Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/931

 

 

 

 

 

 

 

       2022         07          19                                        2022/ШЦТ/931

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч Т.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт, Улаанбаатар хот, ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овгийн Т.Д- (регистрийн дугаар:УБ0323...).

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Т.Д- нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага наран 3-1-10 тоот хашаанд байрлуулсан иргэн Т.Г-ын эзэмшлийн ... УАМ улсын дугаартай “Тоyota agua” маркийн тээврийн хэрэгслийн салхины урд шилийг гараараа цохиж хагалж, баруун урд хаалгыг хөлөөрөө өшиглөж, гэмтээсний улмаас бусдад 360,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 651/а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Ганбаатарын эзэмшлийн эд хөрөнгөнд 360,000 төгрөгийн хохирол учирсан болох нь:

- Иргэн Т.Ганбаатараас цагдаагийн байгууллагад 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “Тоyota agua” ... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагалж хаалга эвдсэн” гэсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (Хавтаст хэргийн 2-3 дугаар тал),

- Хохирогч Т.Г-ын өгсөн “...би гарч гүйгээд машинруугаа ортол Дэлгэр араас гарч ирээд миний машины жолоочийн эсрэг талын урд салхины шил рүү 4-5 удаа цохиод хагалчихсан. Тэгээд би машинаа унаад буланд очоод эргээд гудамжаар явах гэтэл Дэлгэр машины жолооч талын хаалга руу 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

- Гэрч М.Ц-ийн өгсөн “...Би Дэлгэрийг Ганбаатарын машины цонхыг гараараа цохиж байгаад салхины шилийг хагалж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

- “Хас Үнэлгээ” ХХК-ийн 128 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...салхины урд шил 300,000 т, хаалга 60,000 төгрөг нийт 360,000 төгрөг...” гэсэн тайлан (хавтаст хэргийн 38-39 дугаар тал),

- Т.Д-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 3-1-10 тоот хаягт 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын цонхыг нь 2 удаа цохиж хагалаад, баруун талын хаалга руу нь 1-2 удаа өшиглөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Т.Д-ийн автомашины салхины шилийг гараараа цохиж хагалсан нь уг гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг устгасан, баруун урд хаалгыг хөлөөрөө өшиглөж хэвийн байдлыг алдагдуулсан нь гэмтээсэн гэх шинжүүдийг тус тус хангаж байгаа, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэгт тооцогдох бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

3. Хохирогч Т.Ганбаатарт гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээ  “Хас Үнэлгээ” ХХК-ийн 128 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...салхины урд шил 300,000, хаалга 60,000 төгрөг нийт 360,000 төгрөг...” гэсэн тайлан (хавтаст хэргийн 38-39 дугаар тал)-аар тогтоогдсон. Шүүгдэгч Т.Д- нь 530,000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 97 хуудас) байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Т.Д- хохирлоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүгдэгч Т.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас уг гэмт хэрэг гарсан, хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч Т.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн саналыг хүлээн авч, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Т.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Д-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Т.Д-т үүрэг болгосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Д-т мэдэгдсүгэй.

 

   5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 530,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ