Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2024/0150

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.С ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч

Нэхэмжлэгч: Г.С

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 139,350,627 төгрөгөөс 100,800,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөгийг гаргаж өгөхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/1024/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.С-оос хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 139,350,627 төгрөгөөс 100,800,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөгийг гаргаж өгөхийг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: “...Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.4, 47 дугаар зүйлийн 47.9, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын иргэн Г.С-оос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38 550 627.00 /гучин найман сая таван зуун тавин мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхийн зөвлөлд даалгаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн.47.9 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Г.С оос Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг гаргахдаа дурдсан үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...сарын дундаж цалин..” гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул “албан тушаалын цалин”, “нэмэгдэл", “тэтгэмж” гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

 

3.2. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт “цалин хөлс” гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

 

3.3. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид “нэг удаа” олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “... авч байсан сарын дундаж цалин...” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг “албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

 

3.4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Г.С оос Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 139,350,627 төгрөгөөс 100,800,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.С  нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар 19-ний өдрийн 69 дүгээр зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан нэг удаагийн тэтгэмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгохдоо буруу тооцож 38,550,627 төгрөгийг дутуу олгосон гэж маргасан байна.

 

2.3. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ... сарын дундаж цалингийн хэмжээгээр ... гэснийг тодорхойлохдоо сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр гэж агуулгын хувьд ойлгох нь хууль болон зарчимд нийцэхээр байна, ...хариуцагч нь хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

2.4. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж, харин Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-д “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж тус тус заасан.

 

2.5. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж хуульчилснаас үзэхэд шүүгчийн цалин хөлсөнд албан тушаалын цалингаас гадна бусад нэмэгдлүүд багтах тул тэтгэвэрт гарч байгаа шүүгчид 1 удаагийн тэтгэмж олгохдоо “...түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр” тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.6. Иймд анхан шатны шүүхийн “шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд “сарын дундаж цалингийн хэмжээ” гэдэгт үндсэн буюу албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

2.7. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл,нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан төдийгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын Хоёрын 2.1.1 дэх заалтаар  ажилтны нэг сарын дундаж цалингийн хэмжээг тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцохоор журамласан байна.

 

2.8. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хуулиар нарийвчлан зохицуулсан хэм хэмжээний дагуу шүүгч нь сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг өндөр насны тэтгэвэрт гарахдаа сонгон авах эрхтэй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах гэх хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэг удаагийн тэтгэмжийн аль илүүг сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.9. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд талуудаас нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон тэтгэмжийн зөрүүг тооцсон үнийн дүн зөрүүтэй талаар тайлбарлаж байх тул шударга, эрх тэгш байх зарчмын үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид “шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээг 36 сараар тооцож нэг удаагийн тэтгэмжийг дээрх хууль, журамд заасны дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгасан” өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Г.С оос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38 550 627.00 /гучин найман сая таван зуун тавин мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхийн зөвлөлд даалгасугай” гэснийг “...Г.С оос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид дутуу олгосон тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхийн зөвлөлд даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА