Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/875

 

 

 

 

 

 

 

       2022         07          04                                        2022/ШЦТ/875

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч А.Ганзориг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Prom metal company фасадны операторчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, ... оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ... тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй

Бэсүд овгийн Э.М (Регистрийн дугаар: НН0127...).

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Э.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны гадна “дуудахад ирсэнгүй, мөрлөсөн” гэх шалтгаанаар хохирогч Х.Е-ыг нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шанаа, духанд зулгаралт, зүүн чихний урд дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 сарын 22-ны өдрийн 799 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Э.М-ын үйлдлийн улмаас Х.Е-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 хуудас)

- Хохирогч Х.Е-ны “...байрны гадна хоёр залуу сууж байсан ба би хажуугаар нь гараад явахад араас нэг юм хэлээд байсан ба тоогоогүй явсан. Тэгээд аавын машиныг гражид хийчхээд Буцаад гэр рүү орох гээд явж байхад нөгөө хоёр сааданд сууж байсан ба одоо намайг зодсон гээд байгаа Мөнх-Оргил гэдэг залуу өөдөөс хүрч ирээд чи яаж яваад байгаа юм бэ гэхээр нь яасан юм бэ аятайхан яв гээд намайг заамдаж авсан. Тэгээд бид хоёр ноцолдсон ба манай хадам аав юу болоод байгаа юм бэ гээд салгаж байгаад газар унаад өмд гутлаа урчихсан. Цаанаас Мөнх-Оргилын найз нар нь ирээд боль гээд салгасан ...Мөнх-Оргил намайг заамдаж аваад гараараа миний дух, зүүн талын шанаа, толгой руу гараараа 2-3 удаа цохисон ...би Мөнх-Оргил болон найз нарт нь гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 хуудас)

- Гэрч П.Н-ийн “...Э.М бид хоёр тамхи татахаар гэрээс гараад 2 дугаар байрны саадны хажууд зогсож байхад 2 дугаар байранд амьдардаг Ербаглан гэдэг залуу хажуугаар гараад явахаар Мөнх-Оргил араас хөөе гээд дуудахад би Мөнх-Оргилоос яасан бэ гээд асуухад намайг мөрлөөд гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тамхи татаж дуусаад гэр рүү орох гэж байхад Ербаглан буцаад нэг настай хүнтэй хамт хүрээд ирэхэд Мөнх-Оргил Ербагланы өөдөөс очоод маргалдсан ба Ербаглантай заамдалцаад авахад би боль гэж хэлсэн. Тэгтэл Мөнх-Оргил гараараа 2-3 удаа цохиод авахад Ербагланы хадам аав нь больцгоо гээд тэр хоёрыг салгах гээд дундуур орж  байгаад хөл алдаад газар уначихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 хуудас)

- Гэрч Х.Б-ийн “...нэг залуу нь манай хүргэнийг бариад авахад нь би юу болоод байна боль гээд салгасан ...намайг санаатай цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 хуудас)

- Гэрч Э.Б-ийн “...Э.М нэг залууг заамдаад авчихсан байсан ба Наран-Эрдэнэ боль гээд салгаж байсан. Мөн настай ах та нар яаж байгаа юм бэ гээд салгаж байсан. Тэгээд бид 3 очоод салгаж байхад тэр настай ах газар унаад босож ирээд ...цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 хуудас)

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10938 дугаартай “...Х.Ербагланы зүүн шанаа, духанд зулгаралт, зүүн чихний урд дээд хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 хуудас)

- Шүүгдэгч Э.М-ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гаргасан “...саадны хажууд сууж байхад хажуугаар Ербаглан гарахдаа намайг мөрлөөд гарчихсан ...өөдөөс нь очоод “чи яаж яваад байгаа юм бэ аятайхан яв” гэж хэлэхэд “би яасан юм бэ” гээд бид хоёр маргалдсан ба би заамдаж аваад нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Х.Е нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 300,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 15-16, 72 хуудас)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

5. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            6. Шүүгдэгч Э.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Э.М- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр Prom metal company фасадны операторчин ажилтай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид 300,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овгийн Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.М-д үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.М-д мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 300,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ