Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/143

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Н.Уранбайгаль,

шүүгдэгч: Б.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.П,

иргэний нэхэмжлэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Э-од холбогдох эрүүгийн 21030000000000000 тоот хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр ********* аймаг********* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, 0 угаар баг, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Жамсран уулын Өвөр 00000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Б-ны Э /РД:00000000000/,

                                                   

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цаг 15 минутын орчимд 2.55 хувийн согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Эмээлтийн замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Т-ийн жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.М-гийн амь нас хохирч “InvesCore” ХХК-ийн эзэмшлийн “Toёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 3,672,700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.             

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Эмээлтийн замд, 2.55 хувийн согтолттой үедээ “Dayun” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас А.Т-ийн жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.М-гийн амь нас хохирч “InvesCore” ХХК-ийн эзэмшлийн “Toёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 3,672,700 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 20:00 цагийн үед манай охин Г.М хамгийн сүүлд утсаар ярихдаа “айлын хөргөгчид хийсэн махаа аваад явж байна” гэж яриад салгасан. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад шөнө 01:00 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлгээс ярьж байна хүүхдийнхээ регистрийн дугаарыг хэлээрэй гэхээр нь хэлэхэд зам тээврийн осолд ороод ухаангүй байна хэвтүүлэх гэж байна гэсэн. Тэгээд удаагүй танихгүй дугаараас залгаад “хажуу айлынх нь хүн байна ах нь хотод явж байхад ослын талаар хүн хэллээ чи яаралтай ирэх хэрэгтэй байна” гэсэн. Би маргааш өглөө нь Баянхонгор аймгаас гарч 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө Улаанбаатар хотод ирж гэмтлийн эмнэлэгт очиход манай охин гэмтлийн эмнэлгийн тархины тасагт 6 тоот палатанд ухаангүй байдалтай хэвтэж байсан. Би охиноо сахиж 4 хоноод биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас барж ажил явдлыг нь Баянхонгорт аваачиж хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/, шүүхийн хэлэлцүүлэгт талийгаачийн хүүхдэд тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн

-иргэний нэхэмжлэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр АТ машинаа жолоодуулан охин Т.А нарын хамт 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу айлд очихоор 18:000 цаг өнгөрч гараад 21:00 цаг өнгөрч байхад Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 2-р эгнээнд явж байхад гэнэт түс тас хийгээд явчихсан. Би тэр үед хүүхдээ тэврээд машины хойно суугаад явж байсан болохоор ямар осол болсныг хараагүй. Тэр үед манай нөхөр машинаас бууж яваад удаагүй намайг цагдаа түргэн дууд гэхээр нь би өөрийн 86112014 дугаарын утсаар цагдаа руу залгаж дуудлага өгөхөд түргэн рүү давхар дуудлага дамжуулчихъя гээд тасалсан. Тэгэхээр нь хамт явсан найз руугаа залгаж осол болсон талаар хэлэхэд ойрхон явсан болохоор ирээд охин бид хоёр суугаад гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Шүүхийн хэлэлцүүлэг иргэний нэхэмжлэгч Д.М: даатгалаас хохирол төлбөрөө авсан, одоо нэхэмжлэх зүйл гэж тайлбар өгөв.

-гэрч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би гэр бүлийн найз болох Т түүний эхнэр хүүхдийн хамт Архангай аймаг руу явах гээд орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос гарах гээд явсан юм. Тухайн үед бид нар тус тусдаа машинтай Т эхнэр хүүхдийн хамт өөрийн машинтай, би өөрийнхөө машинтай эхнэртэйгээ явсан юм. Тэгээд би Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын 1-р эгнээгээр миний 1-2 км зайтай Т явж байсан юм. Тэгсэн эсрэг урсгалаас нэг мотоцикль баруун гар тийшээ эргэх тийшээ эргэх дохиогоо ажлуулчихсан урсгал сөрөөд нилээн хурдтай орж ирэхээр нь би бага зэрэг баруун гар тийшээгээ зайлуулсан чинь миний хажуугаар маш их хурдтай гараад явахаар нь согтуу юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн удаагүй Т залгаад нэг мотоцикльтой хүн урсгал сөрж ирээд мөргөчихлөө буцаад ир гэхээр нь би буцаад очсон. Тэгсэн нөгөө миний хажуугаар урсгал сөрөөд гараад явсан мотоцикль Т-ийн машиныг мөргөсөн байсан. Тэгээд зам дээр голын цагаан зураас дээр нэг эмэгтэй хүн ухаангүй хэвтээд нөхөр нь бололтой шал согтуу эрэгтэй хүн Т-ийн явж байсан урсгалын 2-р эгнээнд хэвтэж байсан. Тэр эрэгтэй хүний зүүн хөл нь санагдаж байна өвдгөөрөө нэлээн эвгүй эргэчихсэн байхаар нь хугарчихсан байна гэж бодсон. Тэгээд Т түргэн, цагдаа дуудсан би тэр хооронд тэр хавиар явж байгаа машинуудыг нааш цааш нь явуулж байсан тэгэхгүй бол зам дээр хэвтэж байгаа эмэгтэй хүнийг мөргөчих гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

-гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...“2021 оны 9 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед найз Л, А гэр бүл болох Архангай аймаг руу явах гээд Улаанбаатар хотоос гарсан юм. Л А 2-н бүтэн нэрийг сайн мэдэхгүй байна манай эхнэрийн найзууд байгаа юм. Тэгээд орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос гарах гээд тоёота приус маркийн 00-00 000 дугаартай тээврийн хэрэгслийн жолоодоод Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд замын 2-р эгнээгээр 50 км замын хурдтай явж байхад эсрэг урсгалаас мотоцикль 2 тийшээ дайвалзаж байгаад өөдөөс урсгал сөрөөд ороод ирэхээр нь би мөргөхгүй гэж бодоод баруун тийшээгээ буюу замын 1-р эгнээ рүү зайлуулж жолоогоо дараад тоормос гишгээд зогсох үед нөгөө мотоцикль зогсож амжилгүй миний машины зүүн урд хэсэг рүү нөгөө мотоцикль мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад ирсэн чинь мотоцикль эсрэг урсгалын замын 2-р эгнээнд эрэгтэй хүн нь миний явж байсан урсгалын 2-р эгнээнд нэг эмэгтэй хүн нь нэлээн цаана замын голд хэвтэж байсан. Эрэгтэй хүнийг нь харахад зүүн хөлний өвдөг хэсэг нь хугарчихсан юм шиг мурийчихсан байсан, эмэгтэй хүн ухаан байхгүй хэвтээд байсан. Тэгээд би өөрийнхөө 880000000 гэсэн дугаараас цагдаа, түргэнд дуудлага өгөх гэсэн боловч сүлжээ муу болохгүй байсан чинь тэр хавьд явж байсан нэг машин зогсоод жолооч нь цагдаа түргэнд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 000 дугаартай хөрөнгийн үнэлгээний “нийт 6,550,000 төгрөг” гэсэн тайлан /хх-59-67/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0000 дугаартай:

1. “Талийгаачийн биед гавал, тархи, цээжний битүү гэмтэл буюу гавлын баруун, зүүн зулай, чамархай, дагз яс, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, залай, чамархай, дагз хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, баруун талын 4, 5-р хувирганы шууд бус хугарал, баруун, зүүн уушгины голомтлог цус хуралт, баруун чихний ар хэсэг, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зулгаралт, цээж, баруун чихний ар хэсэг, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зулгаралт, цээж, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагай, тавхайнд цус хуралт, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн хөлийн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаачид 2021.09.19-ний өдрийн 16:30 цагт цогцосны анхны үзлэг хийх үед нас бараад 3-5 цаг болсон байжээ.

6. Талийгаач нь АВО системээр О ( I ) бүлгийн цустай.

7. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 108-112/,

-Шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн: ...“Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зам тээврийн ослын талаар дэлгэрэнгүй ярьсан болохоор тэр мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Согтуугаар мотоцикль жолоодон яваад зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Манай эхнэрийн ээж М.П нь манай эхнэрийг оршуулахдаа бид хоёрын амьдарч байсан гэр орныг ачаад Баянхонгор аймаг руу яваад өгсөн. Би хадам ээжтэй уулзах гээд чадаагүй надтай уулзахгүй гээд байгаа. Залгахаар утсаа авахгүй өөр дугаараас залгахаар намайг залгаж байна гэж мэдвэл утсаа таслаад ярихгүй байгаа. Манай ах дүү нараас оршуулгын зардлыг бүрэн хариуцаж ажил явдлыг дуусгасан ...”гэж /хх-ийн 151/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой хэргийн 131, 132, 133, 135, 142, 159, 172-174 хуудас дахь нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг илүү онцлон судалж, хариуцлагын дүгнэлтдээ харгалзан үзэхийг дурдсан болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдэл буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган улмаар хүний амь насанд хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн дээрх үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдэл нь хэдийгээр хор уршиг, учрах үр дагаварыг хүсээгүй байснаараа болгоомжгүй гэмт хэрэг хэдий ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус, хор уршиг учирч болзошгүй нь илэрхий атал тэрээр хэт хайхрамжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон улмаар осол гаргасан байгаа нь дээрх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарагдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т хэсэгт заасан гэмт хэргийн “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэгт зүйлчилсэн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Э-ыг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал нэхэмжлэх зүйлгүй, харин амь хохирогчийн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулахыг хүсч байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Гэвч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасан тул төлбөр гаргуулахаар тооцох бичгийн баримтаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэгт болон шүүх хуралдаанд гаргаагүй тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Мөн иргэний нэхэмжлэгч Д.М даатгалаас хохирлоо бүрэн барагдуулсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар өгсөн болно.

Иймээс шүүгдэгч Б.Э нь оршуулгын зардалд 4 500 000 төгрөг төлсөн талаар мэдүүлж, өмгөөлөгчөөс баримтыг судалсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар маргаагүй тул энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль би, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Э-од холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Э нь 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн  хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа учраас улсын яллагчийн зүгээс бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна, цаашид хүүхдийн тэтгэмжийн асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна байна гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Б.Э нь анх удаагаа санамсар болгоомжгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь насыг хохироосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Оршуулгын зардлыг шүүгдэгчийн ар гэрээс гаргаж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 400 000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байсан боловч шүүх хурал дээр нэхэмжлэхгүй гэж байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн зүгээс хохирол нэхэмжлэх зүйлгүй гэж байна. Б.Э эрүүл саруул болоод ажил төрөл хийгээд хүүгээ эргэж тойрч халамжилна гэдгээ илэрхийлж байна. Б.Э-ын нэг хөл нь 2 хугарсан, биеийн байдал хүнд байгаа, түүний бие болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас сонсгосон 4 жилийн хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн 1.2  дахь заалтад зааснаар хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага хэмжээгээр тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах гэж заасан байдаг. Тийм учраас Б.Э-од оногдуулсан 4 жилийн хорих ял шийтгэлийг тэнсэж өгнө үү гэв.           

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд эрүүл мэндийн байдлыг нь дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Б.Э-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байгаа болон хөлөнд авсан бэртлийн улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 Учир нь дээрх зүйл ангид хорих ялын дээд хэмжээг 5 түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд хөнгөрүүлж авч үзэх заалт юм.

 Харин шүүгдэгч Б.Э-ын гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй” бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасанд хамаарах тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ... хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэж заасанд ч хамааруулж эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй юм. 

Тиймээс шүүгдэгч Б.Э-од тогтоогдсон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал, оршуулгын зардалд 4 500 000 төгрөг төлсөн байгаа нөхцөл байдал, энэ тогтоолоор хохирол төлбөргүй байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн “хоёрны нэг болох” 1 жилийн хорих ял оногдуулах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд тохиромжтой байна гэж үзэв.

Дээрх зүйл ангид нэмэгдэл ял болох “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасах” шийтгэлтэй бөгөөд шүүгдэгч Б.Э-од улсын яллагчаас санал болгосон, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцээгүй 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулахаар шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэж заасныг тогтоолд дурдвал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ы Э-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Б овогт Б Э-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Э-ыг хорих ялыг эдэлж дууссаны дараа дээрх эрх хасах ялыг тоолсугай.

 

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.УРАНГУА