Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
Хэргийн индекс | 188/2022/1027/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1036 |
Огноо | 2022-08-18 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1036
2022 08 18 2022/ШЦТ/1036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,
улсын яллагч: Э.Чанцалням /томилолтоор/,
улсын өмгөөлөгч: Ж.Б,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2208000001204 тоот хэргийг 2022.07.28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 7 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, 1 дүгээр анги төгссөн, бичиг мэдэхгүй гэх, мэргэжилгүй, “Т” ХХК-нд үйлдвэрийн ажилтан ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн А сум, 0-р баг, А гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00-000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Ггийн Б нь гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Тоёота Приус-20 маркийн 00-00 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон, хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Хын 0 дугаар гудамжны 00 тоотод хүргүүлсэн иргэн Б.Аийн гээгдүүлсэн Самсунг Эс-20 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 800000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Аийн: “2022 оны 6 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Жанцаны урд талын автобусны буудлаас такси бариад гэр рүүгээ явсан. Уг машин нь Приус маркийн байсан ба улсын дугаар, өнгийг нь харж чадаагүй. Уг жолооч нь бага насны хүүхдээ дагуулсан 30-35 орчим насны залуу байсан ба хүүхэд нь 3-4 орчим насны эрэгтэй хүүхэд байсан. Таксины мөнгөө өгөхдөө бэлэн байхгүй байсан тул таксины мөнгө 3000 төгрөг гарахаар нь хүүхэдтэй явж байхаар нь “Хүүхдэдээ юм авч өгөөрэй” гээд интернэт банкаар илүү 7000 төгрөг шилжүүлж, нийт 10000 төгрөг шилжүүлсэн. Өөрийн 5.........8 гэсэн данснаас Хаан банкны 5.......1 тоот данс руу 10000 төгрөг шилжүүлсэн. Гэр рүүгээ ороод авч явсан тортой эд зүйлээ хураагаад гар утсаа байхгүй байхыг мэдээд хүүхдийнхээ 91000000 гэсэн дугаараас өөрийн 91000000 гэсэн дугаарт залгахад дуудаж байсан ба 2-3 удаа залгаад унтарсан. Цэнэг нь 21 хувьтай байсан ба 2-3 удаа залгахад унтрах боломжгүй байсан. Жолоочийн содон зүйл нь туранхай, шөвгөр царайтай, том нүдтэй 30-35 орчим насны залуу байсан. Данс эзэмшигч нь ******* гэж гарч байсан. Мөнгө шилжүүлсэн чинь “За, мөнгө шилжин орлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-8/,
- “М” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22/024 дугаартай хөрөнгийн үнийн “Самсунг фирмийн S-20 загварын гар утас 800000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-13-14/,
- эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-45-46/,
- Яллагдагч *******ын “2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед 2 настай хүүтэйгээ хамт өөрийн эзэмшлийн 00-00 УАС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байтал нэг эрэгтэй хүн гараа өргөхөөр нь машиндаа суулгаад “Хөтөл рүү явчих” гэхээр нь Хөтөлийн тэнд зогсоод “3000 төгрөг болж байна” гэсэн чинь тэр эрэгтэй “хүүхдэдээ юм авч өгөөрэй” гээд миний 54...... тоот данс руу 10000 төгрөг хийгээд буугаад явсан. Гэр рүүгээ буцаад явж байтал арын суудал дээр хар хөх өнгийн Самсунг маркийн гар утас байхаар нь би аваад унтраагаад симийг нь аваад өөрийнхөө симийг хийсэн чинь кодтой байхаар нь гар утас засвар дээр очоод кодыг нь гаргуулаад би өөрөө ашиглаж байсан. Би тухайн Самсунг маркийн хар хөх өнгийн гар утсыг тухайн үед миний машинд суусан эрэгтэй хүний гар утас гэдгийг мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-58-59/,
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Ат 800000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Аийн “өөрийн 5.........8 гэсэн данснаас Хаан банкны 5.......1 тоот данс руу 10000 төгрөг шилжүүлсэн. Гэр рүүгээ ороод авч явсан тортой эд зүйлээ хураагаад гар утсаа байхгүй байхыг мэдээд хүүхдийнхээ 91......0 гэсэн дугаараас өөрийн 91......4 гэсэн дугаарт залгахад дуудаж байсан ба 2-3 удаа залгаад унтарсан. Цэнэг нь 21 хувьтай байсан ба 2-3 удаа залгахад унтрах боломжгүй байсан. Жолоочийн содон зүйл нь туранхай, шөвгөр царайтай, том нүдтэй 30-35 орчим насны залуу байсан. Данс эзэмшигч нь ******* гэж гарч байсан” гэх мэдүүлэг /хх-8/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-45-46/, “М” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22/024 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь “Самсунг Эс-20” загварын гар утсыг өөрийнх биш, бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйлс” гэдгийг мэдсээр байж цагдаагийн байгууллагад аваачиж өгөхгүйгээр кодыг нь гаргуулан өөрөө эзэмшин хэрэглэсэн нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлд заасан “гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэх заалтыг зөрчсөн байна.
Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Ат 800000 төгрөгийн шууд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ат гээгдүүлсэн гар утсыг нь 2022.06.17-ны өдөр хүлээлгэн өгсөн /хх-46/ бөгөөд хохирогч Б.А нь “гар утсаа хүлээж авсан. Гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-63/ гаргасан байх тул шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөнд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь шүүхээс өмнөх шатанд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг гар утсыг биетээр нь буцааж өгөх байдлаар нөхөн төлж, бусдад төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэр бүлээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, 8 сартайгаас 2 настай хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд ялаас чөлөөлж өгнө үү. Миний үйлчлүүлэгч төлбөрийн чадваргүй гэх үндэслэлээр улсын өмгөөлөгч томилуулах хүсэлт гаргасан байгаа” гэх дүгнэлтийг, шүүгдэгчээс “миний буруу тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувийн байдлыг харгалзан үзээд надад оногдуулах ялаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.
Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлбөргүй болсон ба түүний хувийн байдлыг харгалзан *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ггийн Быг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ггийн Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Аийн гар утсыг биетээр буцаан өгсөн ба хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ