Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2024/0149

 

 

 

 

 

 

 

 

 

   “ЖЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “ЖЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А

Нэхэмжлэгч: “ЖЭ” ХХК

Хариуцагч: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК

Нэхэмжлэлийн шаардлага: ““Нийслэл орон сууцны корпораци” ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 988 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Х.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, П.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0491/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ЖЭ” ХХК нь “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д холбогдуулан ““Нийслэл орон сууцны корпораци” ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 988 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “ЖЭ” ХХК-аас Нийслэл орон сууцны корпораци ХК-д холбогдуулан гаргасан Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “ЖЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/06 дугаартай “Түр гэрээг дуусгавар болгох тухай” захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 4.2.1, 4.2.5, 4.2.6 зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах талаар огт ажиллагаа хийгээгүй нь үндэслэлгүй, илт хууль бус шийдвэр болсон.

3.2. Гэтэл шүүхээс маргаан бүхий актад огт дүгнэлт хийгээгүй бөгөөд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр Түр гэрээг дуусгавар болгох тушаал, Нийслэлийн орон сууцны корпорациас Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 159 тоот, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 261 тоот, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 293 тоот албан бичиг зэрэг хариуцагч талаас огт дурдаагүй, татгалзлын үндэслэл болгож маргаагүй хүчин төгөлдөр бус үйлчлэлгүй актад дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

3.3. Тодруулбал анхан шатны шүүхийн үндэслэл болгосон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр Түр гэрээг дуусгавар болгох тушаал нь хүчингүй, үйлчлэлгүй акт юм. Энэхүү тушаалын үндэслэл болсон нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг манай компани эс хүлээн зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хандан нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/Ш32020/2285 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн.

3.4. Харин Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай манай нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж 128/ШШ2022/0871 дугаартай шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1358 дугаартай захирамжийн 1.4 дэх заалтыг хүчингүй болгож манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ингээд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гаргасан А/11 дүгээр тушаалын үндэслэл болсон нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болсон тул тушаал үйлчлэх боломжгүй болж дууссан. Ийм ч учраас “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А/06 дугаартай Түр гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг дахин гаргасан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0988 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “ЖЭ” ХХК-иас “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д холбогдуулан “Нийслэл орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

2.2. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх “...захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно гэж зааснаар түр гэрээг дангаар цуцлах шийдвэр гаргасан нь дээрх хуулийн зохицуулалт болон 2019 оны 1910/25 дугаартай Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах түр гэрээний гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна, ... Буянт-Ухаа 2 орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний хууль ёсны өмчлөгч нь Нийслэл байх тул Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГазарт шилжүүлэн үйл ажиллагааг нь хариуцуулахаар шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх боломжгүй” гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” болох нь тогтоогдвол уг захиргааны актыг илт хууль бусд тооцохоор заасан, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон “Нийслэл орон сууцны корпораци” ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 дугаар тушаалыг энэ тохиолдолд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2.4. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байх тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусд тооцогдоно. 

 

2.5. Энэ тохиолдолд маргаан бүхий “Нийслэл орон сууцны корпораци” ХК-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн 18 блок орон сууцны дулаан дамжуулах төвийн өртгийг Хөгжлийн банканд төлөхөд үүсэж буй хүндрэлтэй холбоотой төлбөр төлөх этгээдийг тодорхойлох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 293 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан үүрэг хэрэгжиж дууссантай холбогдуулан “ЖЭ” ХХК-тай 2019 онд байгуулсан 1910/25 тоот Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах түр гэрээг дуусгавар болгосон, уг акт нь дээр дурдсан илт хууль бус байх шинжийг өөртөө агуулаагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолоор “...972 айлын 18 барилга”-ыг нийслэлийн өмчид авч, түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байх тул өөрт хамааралгүй чиг үүргийг хэрэгжүүлж, захиргааны акт гаргасан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

2.6. Учир нь маргаан бүхий актын үндэслэл болсон Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаар тогтоолд “...Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалттай, Буянт-Ухаа 2 хорооллын 2019 онд ашиглалтад орсон дээрх 18 орон сууцны хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацаанд дулаан түгээх, хангах үйл ажиллагааг нь түр хариуцан ажиллахыг “ЖЭ” ХХК-д үүрэг болгож” шийдвэрлэсэн байх бөгөөд мөнНийслэл орон сууцны корпораци” ХК болон “ЖЭ” ХХК-иудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 1910/25 тоот “Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах түр гэрээ”-ний гуравдугаар зүйлийн 3.1-д “Энэхүү гэрээг түр хугацаагаар байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн удирдлага, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн аль нэгээс шийдвэр гарах хүртэл хугацаагаар байгуулах”-аар талууд нэгэнт харилцан тохиролцсон байгаагаас үзвэл маргаан бүхий А/06 дугаар тушаалыг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй.

 

2.7. Түүнчлэн захиргааны байгууллага (албан тушаалтан) нь хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлах учиртай.

 

2.8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай “Түншлэлийн гэрээ”-нд Буянт-Ухаа-2 хорооллын гадна дулаан хангамжийн 1, 2-р хэлхээний гол шугам, Төв дулаан хувиарлах төвийн барилгын нийт 5 багц ажлыг 4,8 тэрбум төгрөгөнд хийж гүйцэтгэхээр тусгасан байх бөгөөд уг барилга тоног төхөөрөмж, шугам сүлжээ болон Төв дулаан хуваарилах төвийн барилга тоног төхөөрөмжийг “ЖЭ” ХХК-ийн эзэмшилд актаар хүлээлгэн өгч, улмаар нэхэмжлэгч компанийн хувь эзэмшигчдийн хурлын тогтоолоор тус эд хөрөнгүүд “ЖЭ” ХХК-ийн дүрмийн санд бүртгэсэн байна.

 

2.9. Хариуцагчаас тухайн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч компаниас шилжүүлэн авч нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болох “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлж, улмаар инженерийн гадна шугам, сүлжээг ашиглан худалдсан бүтээгдэхүүний төлбөрт ногдох шимтгэлээс ус, дулаан дамжуулах төвийн төлбөрийг төлөх боломжтой, мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 220 дугаар тогтоолд заасны дагуу дээрх дулааны сүлжээний гэрээг бондын аргаар тусгай зохицуулалттай компаниар дамжуулж Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар зээлийн төлбөрийг барагдуулж, уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд ийнхүү захиргааны байгууллагаас нэхэмжлэгч “ЖЭ” ХХК-тай байгуулсан түр гэрээг цуцалсныг буруутгах боломжгүй.

 

2.10. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийхгүй байж болох нөхцөлүүдийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж заасан. Энэ тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэгч компанитай ус дулаан дамжуулах төвийн ашиглалт засвар үйлчилгээг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацаанд хариуцан ажиллах түр гэрээ байгуулсан төдийгүй энэ нь Буянт-Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн 18 блок орон сууцанд оршин суух нийт оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлөх тул “захиргааны акт гаргахдаа ... Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах талаар огт ажиллагаа хийгээгүй нь үндэслэлгүй, илт хууль бус шийдвэр болсон” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЖЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.А ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА