Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01161

 

 

 

  2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/01161

         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 21 гудамж, 715б тоот хаягт оршин суух, Шархай боржигон овогт Баяраагийн  /рд:НЭ87120664/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-2, Засгийн газрын VIII байранд оршин байгаа, Эрүүл мэндийн яаманд холбогдох,

 

Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 03 сард Эрүүл мэнд, спортын яаманд Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн Салбарын нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 06 сард Эрүүл мэндийн яам болон өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүтэц орон тоонд өөрчлөлт орж тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Тухайн албан тушаалд ажиллаж байгаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 сарын 23-ны өдрийн Б/33 тоот тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. 2016 оны 12 сарын 03-ны өдөр амаржсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1-д заасны дагуу 120 хоногийн амралтаа эдэлж дуусгаад хүүхэд харах хүнгүйн улмаас өөрөө хүсэлт гаргаж 2017 оны 01 сард хүүхэд асрах чөлөө хүссэний дагуу чөлөө авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажилдаа орж болох тул ажилд орох өргөдлөө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2017 оны 10 сарын 11-ний өдөр өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй бөгөөд хариу ирүүлээгүй. Мөн 2018 оны 02 сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болсон.

Миний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бодож, ажил олгогчийн төлвөл зохих хувиар тооцож тус байгааллагаас төлж байгаа.

Эрүүл мэндийн яаманд ажилд орох өргөдлөө Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Эрүүл мэндийн сайдад тус тус гаргасан боловч хариу өгөхгүй байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ажиллаж байсан ажлын байр байгаа бөгөөд би хөдөлмөрийн хуулийн 106.2-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралтаа эдэлж, хүүхэд асрах өөрийн хүсэлтээр чөлөөгөө дуусгалгүй эрхэлж байсан ажил албан тушаалдаа орохоор хүсэлт гаргасан. Ажлын сул орон тооны асуудал надад хамааралгүй гэж үзэж байна.

Гэтэл намайг ажилд буцаан авахгүй, ажлын байрны сул орон тоо байхгүй гэж тайлбарлаад ямар нэгэн шийдвэр эрх зүйн акт гаргахгүй байгаа болно. Иймд миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.

Иймд урьд ажиллаж байсан Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4,718,000 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилтийг хийлгүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б. нь Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 сарын 23-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар жирэмсний буюу амаржсаны амралтаа авсан.

Б.ын ажиллаж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан тушаалд хамаардаг.

Энэ нь ажлын байрны тодорхойлолт, жирэмсний болон амаржсаны амралтаа авсан тушаалаас тодорхой харагддаг.

Гэтэл нэхэмжлэгч нь хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4,718,000 төгрөг гаргуулах, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу “ажилд орох тухай” хүсэлтээ гаргасаар байхад түүнийг шийдвэрлэхгүй, ажиллуулахгүй байгаа ажил олгогчийн үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэж шүүхэд хандсан гэж тайлбарладаг бол хариуцагч нь нэхэмжлэгч хэргийн харьяалал зөрчсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж тайлбарлан маргаж байна.

Эрүүл мэндийн яамны дээр дурьдсан эс үйлдэхүй нь зөвхөн Б.ын эрх, ашгийг хөндсөн буюу нийтийн эрх зүйн хүрээнд хамааралгүй, дотогшоо чиглэсэн шинжтэй буюу хувийн эрх зүйн хүрээнд хамаарах, ажил олгогч болон ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаан байх тул уг маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчихгүй гэж үзнэ.  

Шүүх дараах үндэслэлээр Б.ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Б. нь Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 сарын 23-ны өдрийн “Жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай” Б/33 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авсан болох нь зохигч талуудын тайлбар, холбогдох тушаалын хуулбараар нотлогдож байна.

Улмаар Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Б.д 2018 оны 02 сарын 03-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон байна.

Ажилтан Б. нь ажил олгогчид хандан 2017 оны 10 сарын 11-ний өдөр, 2018 оны 02 сарын 26-ны өдөр, 2018 оны 03 сарын 01-ний өдрүүдэд тус тус “ажилд орох тухай” хүсэлтээ бичгээр гаргасан боловч Эрүүл мэндийн яам хүсэлтийг шийдвэрлээгүй, тодорхой хариу өгөөгүй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч Эрүүл мэндийн яам нь Б.ын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд хандах болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Эрүүл мэндийн яам нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.ын ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, Б.аас гаргасан хүсэлт буюу анхны шаардлагаар түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг тус тус хүлээнэ.

Манай тохиолдолд нэхэмжлэгч нь “ажилд орох тухай” хүсэлт буюу үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргаасаар байхад ажил олгогчийн зүгээс түүнийг шийдвэрлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурьдсан зохицуулалтад нийцээгүй байна. 

Иймд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.ын шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

Хуульд зааснаар өмнөх ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа нэхэмжлэгчийг шүүх ажилд эгүүлэн тогтоох шаардлагагүй, харин түүнийг Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” замаар иргэний эрхийг хамгаалах зохицуулалтад нийцнэ гэж дүгнэв.

Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа нэхэмжлэгчийг ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй буруутай тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь анх 2017 оны 10 сарын 11-ний өдөр хүсэлтээ гаргаж, тодорхой хариу аваагүй боловч тухайн үед энэ талаар шүүхэд хандаагүй байна.

Иймд хариуцагчаас гурван сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү тооцоход хариуцагчаас (570,516 + 678,618 + 521,450) : 3 = 590,195 х 3 = 1,770,585 төгрөгийг гаргуулах тооцоо гарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ийнхүү шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй учир нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй.

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Б.ыг Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгасугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Эрүүл мэндийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,770,585 төгрөгийг гаргуулан Б.д олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Эрүүл мэндийн яаманд даалгаж, үлдэх 2,947,415 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Эрүүл мэндийн яамнаас улсын тэмдэгтийн хураамж 43,279 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.