Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/877

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                МОНГ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч А.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан прокурорын газрын хяналтын прокуророос З овогт М-ын О, Б овогт Б-ын Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000943 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, өмнөх 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/365 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг зорчих эрх хязгаарлах ялаас 297 хоногийг эдэлж, шагналын 30 хоног олгогдож нийт 327 хоног эдэлсэн, 1068 хоногийн үлдэгдэлтэй, З овогт М-ын О (РД:...),

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... дугаар хороо хангайн ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ХМШЗ/136 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 4 жил, 3 сар, 29 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, үлдэх 1 жил 3 сар, 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан өөрийн оршин суугаа газар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарласан ба Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 1 жил 3 сар, 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 25 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналтын хугацааг мөн хугацаагаар тогтоосон, харин зорчих эрхийг хязгаарлах ялаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 02 сар 18 хоногийн ялыг биеэр эдэлж, эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн ялын үлдэгдэлтэй, Б овогт Б-ын Т (РД:...)

Холбогдсон гэмт хэргийн талаар:

2022 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 03-04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ... дугаар гудамжны ... тоотод:

Шүүгдэгч М.О, Б.Т нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ бүлэглэж, М.О нь иргэн Б.Н-ийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж “100,000 төгрөг данс руу шилжүүлэхийг шаардан хүч хэрэглэсэн, шүүгдэгч Б.Т нь хохирогчийн цамцны захаас хойш татаж хоолойг нь боож, М.О-тай нийлэн цохиж зодон хохирогчийн Samsung wide-4 маркийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан,

-мөн М.О Б.Т нар нь бүлэглэн Б.Н-ийг дээрэмдэх явцдаа түүний толгой, нүүрний хэсэгт гараараа 4-5 удаа цохиж, хөлөөрөө толгой нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа өшиглөх, хоолойг нь боох зэргээр цохиж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зулайн хуйханд язарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун бөөрөнд зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, нүүрний баруун тал, зүүн хөмсөгний гадна хэсэг, зовхи, хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Дээрмийн үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2 зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед М.Оын гэрт ээж нь хамт байсан. Цагдаагийн газар Б.Н-той нүүрэлдэж уулзсан бөгөөд тэр үед надад М.О л намайг зодсон, харин намайг хэрэгт хамааралгүй гэдгийг хэлж байсан. Хэрэг шүүхэд шилжихийн өмнө М.Оын ээж байсан гээд байхад байцаалт аваагүй. 2 зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч М.О, Б.Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч А.Очбадрал: “...М.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул маргаж оролцоно, харин хүний эрүүл мэндэд ганцаараа гэмтэл учруулсан, Б.Т оролцоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Тий өмгөөлөгч А.Амартогос: “...шүүгдэгч Б.Тий хувьд гэмт хэрэгт оролцсон нь тогтоогддоггүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах” тухай дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.О, Б.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

2022 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 03-04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод:

Шүүгдэгч М.О, Б.Т нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ бүлэглэж, М.О нь иргэн Б.Н-ийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж “100,000” төгрөг данс руу шилжүүлэхийг шаардан хүч хэрэглэсэн, шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч М.От үйлдлээрээ дэмжлэг үзүүлэн  хохирогчийн цамцны захаас хойш татаж хоолойг нь боож, М.О-тай нийлэн цохиж зодон хохирогчийн Samsung wide-4 маркийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан,

-мөн М.О Б.Т нар нь бүлэглэн Б.Н-ийг дээрэмдэх явцдаа түүний толгой, нүүрний хэсэгт гараараа 4-5 удаа цохиж, хөлөөрөө толгой нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа өшиглөх, хоолойг нь боох зэргээр цохиж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зулайн хуйханд язарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун бөөрөнд зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, нүүрний баруун тал, зүүн хөмсөгний гадна хэсэг, зовхи, хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан үйл баримт нь:

1. Дуудлагын лавлагааны хуудас: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өглөөний 05:22:58 секундэд 80488363 дугаарын утаснаас  2 залууд зодуулж гар утсаа дээрэмдүүлээд гэртээ орж ирээд ярьж байна” гэсэн дуудлагыг өгсөн (хавтаст 1 дэх тал),

2. Хохирогч Б.Н-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед 21 дүгээр хороололд байрлах Содон хорооллын ард талын пабд ганцаараа 0.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пивоноос 2 ширхгийг уугаад сууж байтал тус пабд пиво ууж байсан 25 орчим насны нэг нь халзан шөвгөр царайтай үл таних хоёр залуу ирээд “танилцъя” гэхээр нь би тэр хоёр залуутай танилцсан ба нэг нь өөрийгөө Т гэж танилцуулсан. Шөнийн 02 цагийн үед паб хаах болоод бид гурав гараад явсан ба замаараа 24 цагийн дэлгүүрээс 2.4 литрийн хэмжээтэй пиво аваад хар куртиктэй намхан залуугийн гэрт ирээд пиво хувааж ууж дуусгачхаад Т гэх залуу унтаад өгсөн. Тэгсэн нөгөө хар куртиктэй намхан залуу нь гэнэт босож ирээд миний гар утсыг булааж авах гээд байхаар нь би “Үгүй” гэхэд миний нүүр лүү хоёр удаа цохиод гар утсыг маань булааж авсан. Тэгээд би “яаж байгаа юм утсаа авъя” гэхэд тэр залуу 100,000 төгрөг шилжүүлж байж утсаа ав, чамтай тоглоогүй байна шүү лалар минь гээд  миний нүүр болон толгой руу гараараа болон  хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэр үед би айгаад  “за за мөнгө  шилжүүлье” гэж хэлээд утсаа аваад данс руу нь сандарсандаа 2000 төгрөг шилжүүлсэн чинь О- нь “намайг доромжлоод байна уу” гэж хэлээд  дахиад  нүүр болон  толгой бие рүү хэд хэд цохисон.  Тэр үед  би утсаа  аваад зугтаах  гээд босох гэтэл  Т  босож  ирээд миний малгайтай цамцны  араас боогоод О-тай нийлээд дахиад толгой болон бие рүү  өшиглөж эхэлсэн.  Тэгээд  гэрийнхээ хаалгыг  онгойлгоод  намайг чирээд гаргах гэх үед би зугтаасан. Түр үед миний утсыг гараас О- нь дахиад булааж авсан. Би өөрийн биедээ 500,000 төгрөгийн эмчилгээ гэрээрээ хийлгэсэн. Надад баримт нь байхгүй. Надад зөвхөн томографын зураг 130,000 төгрөгөөр авхуулсан баримт нь байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24, 25-28 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 6336 дугаартай: Хэсэг газрын  үзлэгт “...баруун чамархай, духны  баруун хэсэгт  баруун  хацрыг  хамарсан 13х12.5см, баруун чамархайн ар хэсгийн  хуйханд 6х4см, зүүн чамархайн хуйханд 8х6см, зүүн  чамархайн  урд хэсэгт 8х6см, зүүн дээд зовхинд 3х2см, доод зовхинд 5х3см, хөмсөгний гадна буланд 2х2см, зүүн хацарт 3х2.5см, шилэн хүзүүнд 3х0.5см, 2х0.6см, хүзүүний  урд дунд хэсэгт 7х0.5см, 10х0.3см улаан хүрэн өнгийн цус хуралттай, нүүрний баруун хэсэг овойж хавдсан, зулайн ар хэсгийн хуйханд  1х0.3см язарсан шархтай, эрүүний  баруун доод  булан овойж  хавдсан, эрүүний  баруун доод буланд 4х0.3см, зүүн хацарт .0.2см, доод уруулд 1.3х0.2см, баруун бөөр орчим 3х2см улаан хүрэн өнгийн зулгаралттай” гэж тэмдэглэгдсэн.

Дүгнэлт хэсэгт: “...Б.Н-ийн биед зулайн хуйханд язарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун бөөрөнд зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, нүүрний баруун тал, зүүн хөмсөгний гадна хэсэг, зовхи, хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

4. Шинжээч эмч С.Э-ийн: “...Б.Н-ийн биед учирсан баруун чамархай, духны баруун хэсэг, баруун хацрыг хамарсан зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтлийн хөнгөн зэрэгт, зулайн хуйханд язарсан шарх дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Харин бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

5. Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Samsung wide 4 маркийн гар утас-200,000 төгрөг” (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

6. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...М.О-аас Самсунг вайд-2 маркийн хар өнгийн гар утас 1 ширхгийг хураан авч, хохирогч Б.Н-ид хүлээлгэн өгсөн” тухай (хавтаст хэргийн 13, 14 дэх тал),

7. Хохирогч Б.Н-ийн Голомт банкны дансны хуулга: “2022.04.27-ны өдөр М.От 2,000 төгрөг шилжүүлсэн тухай” (хавтаст хэргийн 184 дэх тал),

8. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “хохирогч Б.Н-ид 4 хүний гэрэл зургийг үзүүлэн таныг зодож гар утсыг чинь авсан хүн байна уу гэхэд намайг зодсон хүнийг царайны ерөнхий төрхөөр нь таньж байна гээд Мягмар овогтой О-ын зургийг заасан. /танигдагч этгээдийн дотор Б.Тий зураг байгаагүй/ (хавтаст хэргийн 5-12 дахь тал) зэрэг нотлох баримтуудтай байна.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, эд юмс, түүнийг хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нэгэн зэрэг халдаж, заналхийлж довтолдог бөгөөд уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд бусдын эд хөрөнгө, эд юмсыг өөрийн мэдэлд авах гэсэн хүчирхийлсэн, довтолсон, заналхийлсэн шууд санаа, зорилгоор довтолгоо эхэлж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхтэй үйлдлээр илэрдэг, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулж авснаас үл хамааран довтолсон довтолгоогоор тухайн гэмт хэрэг төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шинжээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч М.О, Б.Т нар нь хохирогч Б.Н-той пабад танилцаж хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн төдийгүй М.О нь өөрийн гэртээ хохирогчийг дагуулж ирж үргэлжлүүлэн гурвуулаа уусан байна. Шүүгдэгч М.О нь хохирогчийг нэг бол гар утсаа өгөх, эсхүл өөр лүү нь бэлэн мөнгө шилжүүлэн гар утсаа буцааж авахыг шаардан хохирогчид хүч хэрэглэн гар утсыг булааж авсан байх ба хохирогч нь зодуулан хүчинд автсан улмаас  М.От мөнгө шилжүүлье хэмээн өөрийн утсаа буцаан авсан ч шүүгдэгчийн нэхээд буй мөнгийг бус бага дүнтэй мөнгө шилжүүлснээр ахин зодуулсан, шүүгдэгч Б.Т нь энэ хугацаанд унтаж байсан гэх боловч хохирогчийг гарч зугтаах гэхэд хохирогчийн араас цамцны захаас татан хоолойг нь боож унаган улмаар М.Отай бүлэглэн хохирогчийг нэмж зодож цохисон, энэ үед М.О нь хохирогчоос гар утсыг дахин булааж авсан талаарх үйл баримт нь хохирогчийн удаа дараагийн агуулгын хувьд зөрүүгүй өгсөн мэдүүлгээр тогтоогдсоноос гадна түүнд биед хүч хэрэглүүлснээс үүссэн ул мөр, гэмтэл шарх учирсан нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон,  шүүгдэгч нар нь хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ганцаараа, хүч сул байгаа байдлыг ашиглан түүнд хүч хэрэглэж, биед нь  халдаж, эд зүйлсийг авч байгаа нь “Дээрэмдэх”  гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч нар нь дээрх дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа үйлдлээрээ бүлэглэн хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч нарын үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Т, М.О нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Т, М.О нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “Дээрэмдэх гэмт хэргийг шүүгдэгч нарын хэн аль нь үйлдээгүй, Б.Т нь ямар ч гэмт хэрэгт үйлдээгүй, зөвхөн шүүгдэгч М.О нь хохирогчийг зодсон тул М.От холбогдуулсан дээрэмдэх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар зүйлчилж, гэм буруутайд тооцуулах, харин Б.Т-ийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал хүсэлт, дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй тул шүүхээс тэдгээрийн дээрх хүсэлт, саналыг хүлээн аваагүй болно. Учир нь,

Хохирогч нь анх цагдаагийн байгууллагад 2 залууд дээрэмдүүлж, зодуулсан талаар гомдол гаргасан төдийгүй хохирогчоор мөн энэ талаараа дэлгэрэнгүй мэдүүлсэн, улмаар өөрийг нь зодож, эд зүйлийг дээрэмдсэн гэх хүний зургийг заасан нь шүүгдэгч М.Оын гадаад төрхтэй таарсан, хохирогч нь шүүгдэгч М.Оын үйлдлийг мэдүүлэхдээ толгой нүүр лүү цохиж өшиглөсөн талаар мэдүүлсэн бол, шүүгдэгч Б.Тий үйлдлийг мэдүүлэхдээ миний хоолойг нь боохоос гадна мөн нүүр, толгой руу гараараа цохиж өшиглөсөн талаар мэдүүлсэн.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн нүүр толгойд гэмтэл учирснаас гадна хүзүүнд улайлт, цус хуралт гэмтэл учирсан, дээрх гэмтлүүд нь хөнгөн хохиролд хамаарсан байх тул шүүгдэгч нар нь бүлэглэж  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан, энэ үедээ хохирогчийн эд зүйлийг дээрэмдэн авсан нийлмэл гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдсон  тул дээрх санал, хүсэлт үндэслэлгүй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Тус хэргийн улмаас хохирогч Б.Н- нь эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол хүлээснээс, хохирогчийн эзэмшлийн Самсунг вайд-2 маркийн хар өнгийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч М.О-аас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл авагдсан тул дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдсан гэж үзэх үндэслэлтэй. Эрүүл мэндийн хувьд хохирогч Б.Н- нь 500,000 төгрөгийн эмчилгээ гэрээрээ хийлгэсэн гэх боловч томографын зураг 130,000 төгрөгөөр авхуулсан, шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн баримттай, өөр эмчилгээ хийлгэсэн талаарх баримт байхгүй байх тул шүүгдэгч тус бүрээс /138,000/2=/69,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-ид олгохоор тогтов. (хавтаст хэргийн 43 дахь тал)

Харин хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн талаарх баримтуудаа гарган иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүх хуралдаанд улсын яллагч нь: “шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг  хорих ялын нэг хоногоор тооцон сольж 90 хоногийг нэмж нэгтгэн 2 жил 3 сарын хорих ялыг оногдуулах, мөн үүн дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 02 сар 08 хоногийн хугацаагаар тогтоох,

Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг  хорих ялын нэг хоногоор тооцон сольж 90 хоногийг нэмж нэгтгэн 2 жил 3 сарын хорих ялыг оногдуулах, мөн үүн дээр өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1068 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 17 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

-Шүүгдэгч Б.Тий өмгөөлөгч А.Амартогос нь “... нэгэнт шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул энэ тогтоолоор оногдуулах ял, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал,

-Шүүгдэгч М.Оын өмгөөлөгч А.Очбадрал нь “...дээрэмдэх гэмт хэргийн тухайд гэм буруу дээр маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй болж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг дээр маргаагүй тул  нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 240 цагаар тогтоож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж бүлэглэн хохирогчийн айдаст автуулан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, тус нийлмэл гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн болон бие махбодын хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хохирлыг бүрэн төлөөгүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал /зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

1. Шүүгдэгч М.Оын хувьд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.От 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу /720:8=/90 хоногийн хорих ялыг нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосон.

Мөн шүүгдэгч М.О өмнө нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, өмнөх 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/365 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг зорчих эрх хязгаарлах ялаас 297 хоногийг эдэлж, шагналын 30 хоног олгогдож, нийт 327 хоног эдэлсэн, 1068 хоногийн буюу 2 жил 11 сар 08 хоногийн үлдэгдэлтэй байна. (хавтаст хэргийн 114, 123-170, 171-172 дахь тал)

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.От энэ тогтоолоор  оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас үлдсэн 03 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 1068 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, 1068 хоног буюу 02 жил 11 сар 08 хоногийн хорих ялыг нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 05 жил 02 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Б.Тий хувьд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Тд 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу /720:8=/90 хоногийн хорих ялыг нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосон.

Мөн шүүгдэгч Б.Т өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байх ба Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ХМШЗ/136 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, үлдэх 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж шийдвэрлэсэн байна.

Улмаар Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналтын хугацааг мөн хугацаагаар тогтоосон,

харин 136 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ялаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 02 сар 18 хоногийн ялыг биеэр эдэлж, эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн ялын үлдэгдэлтэй байх ажээ. (хавтаст хэргийн 117-120, 123-170, 180-182 дахь тал)

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Тд энэ тогтоолоор  оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих ялаас үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, үлдэх 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснээс, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, 2 жил 9 сар 17 хоногийн хорих ялыг,

мөн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн /2 жил 3 сар+ 2 жил 9 сар 17 хоног+ 10 сар 25 хоног/ , нийт эдлэх хорих ялын хугацааг 5 жил 11 сар 02 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан  тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа, шүүгдэгч Б.Т нь хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд болон зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар солих, мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх шийдвэрлэх үндэслэл болсон байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн хэмжээг бууруулах, ялыг тус тусад нь эдлүүлэх тухай санал дүгнэлт нь үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.О, Б.Т нар нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 53 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 58, 62, 203, 204 дэх тал),

Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт М-ын О, Б овогт Б-ын Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч З овогт М-ын О, Б овогт Б-ын Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.О, Б.Т тус бүрд 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Б.Т нарт 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.О, Б.Т нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу /720:8=/90 хоногийн хорих ялыг нэгтгэн тэдгээрийн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан:

Шүүгдэгч М.От энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас үлдсэн 03 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 1068 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, 1068 хоног буюу 02 жил 11 сар 08 хоногийн хорих ялыг нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 (тав) жил 2 (хоёр) сар 8 (найм) хоногийн хугацаагаар,

-Шүүгдэгч Б.Тд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих ялаас үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, үлдэх 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснээс, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, 2 жил 9 сар 17 хоногийн хорих ялыг, мөн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШЗ/07 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн /2 жил 3 сар+2 жил 9 сар 17 хоног+10 сар 25 хоног/ нийт эдлэх хорих ялын хугацааг 5 (тав) жил 11 (арван нэг) сар 02 (хоёр) хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.О, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Б.Т нарын цагдан хоригдсон 53 (тавин гурав) хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Б.Т нараас тус бүр 69,000 (жаран есөн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-ид олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.О, Б.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.О, Б.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ