Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1014

 

2022          08          10                                   2022/ШЦТ/1014

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Х,

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.08.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1986 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ТЭЦ-0 станцад гэрээт ажилтнаар ажилладаг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Содон хорооллын 000 дугаар байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Тайж овогт Нн М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр 00 дүгээр байрны гадаа хамт ажилладаг Р.Бийн машин дотор Р.Б, Г.Х, Д.А нартай пиво ууж, улмаар машины гадна тамхилаад зогсож байхдаа Д.Атэй хувийн шалтгаанаар маргалдаж, түүнийг нүүр лүү нь цохиж унаган, өшигчиж зодсоны улмаас Д.Аийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Д.Аийн: “Би *******тэй хамт Дулааны цахилгааны 4-р станцад хамт ажилладаг бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 17 цагт ажил тараад ******* бид хоёр гэр ойролцоо болохоор хамт ажлынхаа хүний машинд суугаад Авто сургуулийн автобусны буудал дээр буусан. Б ажлын залуу, ******* бид гурав “өнөөдөр ачаалалтай ажилласан юм чинь ганц хүйтэн пиво уугаад салцгаая” гэж ярилцаад 4 том литрийн пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 54 дүгээр байрны гадна Р.Бийн машинд сууж ууцгаасан. Уугаад сууж байгаад “тамхилъя” гээд машинаас ******* бид хоёр машинаас буусан бөгөөд юм яриад зогсож байхдаа "би ч хүүхэдтэй болж чаддаггүй хэцүү байдаг, та нар зугаа цэнгэлээрээ хүссэн үедээ хүүхэдтэй болчихдог” гэж ярьсан чинь ******* “би ямар нохой юу” гэж уурлаад миний нүүр рүү цохиж газар унасны дараа хэд хэд нуруу, бие рүү хөлөөрөө өшиглөж байгаад больсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /х.х-9-11/,

- Гэрч Г.Хы: “Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дулааны цахилгаан станцаас 17 цагийн орчимд ажлаа тараад хамт ажилдаг Д.А, Р.Б, ******* нарын хамт Р.Бийн машинд суугаад явж байх үедээ ажил тарж байгаа юм чинь пиво ууя гэж яриад 4 том Нийслэл нэртэй пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд авто зогсоол дээр зогсож байгаад хувааж уугаад сууж байсан чинь 19 цагийн орчим пиво дуусаж байх үед манай найз Д.А, ******* бие засна гээд машинаас 2-уулаа буугаад явсан тэгснээ хэсэг байж байгаад ирэх үед Д.А нүүр хавьдаа бага зэрэг цус болчихсон ирэхээр нь юу болсон талаар асуухад ******* бид хоёр муудалцаад намайг цохисон гэж ярьсан юм. Тэгээд машин дотор сууж байх үедээ тэр хоёр эвлэрээд хоорондоо гар барьж байсан” гэх мэдүүлэг /х.х-20/,

- Шүүх-эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 9228 дугаартай “Д.Аийн биед зүүн доод 2-р шүдний сулрал, доод уруулд шарх, цус хуралт, зүүн нүдний алимын салстын цус харвалт, зүүн хацар, доод эрүү, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, цээж, баруун тохой, нуруунд зулгаралт доод уруул, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой” гэх дүгнэлт /х.х-14/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хамт ажиллагч Д.Аийг хувийн сэдэлтээр нүүрэнд нь цохиж унаган нуруу, цээж хэсэгт нь өшиглөх зэргээр зодож түүний биед “зүүн доод 2-р шүдний сулрал, доод уруулд шарх, цус хуралт, зүүн нүдний алимын салстын цус харвалт, зүүн хацар, доод эрүү, баруун шуу, цээж, нуруунд цус хуралт, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, цээж, баруун тохой, нуруунд зулгаралт доод уруул, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Аийн “******* уурлаад миний нүүр рүү цохиод намайг газарт унасны дараа хэд хэдэн удаа нуруу бие рүү хөлөөрөө өшиглөж байгаад больсон” гэх мэдүүлэг /х.х-9-11/, гэрч Г.Хы “Д.А, ******* нар бие засах гээд машинаас буусан. Д.А буцаж ирэхдээ нүүр хавьдаа бага зэрэг цус болчихсон ирэхээр нь юу болсон талаар асуухад ******* бид хоёр муудалцаад намайг цохисон гэж ярьсан” гэх мэдүүлэг /х.х-20/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний 9228 дугаартай дүгнэлт /х.х-14/, яллагдагч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.А “******* эмчилгээний зардалд 1000000 төгрөг өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлсэн /х.х-9-11/, мөн мөрдөн байцаатын шатанд “эмчилгээний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. *******тэй эвлэрсэн тул бид хоёрын асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж /х.х-64/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд өнөөдрийн байдлаар ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Хохирогч Д.Аийн биед зүүн доод 2-р шүдний сулрал гэмтэл учирсан нь цаашид эмчилгээ шаардлагатай байж болзошгүй гэмтэл байх тул эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-25/

Шүүгдэгч ******* нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, бусдад төлбөргүй болсон зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Нн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тайж овогт Нэргүйн Мд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.А нь хохирол төлбөрт 1 сая төгрөг хүлээн авсан ба иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.А нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон *******гийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг заасугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ