Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/885

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбаяр,

улсын яллагч Д.Ууганцэцэг (томилолт),

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Н-ийн Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000785 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлж дуусгавар болгосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Н-ийн Г (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хамт архи уусан А.Б-тай шалтгаангүйгээр маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, баруун бугалга хэсэгт 1 удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун бугалгад шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй гэв” (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хамт архи уусан А.Б-тай шалтгаангүйгээр маргалдаж нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, баруун бугалга хэсэгт 1 удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун бугалгад шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч А.Б-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод монгол гэрт ганцаараа амьдардаг.  2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад ойролцоо амьдардаг зүс таних Н.Г-той таарч 13 цагийн орчим 0.75 литрийн хараа архи хувааж уусан. Архиа уугаад бид хоёр хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Н.Г миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би араас нь очоод зууралдсан чинь манай гэрт хоолны шкаф дээр ил байсан бор шаргал өнгийн иштэй хутгаар миний баруун гарын бугалганы гадна хэсэгт нэг удаа хатгаж гэмтээсэн. Өөр маргаан зодоон болоогүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

2. Гэрч А.О-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоот хашаанд байхад ах А.Б гэрээсээ орилоод гараад ирсэн. Очоод хартал А.Б ахын баруун гарын бугалганы гадна хэсгээс цус гарч байсан ба “ахыг нь хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн тухайн үед А.Б- ахын гэрээс өмнө зүс харж байсан Н.Г гарч ирсэн. Би “байж бай” гэж хэлэхэд манай гэрийг мэдэх юм чинь гэж хэлээд хашаанаас гараад явсан. Би түргэн болон цагдаад дуудлага өгсөн. А.Б ахын надад хэлснээр “хамт архи уусан Н.Г-той маргалдсан ба А.Б ахын нүүр рүү гараараа цохиод мөн гэрт нь байсан хутгаар баруун гарыг нь хутгалсан” гэж надад хэлсэн. Миний харснаар А.Б ахын гэрт Н.Г тэр хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5387 дугаартай:

“А.Б-ын биед баруун бугалгад шарх, цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

4. Шүүгдэгч Н.Г-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод А.Б-ын гэрт хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Би А.Б-ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохичхоод гэрээс нь гараад явах гэж байхад араас зууралдаад бариад авахаар нь би гал тогооны шүүгээн дээр байсан шаргал өнгийн иштэй хутга аваад баруун гарын бугалганы гадна хэсэгт нь нэг удаа өнгөц зүссэн. Өөр маргаан зодоон болоогүй.  Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.  Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч Н.Г нь хохирогч А.Б-тай нийт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, баруун бугалга хэсэгт нь хутгаар зүсэж гэмтээсэн үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо бий болсон байна.  

Шүүгдэгч Н.Г нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохих, зэвсэг хэрэглэх зэргээр хохирогчийн бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Н.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Н.Г-ын үйлдлээс шалтгаалан хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч А.Б нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “надад торгох ял оногдуулж өгнө үү. Би ээжийгээ асардаг, хоол ундыг нь хийж өгөх хүнгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлбэл ээжийгээ асарч чадахгүйд хүрнэ, иймээс торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н.Г-ын өмнө ял шийтгүүлсэн байдлыг дурдаж, дүгнэлт хийвэл,

1. Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. (хавтаст хэргийн 66-70 дахь тал)

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх ба тус ялыг бүрэн төлж дуусгавар болсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/11630 тоот албан бичгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 82 дахь тал)

3. Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн байх боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/11630 дугаартай албан бичигт “...гүйцэтгэх баримт бичиг тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэж дурдагдсан (хавтаст хэргийн 82 дахь тал) байгаагаас үзвэл, уг ялыг биелэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймээс дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн сүүлийн хэргийн тухайд:

Шүүгдэгч Н.Г-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдаж, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирогч А.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, мөн шүүгдэгч Н.Г-ын эрхэлсэн тодорхой ажилгүй, хүний эрүүл эндийн  халдашгүй  байдлын эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдсэн ч энэ байдалдаа дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой эсэхийг илэрхийлсэн баримтгүй зэрэг байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Иймээс  шүүгдэгч Н.Г нь торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангах боломжгүй байна..

Харин шүүгдэгч Н.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн тус үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан цаг хугацаа, хүрээнд үйлдэгдсэн, улмаар тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарч байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Н-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Год 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Год Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ