Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/857

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолт),

хохирогч, шүүгдэгч О.А,

хохирогч, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-ын А, Т овогт Д-ын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108024210888 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт, Баянхонгор аймгийн ... сум, ... дүгээр баг, ..., ... гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо хувь айлын байшин түрээслэн суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ын А (РД:...),

2. Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...-д  сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Д-ын Д (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

2021 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудалд:

Шүүгдэгч О.А нь хохирогч Д.Д-ийг маргаан дундуур орж Б.Бийг өмөөрлөө гэх шалтгаанаар гар болон нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд “баруун сарвуу, 2-5-р хурууны 3-р шивнүүрийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхи, гадна булан, шилэн хүзүүний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  шүүгдэгч Д.Д нь хохирогч О.А-ийн толгойн тус газарт нь пивоны шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд “зүүн зулайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудалд шүүгдэгч Д.Д нь найз Б.Б, Б.Б нарын хамт өрөө авч согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үеэр буюу үүрийн 05 цагийн орчимд иргэн Б.Б-ийн найз залуу гэх О.А нь  тус зочид буудалд ирж согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа найз бүсгүйтэйгээ маргалдахад нь Д.Д Б.Б-ийг өмөөрч О.А-тэй маргалдан, харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч О.А нь хохирогч Д.Д-ий гар болон нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд “баруун сарвуу, 2-5-р хурууны 3-р шивнүүрийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхи, гадна булан, шилэн хүзүүний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Д нь хохирогч О.А-ийн толгойн тус газарт нь пивоны шилээр 1 удаа цохиж эрүүл мэндэд “зүүн зулайн хуйханд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал,

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

2. Хохирогч Д.Д-ий: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед гэртээ байж байтал миний танил найз эмэгтэй болох Б нь над руу утсаар залгаад “Б бид хоёр уулзаад хамт ууж байна, хамт жаахан сууя” гээд өөрсдөө ирж авсан. Бид нар 21 дүгээр хороолол, ... нэртэй зочид буудалд дээд давхарт нэг өрөө авсан. Б, Б бид нар 0.75 литрийн хараа нэртэй архи 1 шилийг, 2 литрийн савтай пиво авсан. Би архи уухаар бие дээр юм гараад байдаг болохоор пивоноос нь уусан. Хэсэг сууж байгаад бүгдээрээ унтаж амрахаар болсон. Би Б-тэй нэг орон дээр хэвтээд нөгөө орон дээр Б дээр унтсан юм. Унтаж байхад шөнө нь Б орилоод нэг хүнтэй маргалдаад хэрэлдээд байхаар нь би нөхөр нь ирээд маргалдаж байгаа юм байх гэж бодсон. Гайгүй байлгүй гэж бодоод хэвтээд ажиглаж байхад сүүлдээ нэгнийгээ алгадаж байгаа дуу гарсан. Би босож ариун цэврийн өрөө ороод эргэж орж ирэхдээ уг залууд “архи хамт ууя” гэж хэлээд бид хоёр уг архийг уусан. Бийг ингэж болохгүй ш дээ хэлж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан. Тэгтэл уг залуу намайг барьж аваад намайг алгадсан. Бид хоёр барьцалдаж аваад хамт унаад ноцолдсон, намайг хэд өшиглөсөн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан зүйлийг аваад толгой хэсэгт нь цохисон чинь уг залуугийн толгой хэсгээс нь цус гарсан. Тухайн үед А нь эхнэрээ хардаад буудалд ирж хэрүүл хийгээд байхаар нь би тэр хоёрыг болиулах санаатай босож ирээд “боль” гэж хэлэхэд нар руу дайраад цохисон юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ үйлчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 24 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

3. Хохирогч О.А-ийн: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 5 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй буудлын 4 давхрын 8 тоотод манай эхнэр Б намайг дуудсан юм. Намайг очиход 0,75 литрийн Хараа нэртэй архи бүтэн байсныг Д бид 2 тэр архинаас уугаад би нэлээн согтсон.  Тухайн үед манай эхнэр Б нь намайг “зайл” гээд хөөгөөд байсан. Би өөрөөсөө холдуулахгүй гэж тэврээд татаж чангааж, араас нь тэврэхдээ хоолойг боосон. Өөрөөр цохиж зодоогүй. Д манай эхнэрийг өмөөрөөд надтай барилцаж аваад байсан. Юу болсон талаар мэдэхгүй байна. ямар ч байсан намайг нэг юмаар цохих шиг болсон. Нэг сэрэхэд миний толгойноос нэлээн цус гарчихсан байсан. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн талаарх төлбөрийн баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 28 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. Гэрч Б.Бийн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... буудалд манай найз бид хоёр 4 давхарт орж архи ууж байхад нэг мэдсэн чинь Бийн нөхөр манай найз Бийг “архи уулаа” гээд маргалдаж алгадсан чинь манай найз Д дундуур нь орж салгахаар нь Бийн нөхөр Дийг өшиглөж цохиж зодоод байсан. ...О.А нь Дийг гар хөлөөрөө цохиж зодсон. Д.Д нь ширээн дээр байсан пивоны шилээр О.А-ийн толгойн ар хэсэгт 1 удаа цохисон чинь О.А-ийн толгойноос цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30, 38 дахь тал),

5. Гэрч Б.Б-ийн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найз Б, Д-ий хамт гурвуулаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... буудалд орж бид 3 Хараа нэртэй 0.5 литрийн архи 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2 литрийн пиво 1 ширхгийг ууцгаасан. Удалгүй би нөхөр А-ийг дуудаж ахиж 0.75 литртэй Хараа архи нэгийг авч хувааж ууцгаасан. Уучхаад нөхөр бид 2 хамтдаа хэвтэж байгаад муудалцсан. Юунаас болж муудалцсанаа санахгүй байна, гэтэл намайг учир зүггүй “янхан гичийгээр нь дуудаж үсдээд ийш тийш нь чирч буулгаад хоолойг боож би амьсгалж чадахгүй нүд харанхуйлсан. Д намайг өмөөрч А-тэй муудалцаад тэр хоёр дээр доороо орж зодолдсон. Буудлын ресейпшн эгч орж ирж салгасан. Салгахад А-ийн толгойноос нь цус гарсан. Цусаа миний нүүрэн дээр арчаад байсан. Б цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34,42 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 9209 дугаартай:

“Д.Д-ий биед баруун сарвуу, 2-5-р хурууны 3-р шивнүүрийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхи, гадна булан, шилэн хүзүүнд цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, зүүн сарвууны ард шарх, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээр гэмтлүүдээс баруун сарвуу, 2-5-р хурууны 3-р шивнүүрийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт, зүүн сарвууны шарх нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүдээс баруун сарвуу, 2-5-р хурууны 3-р шивнүүрийг хамарсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхи, гадна булан, шилэн хүзүүний цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Харин зүүн нүдний доод зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт, зүүн сарвууны шарх, хацрын зулгаралт нь 2-3-аас дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн 9808 дугаартай:

“О.А-ийн биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

Шүүгдэгч О.А, шүүгдэгч Д.Д нарын өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.А, Д.Д нар нь хоорондоо маргалдаж бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан болох нь тэдгээрийн хохирогчоор болон яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, тухайн үйл явцыг харсан гэрч нарын харилцан зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон, О.А, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь 9209, 9808 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.А, Д.Д нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.

Хохирол төлбөрийн тухай: Хохирогч О.А, Д.Д нар нь харилцан бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.А, Д.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, шүүгдэгч Д.Д нарт 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч О.А, Д.Д нар нь “торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.А, Д.Д нарын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын харилцан бие биедээ учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бие биеэсээ хохирол нэхэмжлэхээс татгалзсан нөхцөл байдал, нөгөө талаас шүүгдэгч О.А, Д.Д нарын хувийн байдал буюу шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч О.А, шүүгдэгч Д.Д тус бүрт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, тэдгээрийн цалин хөлс, орлогын хэмжээ, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.А, Д.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.А, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ын А, Т овогт Д-ын Д тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Д-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, Д.Д нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А, Д.Д нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч О.А, Д.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ