Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/853

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц овогт О-ийн Б-д холбогдох эрүүгийн 1908054980954 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-нд арматурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр биелэгдсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 744 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн, Ц овогт О-ийн Б (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамжны ... тоот хашаанд М.У-ийг “харанхуй шөнө хаалга нүдлээ” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд “духны хөндийн дээд хана, зүүн хоншоорын хөндийн урд хана, зүүн ухархайн дээд хана, хамар ясны зөрөөтэй хугарал, дух, хамрын нуруу, хацарт зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн завьжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 37, 39 дэх тал), хохирогч М.У-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 89, 95-96 дахь тал), гэрч Л.Н-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12234 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 110 дахь тал), шинжээч эмч Ш.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дахь тал), гэрч О.М-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дэх тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 82-85 дахь тал), хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 112 дахь тал), шүүгдэгч О.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 147 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 154 дэх тал), оршин суух хаягийн бүртгэлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 167 дахь тал), ажлын тодорхойлолт (хавтаст хэргийн 168 дахь тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухайн тогтоол (хавтаст хэргийн 187 дахь тал), шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 132-135 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот хашаанд М.У-ийг “харанхуй шөнө хаалга нүдлээ” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар тоосгоор цохиж эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 37, 39 дэх тал),

2. Хохирогч М.У-ийн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа буугаад 19 цагийн үед гэртээ ирээд байж байгаад гарахдаа манай үүдээр явсан айлын цахилгааны утсанд хөл тээглээд бүдэрч унах дөхсөн. Би тэр үед айлын утсыг эзэнд нь хэлэх гээд хашаанаасаа гараад уг айлын хашааны хаалгыг нүдэхэд нэг эмэгтэй хүүхэд гарч ирэхээр нь том хүн байна уу гэж тэр охиноос асуухад удаагүй аав нь бололтой нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Би тэр залууд хандаж чи цахилгааны утсаа янзлахгүй юм уу, манай хашаанд ил гараад байна. Чи очоод үз гэж хэлээд дагуулаад хашаандаа ороод үзүүлэхэд Б.Т гэж залуу нэг эмэгтэй нэг залуугийн хамт орж ирээд Т гэж залуу чи яагаад хаалга нүдээд байгаа пизда вэ гэж хэлээд гартаа тоосго барьж байгаад миний дух руу нэг удаа хүчтэй цохисон. Тэрнээс хойш үйл явдлыг мэдэхгүй байна. Би цагдаагийн хэлтэс дээр ухаан орсон. Миний толгойд боолт хийсэн байсан. Би цагдаагийн хэлтэс дээр хоносон. Намайг цохисон залуу цагдаа ирэхээс өмнө гараад зугтаасан гэсэн.

...Т гэдэг хүнийг ч танихгүй. Мэдүүлэгт андуураад хэлчихсэн юм шиг байна. Б гэх хүнийг ч танихгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89, 95-96 дахь тал),

3. Гэрч Л.Н-ын: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орой 20 цагийн үед намайг гэртээ байхад манай нөхөр хажууд айл (Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот) хаалгыг тогшоод зогсож байсан. Удалгүй тэр айлын хүн болох Г-ийг дагуу орж ирээд тогны утас үзүүлж байсан. Г- яваад өгсөн удалгүй хоёр эмэгтэй та нар айлын хаалга нүддэг хэн бэ гээд манай хашаанд ороод ирсэн араас нь 175 см орчим өндөртэй, махлагдуу биетэй, тачирхан үстэй, хоёрын булчин дээр шивээстэй, цээж нүцгэн, шорт өмссөн тавчиктай залуу орж ирээд манай хашаан дотор хураасан байсан тоосгыг аваад манай нөхрийг цохисон. Тэр үед миний том хүү Батсуурь гарч ирээд залуутай зууралдаад авсан. Тэгээд тэр хоёр эмэгтэй болон манай бэр Содном бид нар тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12234 дугаартай: “...М.У-ийн биед духны хөндийн дээд хана, зүүн хоншоорын хөндийн хана, зүүн ухархайн дээд хана, хамар ясны зөрөөтэй хугарал, дух, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, хоёр нүдний зовхи, зүүн завьжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Духны хөндийн дээд ханын зөрөөтэй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хоншоорын хөндийн урд ханын зөрөөтэй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 110 дахь тал),

5. Шинжээч эмч Ш.Ц-гийн: “...У-н биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэхдээ том талбайтай чулуу болон тоосгоор цохих үед үүсэх боломжтой. У нүүрэнд үүссэн зулгаралт гэмтлүүд нь унах болон тоосгоор цохих үед аль алинд үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Харин тоосгоор буюу гадаргуутай хатуу зүйлээр нэг удаа цохиход үүсэж болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120 дахь тал),

6. Гэрч О.М-гийн: “...Тэр өдрийн орой 20 цагийн үед манай гэр бүлийн хүмүүс гэртээ байж байхад манай хашааны хаалгыг хүчтэй нүдээд цохисон. Манай эрэгтэй дүү 14 настай С гарчхаад буцаж гэрт орж ирээд танихгүй хүн тогны утсаа ав гэж байна гэж хэлээд ороод ирсэн. Тэр үед манай аав Г- гэрээсээ гарч яваад 5-6 минутын дараа буцаж орж ирээд хажуу айлыг тогны утсаа ав гэж хэлж орж ирээд утсаа авахаас гэж хэлж байсан. Төд удалгүй манай хашааны хаалгыг нүдэхээр нь би гарахад У гэж ах пизданууд минь цахилгааны утсаа авахгүй бол тогны утсыг чинь тасаллаа гэж хэлсэн. Бид хэд сая гэртээ орж ирсэн, манай аав одоо гарах гэж байна гэж хэлэхэд танай аав ээж хоёр манай хашаанд орж ирж агсам тавьдаг юм байна лээ, би танай хашаанд орж ирж агсам тавина гэж хэлсэн. Би тэр ахтай юм яриад зогсож байхад У гэж хүн жоохон тайвшраад ах нь жоохон архи уусан. Уучлаарай миний дүү гэж надад хэлсэн. Манай аав Г- гарч ирээд тэр ахтай хамт хашаа руу нь явсан. Би гэртээ байж байхад У гэж хүний дуу нь чангараад байгаа чимээ гарсан. Би ах Б-ын хамт гэрээсээ гараад яваад очиход У гэж хүн аавтай хэрүүл хийгээд зогсож байсан. Манай ах Б ах яагаад манай аав руу дайрч давшлаад байгаа юм бэ гэж хэлэхэд чам шиг намайг заахгүй чам шиг хүүхэд надад байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд нэг харахад  Улам-Өргөх  гэх ахын  нүүр ам нь цус болсон, чи намайг тоосгоор цохичихлоо  гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дэх тал),

7. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...баруун болон зүүн мөрний хэсэгт найман салаа од хэлбэрийн  шивээс, зүүн цээж хэсэгт дугуй тойрог хэлбэрийн шивээс, зүүн гарын эрхий хурууны  орчимд найман салаа од хэлбэрийн шивээс,  зүүн гарын шуу хэсэгт Б үсэг хэлбэрийн  шивээс, мөн зураас хэлбэрийн шивээс, баруун хөлийн шилбэний ар хэсгээр могой хэлбэрийн шивээстэй байв.”  (хавтаст хэргийн 82-85 дахь тал),

8. Хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 112 дахь тал),  

9. Шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би У гэгч ахын духных нь зүүн талынх нь хэсэг орчимд нэг удаа цохиход У гэгч ах шууд урагшаа нүүрээрээ газар унасан. Цаашид У гэгч ахтай уулзаж уучлалт гуйж гарсан эмчилгээнийх нь зардлыг нөхөн төлөх болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 133-135 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэм буруу  гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай  үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл,  эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

Энэ хэргийн тухайд, Хохирогчийн зүгээс тог цахилгааны утсаа эмхэлсэнгүй, үүдээр хөглүүлээ гэсэн шаардлагыг хажуу талын хашааны айлд тавьснаас үүдэн хоёр гэрийн хүмүүс хоорондоо муудалцсан байх төдийгүй шүүгдэгч О.Б нь өөрийн аавыг доромжлолоо гэх шалтгаанаар тоосго авч хохирогчийн толгойг цохисон, мөн  өөр байдлаар цохиж зодсон буюу хохирогчийн эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, уг үйлдэл хийж буйгаа ухамсарлаж ойлгосон ч өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэсэн, тус үйлдлийн үр дагаварт нь хохирогчид хүнд гэмтэл бүхий хохирол, үүнээс улбаатай хор уршиг учирсан байх тул шүүгдэгч О.Б-ыг тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Б-ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.У- нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн төлбөр болох 300,000 төгрөгийг төлсөн, одоогоор хохирогч нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зардалгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч М.У нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Бас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь: “...ял дээр ямар нэгэн саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч О.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...учруулсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн”-ыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б-ын хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой эсэхийг илэрхийлсэн баримтгүй тул түүнд торгох ялыг оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид 300,000 төгрөг төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, нөгөө талаас шүүгдэгч О.Б нь удаа дараа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж буй  нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч О.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Мөн шүүгдэгч О.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн нь хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т заасан үндэслэлд хамаарсан, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасах”-аар хуульчлагдсан байх тул шүүгдэгч О.Б-д оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж шийдвэрлэх нь үндэслэл бүхий байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 11 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт О-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.               

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ын цагдан хоригдсон 11 (арван нэг) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч О.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч М.У- нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Бас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ