Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: П.Ганбаатар,

шүүгдэгч: Ц.А /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц.А-нд холбогдох эрүүгийн 2108000000000000 тоот хэргийг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ***** аймгийн ********* суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, 0000000 мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 00 дүгээр цэргийн ангийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай магадлалаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан,

Өршөөл үзүүлэх Комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2504 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 9 хоногийн хорих ялыг өршөөн суллагдсан,

С овогт Ц-ийн А /РД:000000000/,          

                                       

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Ц.А нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 12-2а тоотод үйл ажиллагаа явуулах блокны цехийн ажилчид байрлах чингэлэгээс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Н-ны өмчлөлийн дээл маркийн Ай-3 үзүүлттэй /Dell i-3/ зөөврийн компьютер 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.           

              

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.А нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 12-2а тоотод үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажиллаж байсан блокны цехийн ажилчид байрлах чингэлэгээс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Б.Н-ны өмчлөлийн Дээл /Dell/ маркийн Ай-3 үзүүлттэй /i-3/ зөөврийн компьютер 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Б.Н-ны Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-ийн 5/,

-Хохирогч Б.Н-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд ажилтан А гэх залуу 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 20 цаг орчимд алдагдсан зөөврийн компьютер 1 ширхэгийг цүнхтэй нь аваад гарч байсан. А-нд ажилчдын өрөөний түлхүүр байдаг ба гэр орон байхгүй гээд ажилчдын өрөөнд байрлаж байсан. “...Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/,

-Гэрч О.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажил дээрээ байж байхад танил Ц.А гэх залуу халамцуу орж ирээд зөөврийн компьютер 1 ширхэгийг барьцаанд тавина гээд нийт 399,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй, Ц.А өнөөдөр 399,000 төгрөг төлөөд зөөврийн компьютер 1 ширхэгийг авсан, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30/,

-“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21/57 дугаартай:

-Дээл маркийн Ай-3 үзүүлттэй Dell i-3 зөөврийн компьютер 1 ширхэг,

-цүнх нийт 1,200,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан...” /хх-ийн 36/,

-Шүүгдэгч Ц.А-ний яллагдагчаар өгсөн: “...би уншиж бичиж чадна, өмгөөлөгч авахгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ 20 цагийн үед ирээд хүн байхгүй байхаар нь түлхүүр нууж хадгалдаг газраас түлхүүр аваад ажилчидын өрөөнд ороод орон дээр байсан цүнхтэй зөөврийн компьютерийг аваад танил Б гэх залуугийн ломбарданд нийт 399,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд ажил дээрээ ахиж очоогүй. Би тухайн үед архи уучихсан, мөнгөтэй больё гэж бодоод зөвшөөрөлгүй авсан...” /хх-ийн 49-50/ гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.А нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.А-гийн дээрх үйлдэл буюу хохирогч Б.Н-ны зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйлийг нь өөрийн эзэмшилдээ авч, хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ц.А-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.А-нг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Н нь эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.А-нг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “шүүгдэгч Ц.А-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ц.А нь мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ц.А-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн байдал амьдралын нөхцөл байдлыг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга барил, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал дахь шийтгэлийн хугацааг багасгаж, шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэн тул уг ял шийтгэлийг оногдуулав.

Хэрэв шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Ц.А-ний 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч С овогт Ц-гийн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Ц-гийн А-нд 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А-нд сануулсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.А-ний цагдан хоригдсон 28 /хорин хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэн ялын найман цагаар тооцож /28х8/, 224 цагийг эдлэх ялаас хассугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

 

          6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          7. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА