| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2018/01561/И |
| Дугаар | 181/ШШ2018/01428 |
| Огноо | 2018-06-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2018/01428
| 2018 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2018/01428 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 1-р хороо, Наран хороолол, 9-р байр, 26 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Баясгалангийн /рд:СЮ70012611/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 81/1, өөрийн байранд оршин байгаа Гаалийн ерөнхий газарт холбогдох,
Гэм хорын хохиролд 3,140,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагчийн төлөөлөгч Ч.Тамираа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Багануур дүүрэгт 2007 оны 12 дугаар сард “Азийн чоно” ХХК, “Гүн галуут” ХХК нь химийн хортой бодис метилийн спиртээр архи үйлдвэрлэн зарж борлуулснаар 15 хүн амь насаа алдаж олон хүн эрүүл мэндээрээ хохирсон.
Энэ гэмт хэрэгт 9 хүн ял шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор хохирогчдын хохирлоо иргэний журмаар жичдээ нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Энэ гэмт хэргийн улмаас миний бие насан туршдаа 2 нүд хараагүй болж, хөдөлмөрийн чадвараа 100% алдаж хохирсон тул Сүхбаатар дүүргийн шүүхэд Гаалийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж гэм хорын хохирол шаардсан бөгөөд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1456 дугаар шийдвэрээр халамжийн тэтгэмжийн зөрүү 1,547,400 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэснийг миний бие хүлээн авсан.
Мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд Гаалийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж гэм хорын хохирол шаардан нэхэмжилснээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 6088 дугаар шийдвэрээр халамжийн тэтгэмжийн зөрүү 2,348,800 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн авсан.
Иймд Монгол улсын Гаалийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн тэтгэмжийн 2015 оноос 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацааны зөрүүг тооцоход:
2015 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг, халамжийн тэтгэмж 115,000 төгрөгийг хасахад зөрүү нь 77,000 төгрөг, 2015 оны 01, 02 сарын зөрүү 154,000 төгрөг, 2015 оны 03 сараас халамжийн тэтгэмж 126,500 төгрөг болсон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгөөс 126,500 төгрөгийг хасахад 65,500 төгрөг болж байна.
2015 оны 03 сараас 2016 оны 05 сар хүртэлх 15 сарын зөрүү 982,500 төгрөг, 2016 оны 06 сард халамжийн тэтгэмж 140,000 төгрөг болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгөөс 140,000 төгрөгийг хасахад зөрүү нь 52,000 төгрөг болж байна. 52,000 төгрөгийг 2016 оныг дуустал 07 сар гэж бодоход 364,000 төгрөг, 2017 оны 01 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг болсон.
Халамжийн тэтгэмж 140,000 төгрөгийг хасахад зөрүү 100,000 төгрөг болж байна. 2017 оны 01 сараас 2018 оны 01 сарыг дуустал бодоход 13 сарын зөрүү 1,300,000 төгрөг, 2018 оны 02 сард халамжийн тэтгэмж 155,000 төгрөг болсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөс 155,000 төгрөгийг хасахад 85,000 төгрөг болж байна. 2018 оны 02 сараас 05 сар хүртэл бодоход 4 сарын зөрүү 340,000 төгрөг нийт зөрүү 3,140,500 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас нэхэмжлэн шаардаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Б. нь “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд хордож, эрүүл мэндийн байдлаа алдсан гэх эрүүгийн хэрэг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 90 тоот шийтгэх тогтоол гарсан байдаг.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Азийн чоно” ХХК, тус компанийн үүсгэн байгуулагч, удирдлагууд “Гүн галуут” ХХК, түүний удирдлагууд тус компаниудын шинжээч, хүнсний хяналтын ажилтнууд, мөн Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зэргийн гэм буруутайд тооцож, хариуцлага алдсан хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын ажилтнуудад ял шийтгэл ногдуулсан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч Б. нь 2015 оноос 2018 оны 05 дугаар сар хүртэлх халамжийн тэтгэмжийг Гаалийн байгууллагаас дангаар нь нэхэмжилж байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд заасан “Шударга ёс”-ны зарчимд үл нийцэж байна.
Гаалийн байгууллага шат бүрийн шүүхийн шийдвэрийг хүндэтгэн 2011 оны 09 сарын 19-ний өдрийн 1456 тоот иргэний шүүхийн шийдвэрийн дагуу 1,5 сая төгрөг, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 14-ний өдрийн 6088 шийдвэрээр 2,3 сая төгрөг тус бүр Б.т олгож байсан.
Иймд нэхэмжилж буй 3,14,500 төгрөгийг Багануур дүүргийн Эрүүгийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 90 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон “Азийн чоно” ХХК, “Гүн галуут” ХХК зэрэг бусад байгууллага, тэдгээрийн удирдлагаас нэхэмжилж барагдуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж буй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохирол нийт 3,140,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Б. нь 2007 оны 12 сарын 31-ний өдөр “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн метилийн спиртээр найруулсан архи согтууруулах ундааг хэрэглэсний улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувиар алдсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.
Энэхүү үйл явдалд нэхэмжлэгч нь тухайн үед Гаалийн ерөнхий газарт Гаалийн байцаагчаар ажиллаж байсан Х.Цэрэндолгорыг буруутай гэж үзэн, Гаалийн ерөнхий газраас 2015 оны 01 сараас 2018 оны 05 сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн тэтгэмжийн зөрүү болох 3,140,500 төгрөгийг нэхэмжилдэг.
Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 12 сарын 09-ний өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Баттогтох, Ж.Лхамчинжав, Х.Цэрэндолгор, Ц.Бат-Өлзий, Ц.Баярбаатар, Б.Баярсайхан, Ц.Энхээ, Ц.Сэлэнгээ, Х.Байгалмаа нарыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох ял шийтгэлийг ногдуулсан байдаг.
Шүүх Х.Цэрэндолгорыг Гаалийн ерөнхий газарт Гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалынхаа байдлыг ашиглаж хориглосон эд зүйл буюу метилийн спиртийг бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял 200,000 төгрөг хурааж, 4 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.
Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан бол гэм хорыг арилгах үүрэг хүлээсэн этгээд хохирогчид сар тутам мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцан арилгана гэж тус тус заасны дагуу Б. нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг Гаалийн ерөнхий газраас шаардах эрхтэй байна.
Өмнө дурдсанчлан шүүхийн шийтгэх тогтоолоор нэр бүхий 9 этгээдийг гэм буруутайд тооцож, холбогдох ял шийтгэлийг ногдуулсан байхад нэхэмжлэгч Б. нь зөвхөн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан 3,140,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Б.ын эрүүл мэнд хохирсон, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан явдалд метилийн спиртийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Гаалийн байцаагч Х.Цэрэндолгороос гадна хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдаанд гаргасан үйлдлийг хийсэн этгээдүүд мөн адил гэм буруутай юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцахаар заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн нэр бүхий 9 этгээд Б.т учруулсан эрүүл мэндийн хохирлыг хамтран хариуцах учиртай.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, халамжийн тэтгэмжийн зөрүү 3,140,500 төгрөгийн тооцоололтой хариуцагч маргадаггүй учир 3,140,500 : 9 = 348,944 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулан Б.т олгож, үлдэх 2,791,556 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир зохигч талуудын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: