Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0846/Э |
Дугаар | 2022/ШЦТ/858 |
Огноо | 2022-07-01 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Д.Ширэндэв |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/858
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Д.Ширэндэв (томилолт),
шүүгдэгч Ц.И, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц-ын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808030860612 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх, ... аймаг ... сум ... баг ... тоотод оршин суух хаягтай,
-Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт 5 жил 1 сарын хорих ял шийтгэснийг Нийслэлийн давж заалдах шатны магадлалаар нийт эдлэх ялыг 3 жил болгож бууруулж, Хан-уул дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 69 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 20 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө сулласан,
-Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 13 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 06 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэж сулласан,
-Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 27 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэж сулласан,
-Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 4.800.000 төгрөгийн торгох ялаар,
-Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ц-ын И (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.И нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Б.Г-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн салхивчаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох монетон хос ээмэг 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хэрэг үйлдэхээс хэд хоногийн өмнө тухайн айлд очиж ажил хийсэн, тэгээд тэр өдөр хүн байна уу гээд очиход байхгүй байсан тул цонхны порчикийг нь хагалаад орж эд зүйл авсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.И нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Б.Г-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн салхивчаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох монетон хос ээмэг 1 ширхэг эд зүйлийг хулгайлан авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Г-ийн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн орчим гэрээсээ гараад эмээгийнхээ гэрт очиж 2 цаг орчим болчхоод 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай хойд талын хашаанд амьдардаг өвөө, эмээ хоёр танай байшинд хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд би хашаандаа ортол манай байшингийн баруун тийшээ харсан цонх онгорхой байсан. Манай гэрээс зурагтын тавиур дээр байсан 2.1 граммын хос монетон ээмэг алдагдсан. Би ээмгээ 2016 онд Мөнгөн завьяагаас 210,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Манай байшинг барьж байсан хүмүүсийн дунд байсан нэг залууг манай цонхоор орж байгааг манай арын айлын хоёр хүүхэд харсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дахь тал),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 04/201 шинжээчийн: “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгай тоотод хулгай орж эд зүйл алдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан 1 гэж дугаарласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь ... гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ц овогтой И-ын зүүн гарын алганы хээтэй тохирч байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),
3.“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...монетон хос ээмэг-210,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 70-72 дахь тал)
4. Шүүгдэгч Ц.И-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.И нь хохирогчийн орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд шүүгдэгч Ц.И нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Ц.И-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-т 210,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул 210,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Б.Г-т олгохоор шийдвэрлэв.
Хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ит 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Ц.И нь гэм буруу дээр маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлсэн байгаа бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь 2018 оны хэрэг, энэ байдал нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул түүнд оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.И-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирогчид хохирол төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан ч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, засарч хүмүүжээгүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.И-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Ит оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.
Иймээс шүүгдэгч Ц.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар ... аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих /өөрийн амьдардаг ... аймгийн нутаг дэвсгэр дотор/, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суугаа Завхан аймаг дахь тодруулбал, ... аймгийн ... 5 дугаар баг, ... дугаар гудамж ... тоот хаягаа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.И нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 11 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-ын цагдан хоригдсон 11 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж /2 жил 6 сар-11 хоног= 2 жил 5 сар 19/, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 2 жил 5 сар 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.И-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ын И-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.И-т 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ит оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ц.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Завхан аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ... аймгийн ... дугаар баг, ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-ын цагдан хоригдсон 11 (арван нэг) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 2 (хоёр) жил 5 (тав) сар 19 (арван ес) хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.И-оос 210,000 (хоёр зуун арван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Г-т олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.И-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ит авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.И-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ