Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2018/00719

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, шүүгч Д.Уранчимэг, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 15 дугаар бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МӨАУМХ

Сургуулийн гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээн тогтоолгох, эдийн бус гэм хорын хохиролд 4,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Г.Наранбаатар, өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 2017 оны 11 сарын 21-ний орой 20 цагийн “Цагийн хүрд” нэвтрүүлгээр Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаагийн өгсөн мэдээллийг ярихдаа: “Хан-Уул дүүргийн 15 сургуулийн нэг багш сүрьеэ өвчнөө эмчлэхгүй нуун дарагдуулан хичээл орсноор 20 орчим хүүхэд сүрьеэтэй болсон байна” гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг youtube-д байрлуулсан. Үүний улмаас Хан-Уул дүүрэг, сургууль, хамт олны нэр хүндэд ноцтой хохирол учирсан гэж үзэж байна.

2016 оны 10 дугаар сард тус сургуулийн багш, сурагчид эмчийн үзлэгт хамрагдахад 1 багш, хэдэн хүүхэд сүрьеэгийн сорилд эерэг гарсан бөгөөд тухайн багшийн хувьд Халдвар судлалын үндэсний төвийн эмчээс эрүүл гэсэн бичгийг хуурамчаар авч, багшилж байсан нь сүүлд тогтоогдсон бөгөөд 2017 оны 01 сараас ажлаасаа гарсан байгаа. Хуурамч шинжилгээ хийж өгсөн эмч нь цалингийн 20 хувь хасуулах сахилгын шийтгэл хүлээсэн гэсэн мэдээлэл ирсэн. Харин сүрьеэгийн сорилд эерэг гарсан хүүхдүүдийн хувьд эмчилгээнд хамрагдаж, дараагийн үзлэгээр сөрөг гэж гарсан байгаа. Сорилд эерэг гарах нь сүрьеэ өвчтэй гэсэн үг биш бөгөөд энэ нь янз бүрийн шалтгаанаар эерэг гарах тохиолдол байдаг гэсэн.

Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаагийн ярилцлагаас тус сургууль нь өвчтэй багшийнхаа өвчнийг эмчлүүлэхгүй нууж, 20 орчим хүүхдүүдэд сүрьеэ өвчин халдаах нөхцлийг бүрдүүлсэн мэт ойлголтыг олон нийтэд өгснөөс болж, багш, ажилтан, сурагч, эцэг эхчүүд сэтгэл зүйн гүн дарамтанд орж, зарим эцэг, эхчүүд хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Манай сургууль нь төсвөөс санхүүжилт авахдаа 1 хүүхдэд ногдох зардлаар санхүүждэг тул тус сургуулиас хүүхдүүд шилжиж явах нь цаашдын санхүүгийн байдалд хохирол учруулах үндэс болж байгаа юм.

Яг бодит байдал дээрээ сургууль багшийн өвчнийг нуусан зүйлгүй, тус сургуулийн хүүхдүүдээс сүрьеэ өвчин туссан гэж оношлогдсон хүүхэд байхгүй тул бодит байдал нийцээгүй мэдээлэл тараасан гэж үзэж байна.

Иймд Сургуулийн гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээж, эдийн бус гэм хорын хохиролд 4,700,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хохирлыг тооцохдоо багш нарын хурлаар хэлэлцэж, хариуцах эзнийх нь төлбөрийн чадвар, багш нарын гаргасан санал зэргийг харгалзаж, 4,700,000 төгрөгөөр үнэлэхэд болох юм байна гэж гаргасан дүн гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна.

2017 оны 11 сарын 21-ний өдөр Монгол телевизийн нэгэн сурвалжлагч хариуцагчийн төлөөлөгчийг “Та Хан-Уул дүүргийн сургууль дээр хүүхдүүд олноор өвдсөн тухай мэдээлэл өгөөч” гэсэн. Манай байгууллагаас яваад очтол энэ сургууль дээр хүүхдүүд сүрьеэгээр өвдсөн, өвдсөн хүүхдийн ар гэр өрхийн эмч нарт гомдол гаргасан гэх мэт мэдээлэлтэй угтсан.

Бодит байдал дээрээ 2016 онд Хан-Уул дүүргийн 15 сургуулийн биеийн тамирын багш ажилтай С гэх эмэгтэй сүрьеэгээр өвдөөд Дүүргийн эрүүл мэндийн диспансерийн эмчийн хяналтанд орж эмчлэгдэж байсан ба тухайн багш сүрьеэгээр өвдсөн хирнээ ажлаа хийж байсан. Гэтэл 2016 оны 11 сард тус сургуулийн 9-р ангийн сургагч Э гэх эмэгтэй олон хоног ханиалгаж халуурсан байсан. Тухайн үед нь өрхийн эмч бөөрний үрэвсэл гэж оношлоод зөвлөгөө өгсөн байдаг. Э нь Баянгол дүүргийн харьяат байсан учир бөөрний хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлсэн байх ба гараад дахин өрхийн эмчид хандахад сүрьеэ байж магадгүй гэж сэжиглэн үзүүлэхэд сүрьеэ гэж оношлогдож эмчилгээнд орсон.  Энэ хүүхдийн ээж ЭМЯ-нд гомдол гаргасан. Энэ хүүхдийн өвчлөлөөс болж уг сургуулийн хүүхдүүдэд өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн диспансер хамтран урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд 31 хүүхдийн сүрьеэ илэрч, одоо эмчилж байна.

2016 оны 10 сард уг сургуулийн 50 гаруй багш нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 2 багш сүрьеэтэй байж магадгүй гэсэн сэжигтэй гарсны нэг нь 1 сүрьеэтэй гарч одоо эмчлэгдэж байгаа юм. 2017 онд сургуулийн сурагч сүрьеэгийн сорил тавихад нэлээн хэдэн хүүхэд сорил эерэг гарч эмчилгээнд хамрагдсан байна. Нэг голомтонд 2 жилийн дотор 3 буюу түүнээс дээш идэвхтэй өвчлөл бүртгэгдсэн бол дэгдэлт гэж үздэг учраас энэ сургууль дээр дэгдэлт болсон.  Гэтэл энэ сургуулийн захирал өөрийн хариуцлагагүй байдлаа олон хүүхдийг халдварт өвчнөөр өвдөөд байхад таслан зогсоож, эцэг эх, хамт олонд мэдээлж нийлж арга хэмжээ авахын оронд нууж хаах оролдлого хийж, өөрийнхөө нэр төрийг хамгаалж хүний олон хүүхдийг халдварт өвчнөөр халдварлуулсан нь харамсалтай байна. Үүнийгээ зүгээр нуугаад өнгөрөхгүй хүнийг шүүхэд өгч байгаа нь шударга явдал мөн гэж үзэхгүй байна.

Иймд телевизээр ярьсан асуудал нь үнэн зөв тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад,

                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар бүрэн дунд сургууль нь хариуцагч “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо” Гишүүддээ үйлчилдэг ТББ-д холбогдуулан, Сургуулийн гутаагдсан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, эдийн бус гэм хорын хохиролд 4,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 20 цагийн Цагийн хүрд нэвтрүүлгийн Сүрьеэ-хүүхэд сурвалжлагаар  “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн нэг багш сүрьеэ өвчнөө эмчлэхгүй нуун дарагдуулж хичээл орсноор 20 орчим хүүхэд сүрьеэтэй болсон жишээ байна” гэсэн мэдээлэл гарсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан си-ди баримт дахь бичлэг зэрэг баримтаар тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч уг мэдээлэл нь сургуулийн нэр хүндийг гутаасан, сургууль хамт олны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан, энэ мэдээллээс болж эцэг, эхчүүд хүүхдээ өөр сургууль руу шилжүүлэх үр дагавар үүсгэх нөхцлийг бүрдүүллээ гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

 Хариуцагчийн төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвөөс 2016 оны 10 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн багш, сурагчдад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийхэд сүрьеэ өвчтэй багш, сурагчид байсан, телевизээр гарсан уг мэдээлэл нь үнэн зөв тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь бодит байдалд нийцээгүй мэдээ, мэдээлэл тараасан этгээдээс Иргэний хуулийн 21 дүгээр 21.2., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т заасны дагуу ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, мэдээ тараагдсан хэлбэрээр няцаалт хийлгэх, эдийн бус гэм хорын хохирол шаардах эрхтэй байна.

Харин хариуцагчийн төлөөлөгч нь хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлага мэдээллээ сургуулийн нэр хүндийг гутаах зорилготой байгаагүй, уг мэдээ, мэдээлэл нь бодит байдалд нийцсэн гэдгийг баримтаар нотолбол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 1 багш сүрьеэ өвчнөөр оношлогдож, эмчлэгдэж байсны улмаас тус сургуулийн нийт багш, сурагчдыг сүрьеэ өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт оруулахад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 хүүхэд сүрьеэгийн сорилд эерэг гарсан бөгөөд 2017 оны давтан үзлэгээр тус сургуулийн 7 хүүхэд эмчилгээнд хамрагдаж, 2018 оны байдлаар 1 хүүхэд эмчлүүлж байгаа болох нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн 2018 оны 3 сарын 27-ны өдрийн 13 дугаартай албан бичиг болон шүүхэд ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

Талууд дээрх үйл баримтад маргаагүй.

Энэ үйл баримтын талаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаагаас 2017 оны 11 сарын 21-ний 20 цагийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийн үеэр “Сүрьеэ-хүүхэд” сурвалжлагаар сүрьеэ өвчний талаар болон яагаад хүүхдүүд энэ өвчнөөр өвдөх нь ихэссэн талаар яриа өгөхдөө “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн ...20 орчим хүүхэд сүрьеэтэй болсон жишээ байна” гэж шинжилгээгээр сүрьеэгийн сорилд эерэг гарсан байдлыг сүрьеэ өвчнөөр өвчилсөн мэт ярьсан нь бодит үнэнд нийцэхгүй байна.

Ийнхүү бодит үнэнд нийцэхгүй ярилцлагыг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа өгсний улмаас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийг хариуцлагагүй байдлаараа 20 орчим хүүхдийг сүрьеэ өвчнөөр өвчлөх нөхцөл орчныг бүрдүүлж, хүүхдүүд өвчтэй болсон гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж, тус сургуулийн талаарх олон нийтийн үнэлэмжийг доройтуулж, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэж үзэхээр байна.

Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.2.-т зааснаар хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй.

Хариуцагч нь хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн дээрх мэдээний бодит байдалд нийцсэн, үнэн зөвийг, цаашлаад нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй болохыг нотлоогүй, татгалзлаа баримтаар өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүг уг мэдээг тарааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар бүрэн дунд сургуулийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзнэ.

 Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад мөн хуулийн 21 дүгээр зүйл нэгэн адил хамаардаг учир 21.2-т “...ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг  хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хариуцагч нь уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүрэгтэй.

Харин дээрх мэдээний улмаас нэхэмжлэгч байгууллагад 4,700,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй, хуулийн этгээдийн хувьд сэтгэл санааны хохирол гэх ойлголт яригдахгүй зэрэг үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын гэм хорын хохирол нэхэмжилсэн хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүх Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлийн шаардлагаас ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо Гишүүддээ үйлчилдэг ТББ-д даалгах хэсгийг хангаж, эдийн бус гэм хорын хохиролд 4,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3., 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг тус тус баримтлан  ,,,, гэсэн мэдээлэлд 15 дугаар бүрэн дунд сургуулийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг “МӨАУМХ” Гишүүддээ үйлчилдэг ТББ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас эдийн бус гэм хорын хохиролд 4,700,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “МӨАУМХ” Гишүүддээ үйлчилдэг ТББ-аас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.БААТАР

 

 

                                         ШҮҮГЧИД                                              Д.УРАНЧИМЭГ

 

 

                                           Ө.УЯНГА