Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2018/01532

 

                             

 

 

 

 

 

 

      2018 оны 06 сарын 18 өдөр

        Дугаар 183/ШШ2018/01532                                 Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Туул оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Д.Бт 5.000.000 төгрөгийг түр зээлдүүлээч гэж гуйхаар нь Хас банкны Цайз захын салбараас өөрийн хадгаламжийн мөнгөнөөс 5.000.000 төгрөг гаргаж өгсөн. Д.Б нь найз н.Мөнгөнчимэгтэйгээ хамт ирээд дээрх мөнгийг авсан. Гэтэл мөнгөө өгөхгүй утсаар ч ярихгүй зугатаагаад байсан болохоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаж өгөхөд тухайн үед 1.500.000 төгрөг өгсөн. Үлдсэн 3.500.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгнө гэж төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж нотариатаар батлуулсан боловч одоо хүртэл мөнгөө авч чадахгүй байна. Би Цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх үед өмгөөлөгч авсан бөгөөд тэр хүн Д.Бтэй уулзаж, гэрээ байгуулж, би гарын үсэг зурсан юм. Д.Б үлдэх мөнгийг өгөхгүй байсан тул түүний гэрээнд бичсэн хаягаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэр хаягт байдаггүй, Хан-Уул дүүрэгт амьдардаг гэсэн боловч энэ хаягт бас л байдаггүй юм байна. Д.Б маш олон хүн залилсан маш зальтай хүн байна. Миний бие жижиг цайны газар ажиллуулж, түүнийгээ томруулах бодолтой ахиухан зээл хөөцөлдөх бодолтой байсан юм. Гэтэл манай охины танил Д.Б зээл хөөцөлдөж өгнө гээд надаас дээрх 5.000.000 төгрөгийг авсан ба мөнгө авснаас хойш надтай уулзахгүй, худлаа ярьж зугтах болсон. Энэ хүн тохирсноороо миний зээлийг бүтээж өгөөгүй, худал хэлж алга болсон тул үлдэх  3.500.000 төгрөгийг Д.Бээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа:Л.Гын нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 5 дугаар сарын 28-нд тайлбар өгөх хугацаа дуусахад нотлох баримт гаргаж өгнө. Би 2016 онд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын эх 2 дугаар гудамж, 13 тоотод шилжсэн тул  Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

    Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

          Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Д.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.          

 

   Нэхэмжлэгч Л.Г 2015 оны 6 дугаар сарын 30-нд Д.Бт 5.000.000 төгрөгийг зээлүүлж, 1.500.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 3.500.000 төгрөгийг төлөхгүй байна гэж 1.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Л.Г нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийг Д.Бийн ************** тоот дансанд шилжүүлсэн нь Хас банкны 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч дээрх мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг төлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, 3.500.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд өдөр бүр 20.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь Сонгинохайрхан дүүргийн №82 тоот нотариатч Д.Г-ийн баталсан “төлбөр барагдуулах гэрээ”-гээр тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Д.Б нь Л.Гт зээл бүтээж өгнө гэж 3.500.000 төгрөгийг авсан боловч тэр амлалтаа биелүүлээгүй, хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох Д.Бт 5.000.000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг төлж, улмаар 3.500.000 төгрөгийг төлөхөөр “төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан зэрэг гэрээний ерөнхий агуулгаас дүгнэж үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь үндэслэлтэй байна.

 

 Хариуцагч Д.Б 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргаж, тайлбараа ирүүлсэн боловч татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Д.Бээс 3.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Гт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.Бт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 13.30-д товлож, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 09.30 цагт товлож, мэдэгдлийг түүний гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын эх 2 дугаар гудамж, 13 тоот хаягаар хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж зааснаар Д.Бт хүргэсэнд тооцох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудаснаас гадна түүний 88101421 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар талуудын гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 3.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Гт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гт олгосугай.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН