Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/01176

 

                                                 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/01176

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Л.Н нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: З ОНӨААТҮГ-т холбогдох

 

          Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15.268.970 төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.                                                                                                                                                              

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1995 оноос тус байгууллагад ажиллаж, сахилгын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ээлжийн инженерээс шат дараалан дэвшиж хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тус газрын захирлын Б/1227 тоот тушаалаар 3 дугаар баазад ээлжийн инженерийн ажилд шилжүүлж, томилсон. Би уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, цалин олговорт 608.057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд шимтгэл зохих өөрчлөлт оруулж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. ЗОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээс татгалзаж намайг ажилд эгүүлэн авахгүй байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр захирлын тушаал гаргасан боловч одоо болтол ажилдаа ороогүй байна. Энэ хугацаанд миний бие ажилгүй, цалингүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан эрх, эрх чөлөө хөндөгдөж хохирсоор байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00432 дугаартай шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн авах тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх цалин 15.268.970 төгрөгийг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү. Хариуцагч тал  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын дагуу сүүийн 3 сарын цалингаас тооцно гэж байгаа нь зөв боловч миний хувьд 9,10,11 сард бүтэн ажиллаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байхад бага цалин авсан үеэр тооцож байгаа нь үндэслэлгүй байх тул “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 6-д зааснаар тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр цагийн тоонд хувааж дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж зааснаар миний сарын цалин 1.200.000 төгрөг, 40 хувийн нэмэгдэл 480.000 төгрөг нийт 1.680.000 төгрөгнөөс тооцож гаргуулж өгнө үү. Харин хоол, унааны зардлыг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Нг тус газрын захирлын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 тоот тушаалаар өөр ажилд шилжүүлснийг тэрээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг анхан шатны шүүх хэлэлцэж, урьдхи ажилд нь эгүүлэн тогтоосон. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын 4-т... Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд нөхөх олговор, хөнгөлөлтийн орлогыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан. Нэхэмжлэгч Л.Н нь 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 11дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2016 оны 9,10,11 дүгээр саруудад 3.727.463 төгрөгийн цалин авсан ба үүнээс 3 сарын хоолны мөнгө 129.000 төгрөг, унааны мөнгө 33.600 төгрөг, 11 дүгээр сарын лист 314.702 төгрөг, нийт 477.302 төгрөгийг хасвал 3.250.161 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс сарын дундаж цалинг тооцвол 1.083.387 төгрөг, өдрийн 49.245 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь хуанлийн ажлын 198 өдөр болж байх тул нийт 9.750.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н ЗОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15. 268.970    төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгч Л.Нг ЗОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлстийн даргаар ажиллаж байхад нь тус газрын захирлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 дугаар тушаалаар 3 дугаар баазад ээлжийн инженерээр шилжүүлэн ажиллуулсан байх ба нэхэмжлэгч уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж 183/ШШ2017/00432 дугаар шийдвэрээр Л.Нг ЗОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлстийн даргын  ажлаас өөр ажилд үндэслэлгүй шилжүүлснийг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 608.057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Л.Нд олгож, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

 

           Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 432 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1120 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 1085 дугаар тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т.. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж заажээ.

    

         Хариуцагч ЗОНӨААТҮГ нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж Л.Нг 2017 оны 11 дүгээр сарын 23-наас ЗОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт, үйлчилгээ, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон нь тус газрын даргын  2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 тоот “Л.Нг ажилд эгүүлэн авах тухай” тушаалаар тогтоогдож байна.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т…Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор… олгоно гэж зааснаар Л.Н ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжлэх шаардах эрхтэй байна.

 

           Нэхэмжлэгч Л.Н 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн авах тухай 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/993 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх цалин олговор нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, харин цалин хөлс бодолтод маргаж, 9.750.000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа болно.

 

           Хариуцагч маргаж буй үндэслэлээ...Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын дагуу Л.Нгийн авч байсан 2016 оны 9,10,11 дүгээр сарын цалин 3.727.463 төгрөгөөр тооцож, үүнээс 3 сарын хоолны мөнгө 129.000 төгрөг, унааны мөнгө 33.600 төгрөг, 11 дүгээр сарын лист 314.702 төгрөг, нийт 477.302 төгрөгийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралт “дундаж цалин хөлс тодорхойлох” журам”-ын 4-т... Унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зааснаар хасаж 3.250.161 төгрөгнөөс ажилгүй байсан хугацааг 198 өдрөөр тооцжээ.

 

        Харин нэхэмжлэгч Л.Н 2016 оны 8 сард амарч, амралтын мөнгийг 2 хувааж бодсон, 11 дүгээр сард өвчтэй байсан тул листний мөнгө бодогдож, 9,10,11 дүгээр сарын цалин багаар бодогдсон, “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 6-д... Хэрэв ажилтан дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй, байсан гэх мэт/ бүрэн ажиллаагүй, эсхүл ажилтны ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлохоор заасан хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдөр цагийн тоонд хувааж дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж зааснаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх тул Л.Нгийн нэг сарын дундаж цалин 1.200.000 төгрөг, нэмэгдэл цалин 480.000 төгрөг, нийт 1.680.000 төгрөгөөр тооцож /1.680.000:9 сар 7 хоног/=15.510.697 төгрөг болж байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээ болох 15.268.970 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

        

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь: 

          

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЗОНӨААТҮГ-аас 15.268.970  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Нд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч ЗОНӨААТҮГ-д даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.445 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ЗОНӨААТҮГ-аас 234.295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Нд олгосугай.

           

           4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                       

 

 

                             ДАРГАЛАГЧ                                   Д.ДАВААСҮРЭН