| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0839/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/916 |
| Огноо | 2022-07-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/916
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Г.Лхагвасүрэн (томилолтоор),
шүүгдэгч Д.С, Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б овогт Д-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000866 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, урьд
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 679 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ял биелэгдсэн, Б овогт Д-ийн Сэ (РД:...),
2. Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягтай ч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод түр оршин сууж буй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Ц-ийн У (РД:...)
Холбогдсон хэргийн талаар:
2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод шүүгдэгч Д.С нь иргэн М.О-ийн цэнэглүүлэхээр өгсөн самсунг эс 10 загварын гар утсыг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах “...” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 60,000 төгрөгийн барьцаанд тавьж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 810,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.У нь шүүгдэгч Д.С-ийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж олсон 60,000 төгрөгийг, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тухайн өдөр О-ийн гар утсыг цэнэглэхээр аваад машинд оруулж цэнэглэсэн юм. Тэгээд ломбардад өөрийн гар утсаа тавих гэтэл авахгүй байсан учир О эгчийн утсыг оронд нь тавиад 60,000 төгрөг аваад тэр мөнгөөрөө архи авч уусан юм” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод шүүгдэгч Д.С нь иргэн М.О-ийн цэнэглүүлэхээр өгсөн Самсунг эс 10 загварын гар утсыг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах “...” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 60,000 төгрөгийн барьцаанд тавьж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 810,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.У нь шүүгдэгч Д.С-ийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж олсон 60,000 төгрөгийг, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан үйл баримт нь:
1. Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Иргэн М.О-ийн 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Самсунг эс-10 загварын гар утсаа алдсан...” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
3. Хохирогч М.О-ийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны орой /цагийг нь сайн мэдэхгүй байна/ би О эгчийн гэрт 1 шил 0,75 литрийн Хараа архи аваад орсон. Гэрт нь У, О эгч, Б ах, У-ын найз зүс таних С нар согтуу архи уугаад дуусаж байсан. Маргааш өглөө 09 цагийн үед сэрэхэд миний гар утасны цэнэг дууссан байсан. Цэнэглэгч байна уу гэхэд У нь С-ийн машинд цэнэглэж болно гэсэн. Би С-д гар утсаа машиндаа цэнэглээд өгөөч гээд өгсөн. Тэгсэн чинь С, У хоёр гараад явсан байсан. Тэр хоёр ирэхгүй удаад байхаар нь араас нь хайгаад гадуур явж байгаад манай ойролцоо байдаг архи уудаг Туяа эгчийн гэрт очиход байхгүй байсан. У-ын гар утас руу залгахад “бид хоёр Б эгчийн гэрт байна, та хүрээд ир” гэсэн. Яваад очиход С, У, Б эгч 3 хамтдаа 0,75 литрийн Хараа архи уугаад дуусаж байсан. У-аас утсаа авъя гэхэд юм хэлэхгүй болохоор нь би Сийн халаасыг ухахад миний гар утсыг ломбардад 60,000 төгрөгөөр тавьсан хуудас гарч ирсэн. Ингээд би цагдаад хандсан. С-д би өөрийн утсыг захиран зарцуулах эрх өгөөгүй. У надад аль ломбардад тавьсан талаар зааж өгсөн тул Орбитын эцэст гар утасны ломбардад орж ломбардын хүнээс Самсунг-Эс 10 маркийн гар утас тавьсан эсэхийг асуухад С гэдэг хүн 10 цаг 30 минутын орчимд өөрийн бичиг баримтаар тавьсан талаар хэлсэн... Би Д.С-эс гар утсаа 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бүрэн бүтэн хүлээн авсан. Надад Д.С-д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 23 дахь тал),
4. “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 476 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...хуучин хэрэглэж байсан самсунг эс 10 маркийн гар утас 750.000 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 26 дахь тал),
5. Гэрч Б.М-ын: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд шаргал куртиктэй, нүдний шилтэй 20 гаран насны залуу “Самсунг эс-10” загварын утас үзүүлээд “эгчээ 50,000 төгрөгөөр тавья” гэж байснаа удахгүй авна гээд 60,000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай тавина гээд С №822565 дугаартай жолооны үнэмлэхээр үйлчлүүлсэн. Удахгүй үдээс хойш гаднаас үл таних 40 гаран насны эмэгтэй орж ирээд Самсунг эс 10 загварын гар утас өнөөдөр танайд тавьсан уу гэж асуусан. Би компьютероос шүүгээд С гэдэг хүн 10 хоногийн хугацаатай тавьсан байна гээд явуулсан. Тэр өдөр манайхаар олон хүн үйлчлүүлсэн бөгөөд С гэдэг залуу ганцаараа орж ирээд 50.000 төгрөгөөр тавина гэж байснаа 60.000 төгрөгөөр тавиад удахгүй авна гэж хэлснээс өөр юм яриагүй. Мөнгөө аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
6. Гэрч Б.Б-ийн: “...тухайн өдөр О-э согтуу 1 шил 0,75 литрийн архи авраад би У, С, О бид 4 хувааж уугаад нэлээн согтоод бид 4 манайд хоносон. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед С, У нар гараад явсан хойгуур О сэрээд гараад явснаа 11 цаг өнгөрч байхад манайд орж ирээд “С, У хоёр хулгайч давраад Сийн машин дотор цэнэглэж байсан миний утсыг ломбардад тавиад айлд хараа архи авчихсан уугаад сууж байсан. Би цагдаад барьж өгчхөөд ирлээ” гээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
7. Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл: “...хар өнгийн нүүр, цайвар ягаан өнгийн артай, ар талдаа Самсунг гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй ягаан цайвар өнгийн эрвээхэй бүхий хуванцар гэртэй гар утас Д.С-эс хүлээн авсан” (хавтаст хэргийн 4 дэх тал),
8. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...М.О-эд хар өнгийн нүүр, цайвар ягаан өнгийн артай, ар талдаа Самсунг гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй ягаан цайвар өнгийн эрвээхэй бүхий хуванцар гэртэй гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгөв” (хавтаст хэргийн 5 дахь тал),
9. “...” барьцаат зээлийн гэрээ: “Д.С /РД-.../ нь Samsung galaxy s-10 гар утсыг 60,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан” тухай баримт (хавтаст хэргийн 60 дахь тал),
10. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн камерын бичлэг дээр ломбардад саарал богино куртик нүдний шилтэй Д.С гаднаас орж ирнэ. ...Д.С ломбардад хар нүүртэй гар утас тавихаар зогсож байгааг харуулав. Гар утсаа үнэлүүлээд баримтад гарын үсэг зурж, ломбардын гэрээг 60.000 төгрөгийн хамт авч байгааг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6 дахь тал),
11. Шүүгдэгч Д.С-ийн яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ тухай хэлээгүй өөрийнхөө утсыг тавьж архи ууя гэсэн чинь У надад “чи өөрийнхөө утсыг тавих гэж байгаа бол дэлгүүрт тавьчхаач” гэсэн. Би дэлгүүр орж үзээд авахгүй болохоор нь эргэж машинд орсон. Машин дотор цэнэглэж байсан О-э эгчийн утсыг аваад У-ыг машинд үлдээгээд ломбард хайсан. Өөрийнхөө утсыг тавих гэхэд авахгүй болохоор нь О-э эгчийн гар утсыг эргэж аваад өгчихнө гэж бодоод 60,000 төгрөгөөр барьцаанд тавьж дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Хараа архи, тамхи, ундаа аваад айлд очоод ууж байхад О-э эгч орж ирээд “миний утас яасан” гэхээр нь “машин дотор байгаа” гэсэн чинь итгэхгүй намайг нэгжээд гар утас тавьсан хуудас гарч ирэхээр нь би үнэнээ хэлсэн юм. Би архи уух мөнгө олдохгүй бас машин бензингүй болж байхаар нь надад үдээс хойш хүн мөнгө шилжүүлнэ гэсэн байсан болохоор түр тавиад мөнгийг нь хэрэглэсэн юм. Миний барьцаанд тавьж олсон мөнгөөр авсан архи, тамхийг Ц.У бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд зүйлийг завшиж олсон мөнгөөр авсан гэдгийг мэдэж байсан. Архи ууж байх үедээ би О-э эгчийн гар утсыг барьцаанд тавьж мөнгөөр нь авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал),
12. Шүүгдэгч Ц.У-ын яллагдагчаар өгсөн: “Намайг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад манай багын найз С ээжийнхээ 75-87 УАВ дугаартай хар өнгийн приус-20 маркийн машинаар 17 цагийн орчимд ирээд манайд хоноод маргааш нь би С-тэй хамт айлд архи уусан. Дараа нь манай хойно байдаг О-э эгч 1 шил архи авчраад манай хойд аав С нартай хувааж уугаад бүгдээрээ манайд хоносон. Маргааш өглөө нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны 09 цагт бид нар сэрэхэд О-э эгч миний гар утасны цэнэг дууссан гэхээр нь би Сийн машинд цэнэглэгч байгаа гэхэд М.О-э эгч С-д “гар утсаа машиндаа цэнэглээд өгөөч” гээд өгсөн. Тэр үед би урд өдөр нь айлд орхисон малгайгаа авахаар Сийн хамт хөдлөхөд С “би өөрийнхөө утсыг барьцаанд тавьж архи ууя” гэхээр нь “дэлгүүрт тавьчихгүй юу” гэсэн чинь С өөрийнхөө утсыг аваад Орбитын тойргийн дэлгүүрт тавихаар орсон. Ороод авахгүй байна, ломбардад тавина гэж яриад ломбард хайж явж байгаад машинаа Орбитын тойргийн зогсоол дээр тавиад буугаад явсан. Би машин дотор үлдсэн. Эргэж ирэхдээ мөнгөтэй болчихсон орж ирээд “гар утсаа тавьчихлаа” гэж хэлэхээр нь би С өөрийнхөө гар утсыг тавьсан байна гэж бодоод гэнэт С-эс О-э эгчийн гар утсыг яасан тухай асуухад байхгүй ээ, би мэдэж байна, би О-этэй өөрөө уулзчихна гэсэн. С дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Хараа архи, ундаа, тамхи авсан. Айлд ороод архиа задлаад хамт ууж байхад О-э эгч над руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь байгаа газраа зааж өгсөн. О-э эгч удалгүй тэр айлд ирээд С бид хоёроос гар утсаа нэхсэн. О-э эгч Сийг нэгжээд ломбардын бичгийг олоод гаргаад ирсэн. Би тавьсан ломбардыг нь зааж өгсөн чинь О-э эгч цагдаа дуудсан юм. Би Сийн авсан архи эд зүйлийг хэрэглэх үедээ О-ийн гар утсыг ломбардад тавиад олсон мөнгөөр авсан гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.С нь хохирогч М.О-ийн “машиндаа цэнэглээд өгөөч гэж” итгэмжлэн хариуцуулж өгсөн гар утсыг шууд санаатай, шунахай сэдэлтийн улмаас тус гар утсыг захиран зарцуулах эрхгүй атлаа барьцаалан зээлдүүлэх газарт 60,000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогчид 810,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж, шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ойлгоно” гэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг” ойлгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.У-ын хувьд, Д.С-ийн хамтаар явж байсан хэдий ч хамт явсан шүүгдэгч Д.С-ийг гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй буюу ямар нэгэн идэвхтэй байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн, хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Д.С-ийн олж авч ирсэн 60,000 төгрөгийг хохирогч М.О-ийн гар утсыг барьцаалж олсон мөнгө буюу гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж олсон орлогыг хэрэглэсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан байна гэж дүгнэхээр байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.У-ыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.С-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.О-эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар 810,000 төгрөгийн хохирол учирсан байх хохирогчид Самсунг эс-10 загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн гомдол саналгүй гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ут хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.У, Д.С нар нь “...прокурорын санал дээр хэлэх зүйл байхгүй” гэцгээв.
Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүгдэгч нарын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн шүүдэгч нар хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэрэг байдлыг харгалзан:
-шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийн цагдан хоригдсон 19 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж (480-152=328), түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 328 (гурван зуун хорин найм) цагийн хугацаагаар тогтоож,
-шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Орбитын 84-9 тоот хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.У нь 19 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Сийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б овогт Ц-ийн У-ыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ут хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Орбитын 84-9 тоот хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийн цагдан хоригдсон 19 (арван ес) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж (480-152=328) түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 328 (гурван зуун хорин найм) цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Ц.У нь 19 (арван ес) хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, Ц.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ