Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1020

 

        2022          08          11                                   2022/ШЦТ/1020

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Э.Чанцалням,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.08.08-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд 1979 оны 8 дугаар сарын 14- ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “З” ХХК-д сүлжигч ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Нны 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Тангуд овогт Бын А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Нны 0-0 тоотод эхнэр Ч.Птэй улмаас маргалдан зодож, түүний бие хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ч.Пгийн: “2022 оны 5 дугаар сарын 18-ны орой ажлаа тараад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Ногоочин 2-6 тоотод ирсэн. Нөхөр ******* согтуу 4 хүүхдийн хамт байж байсан. Машиндаа суучихаад согтуу машинаа хаазлаад байхаар нь би “машинаа эвдлээ” гэсэн чинь “чиний машин юм уу?” гээд хэрүүл эхэлсэн. Хэрэлдээд над руу дайраад байхаар нь би нөхрийн гар руу нь 2 удаа цохисон чинь нөхөр миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр ноцолдоод барьцалдаж авсан. Тэгэхдээ миний хөл болон гарыг хөхрүүлчихсэн юм. ...Урьд нь бид хоёр гэр бүлийн маргаанаас болж хэрэлддэг байсан. Гэхдээ надад гарч хүрч байгаагүй. Харин гэртээ агсам тавиад байна гэж 2 удаа цагдаад дуудлага өгч байсан. Архи уухаараа хэрүүл хийгээд байдаг болохоор цагдаад өгч байсан” гэх мэдүүлэг /хх 19/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7804 дугаартай “Ч.Пгийн биед дух, хацар, бугалга, шуу, гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 23-24/,

- Яллагдагч *******ийн “...эхнэр ажлаасаа тараад гэрт ирсэн чинь архи уулаа гэж уурлаж бид хоёр хэрэлдэж маргасан юм. Тэгсэн манай эхнэр намайг хоёр удаа цохиж авахаар нь би зөрүүлээд толгой болон хөл хэсэг рүү нь цохиж авах шиг болсон юм. Тэгээд би гэрээсээ гараад яваад өгсөн. Тэгээд орой би ээжийнхээ гэрт очоод хоносон...би урьд өмнө эхнэртээ гар хүрч байсан удаа байхгүй, анх удаа л ийм зүйл болж байна” гэх /хх 52-53/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Ногоочны 2-6 тоотод байрлах гэртээ  эхнэр Ч.Птэй харьцааны улмаас маргалдан зодолдож Ч.Пгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ч.Пгийн “нөхрийн гар руу хоёр удаа цохисон чинь нөхөр миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаад ноцолдож байхад миний хөл, гарыг хөхрүүлчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-19/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7804 дугаартай дүгнэлт /хх-23-24/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч Ч.П нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2-13 насны 4 хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар /хх-30, 34-37/ тогтоогдож байна.

Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тухайн үед гэнэт үүссэн хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар Ч.Пгийн бие махбодид “дух, хацар, бугалга, шуу, гуянд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны товыг хохирогч Ч.Пд мэдэгдэхэд “бид хоёр хамт амьдарч байгаа. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд өнөөдрийн байдлаар ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-42/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс /түрүүлж цохьсон/ шалтгаалан  гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ч.П нь хавтаст хэргийн материалтай танилцаад “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овогт Бын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Бын Аэд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******эд шүүхээс оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн гурав хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Ч.П нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******эд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ