүгнэлтээс үзэхэд уг дүгнэлтэд Хавдар судлалын үндэсний төвийн зүүн талаар буюу нэхэмжлэгчийн эзэмшлийн “Н” нэртэй үйлчилгээний барилга байрлаж байгаа газраар гарц гаргах талаар заагаагүй байх ба харин эмнэлгийн тусламжийн автомашин орох, гарах авралтын нөөц гарц гаргах шаардлагатай гэж ерөнхий байдлаар дүгнэсэн байна.

Иймд  дээрх гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны ******* дүгээр дүгнэлтэд эмнэлгийн тусламжийн автомашин орох, гарах авралтын нөөц гарцыг хаагуур, аль хэсгээр гаргах шаардлагатай талаар тодорхой заагаагүй ерөнхий байдлаар дүгнэсэн байх тул уг гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ******* дүгээр дүгнэлт нь нэхэмжлэгчийн субъектив эрх рүү шууд чиглэсэн байх,  эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх захиргааны актын шинжүүдийг агуулаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ******* дүгээр дүгнэлт нь “Э” ХХК-ийн субъектив эрх рүү шууд чиглээгүй,  тус компанид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байх тул тус ******* дүгээр дүгнэлтийг захиргааны акт гэж үзэхээргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       М.БАТЗОРИГ

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Нотлох баримтын хавтасны 113  дугаар хуудаснаас хойш