Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/0613/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1019 |
Огноо | 2022-08-11 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1019
2022 08 11 2022/ШЦТ/1019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Г.Хулан,
улсын яллагч: О.Эрхэмбаяр,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.08.08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1969 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Багахангай дүүрэгт “Г” ХХК-д харуулын ажилтнаар ажиллаж байгаа гэх, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Сансар 00-0 тоотод оршин суух хаягтай бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Баатархайрханы 0000 тоотод оршин сууж буй гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Ш овогт Дын Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” нэртэй цайны газрын лангуун дээрээс Х.Аийн эзэмшил өмчлөлийн Рэдми нөте-9 загварын гар утсыг хулгайлан авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Х.Аийн “2022 оны 3 дугаар сарын 03-нд өглөө 10 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ББУ-н 1-1 тоот “Гоё хуушуур” цайны газар ажиллаж байсан юм. Би цахилгаан шат янзлуулах гээд цайны газраа онгорхой орхиод гараад явсан. Буцаж орж ирээд лангууны ард талд тавьсан байсан Редми нөте-9 загварын гар утас байхгүй болсон байхаар нь цагдаад хандсан юм. Камерын бичлэгээ шүүж үзэхэд үл таних 50 орчим насны эрэгтэй, хар саравчтай малгайтай, цэнхэр жинсэн, цагаан үстэй захтай хантааз өмссөн хүн Гоё хуушуур цайны газарт ороод гарахдаа лангуун дээрээс аваад гарч байгаа нь дүрс бичлэгт бичигдсэн байсан юм. Миний гар утасны хайрцаг сав нь байгаа тэрэн дээрээ имей код нь байгаа имей 1; 868574053743022, имей 2: 868574053743030 гэсэн кодтой.
Миний хулгайд алдсан Рэдми нөте-9 загварын номин ногоон өнгөтэй гар утсыг надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-24-26/,
- “Г” цайны газрын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /х.х-8/,
- “Г” цайны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-9-11/,
- “Рэдми нөте-9” загварын гар утсыг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /х.х-12-13, 16-17/,
- “Мастер үнэлгээ ХХК”-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 22/023 дугаартай шинжээчийн дүгнэлт /х.х-39-40/,
- Яллагдагч *******гийн “Би 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гоё хуушуур” цайны газар руу өглөө 09 цагийн үед ганцаараа хоол идэх гээд ороход уг гуанзанд хүн байхгүй байсан ба текэн дээр ил гар утас байхаар нь би аваад гарсан” гэх мэдүүлэг /х.х-48/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Х.Аийн гар утсыг эзэн нь байхгүйг далимдуулан сэм хулгайлан авч явсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 400000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Х.Аийн мэдүүлэг /х.х-24-26/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-9-11/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /х.х-33-34/, *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******г шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Х.Ат мөнгөн дүнгээр 400000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Х.А нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******гээс шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч ******* нь Х.Аийн гар утсыг биетээр нь буцаан хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /х.х-16/ тогтоогдож байх тул *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор бүрэн арилсан, ******* нь бусдад төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-51/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утсыг буцаан хүлээлгэн өгч хохирогчийг гомдолгүй болгосон, бусдад төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Х.А нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, гэсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овогт Дын Бг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан Ш овогт Дын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Х.Ат гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн болон шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулна гэдгийг *******д мэдэгдсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ