Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 626

 

                                                           

 

 

 

 

 

2019         6              25                                              2019/ДШМ/626

 

 

                                              Д.Сд холбогдох эрүүгийн

                                                             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.Сгийн өмгөөлөгч Э.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/1363 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.Сд холбогдох эрүүгийн 1806025420572 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Галай овгийн Доржсүрэнгийн С, 1990 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Сүлд чуулгад зураглаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЛЮ/;

 

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны орцонд Б.Гтай маргалдаж, нүүрэнд нь цохиж, түүний гарыг өчиж, шалан дээр дарах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Сд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулснаас цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий захирамж гаргахад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г болон гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байх бөгөөд шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх, нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1.3-д “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэжээ. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоохыг үүрэг болгосон.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнээд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Сд холбогдох эрүүгийн 1806025420572 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.Сд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэрээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал: Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн заалтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан хохирогч, гэрч нарын аль мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй болох, хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй ба шүүх тухайн ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж мөрдөн шалгах ажиллагаагаар яг ямар ажиллагааг хийх шаардлагатайг тодорхой заагаагүй байна.

Хэрэгт хохирогч Д.С нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн хавтаст хэргийн 21-23 дугаар талд авагдсан “манай хаалгыг нүдсэн гэж хэлсэн залуу нь миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. ...нэг сэрсэн чинь бүдүүн махлаг залуу нь дээр гарчихсан хоолойн дээр дараад байж байсан. ...надад учирсан гэмтлийг намайг цохисон залуу учруулсан...” гэх, гэрч Д.Хишигдулам нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн хавтаст хэргийн 29-30 талд  “...5 давхрын оршин суугч орилсон байдалтай, цустайгаа холилдсон хэвтэж байсан, хажууд нь нэг залуу цээж хэсэг дээр нь өвдөглөөд дарсан байдалтай байсан. ...би цагдаа дуудсан юм чинь гэж бодоод доош буугаад өрөөндөө ортол дээр нилээн зодоон болоод орилолдоод байхаар нь утас байхгүй, цагдаад дуудлага өгч чадахгүй, зодоон үргэлжлээд байхаар нь аргаа бараад гадагш гарч дэлгүүрийн залуугийн утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүд, Шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3811 дугаартай дүгнэлт, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3973 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан. Хэрэгт хэргийн болсон үйл баримтыг мэдэх, гэрчээр мэдүүлэг өгвөл зохих бүх хүмүүс буюу Э.Нямхүү, Г.Оюунтунгалаг, Д.Хишигдулам нарыг байцаасан байдаг. Эдгээр хүмүүс нь шүүх хуралдаанд бүгд оролцож, мэдүүлэг өгсөн байдаг.

Түүнчлэн хохирогч шүүх хуралдаанд оролцон хэргийн болсон үйл байдлын талаар болон өөрт учирсан хохирлыг хэн, хэрхэн учруулсан талаар мэдүүлэг өгсөн.

Шүүх хохирогч, гэрч нар бүгд шүүх хуралдаанд оролцон мэдүүлэг өгсөн байхад тэдгээрийн мэдүүлгийг харьцуулан үзэж, үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд заавал мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1363 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлийг хангахгүй байх тул хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Сгийн өмгөөлөгч Э.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тодорхойгүй, ойлгомжгүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/1363 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

  1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж тодорхой бус бичигдсэн талаар:

                                                                                     

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа “...Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г болон гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байх бөгөөд шүүх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэх, нотлох баримтын хэмжээнд тооцох эсвэл үгүйсгэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1.3-д заасан “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэжээ. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоохыг үүрэг болгосон...” гэж нийлмэл өгүүлбэр бүхий, тодорхойгүй, үндэслэлээ бүрэн гаргаж тайлбарлаагүй, хуулийн хэм хэмжээний зохицуулалт, тэдгээрийн логик уялдаа зэргийг бүрэн илэрхийлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан эсэх нь эргэлзээ бүхий байна.

 

Учир нь, шүүгчийн захирамжид хохирогч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийн чухам аль хэсэг нь хоорондоо эрс зөрүүтэй болохыг дурдаагүй нь буруу болжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон хуульчилсантай нийцэхгүй болно.

 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хохирогч “...С чи яагаад манай хаалгыг нүдээд байсан бэ гэхээр нь би танай хаалгыг нүдээгүй гэсэн. Тэгээд намайг С цохисон. Тэгээд ухаан алдсан. Тэгээд гэнэт сэрэхэд махлаг залуу миний дээрээс дараад байж байсан. ...Надад учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан. ...Нүүрний зүүн шанаа руу шүүгдэгч цохисон. ...” гэх зэргээр шүүгдэгчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3811 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Гантулгын биед баруун нүдний доод зовхи, баруун чихний ард хөхлөгт шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, хүзүү, баруун бугалга, мөр, зүүн тохой, зүүн шуу, нуруу, баруун ташаа, зүүн ташаа, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь ...хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд гэрч Э.Нямхүү “...Өөрөө шал мөргөхдөө духаа гэмтээсэн. Бусад гэмтлийг ёстой мэдэхгүй...”, Г.Оюунтунгалаг “...Дух хэсэг нь цус болсон байсан...”, Д.Хишигдулам “...Амь авраарай гээд орилоод байсан. 4 давхарт гарахад нэг хүн хэвтчихсэн байсан. ...Цус хараад айсан. ...Цагдаа ирэхийг хүлээж суусан. Гар утас хайсан. Дахиад орж ирээд чимээ тасрахгүй болохоор Боловсрол телевиз рүү орсон. Сүүлд нь Амазон зах руу явж байгаад 2 цагдаа олж ирсэн. Дух нь шалбарсан байсан. ...” гэж тус тус мэдүүлсэн байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно хэмээн заажээ.

 

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүнгэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

 

Дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байх бөгөөд энэ талаар дүгнэлт хийснээр шүүх хэргийг хэрхэн, ямар үндэслэлээр шийдвэрлэснийг талуудад ойлгуулдагаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлдөг.

 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх юм.

 

2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ойлгомжгүй бичигдсэн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан урьдчилсан хэлэлцүүлгээс “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэсэн хэргийг прокурорт буцаах зохицуулалттай уялдаатай авч үзсэнээр хэргийг прокурорт буцаах үндэслэл үүсэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх захирамждаа тодорхой заалгүй, “...шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий захирамж гаргахад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр...” гэж ерөнхий байдлаар дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

 

Шүүх дээрх хуулиудад заасны дагуу нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэх мэт хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

 

Эдгээрийг хянаж, хэргийн оролцогчийн байр суурийг тодорхойлох, тэдний дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хуультай харьцуулан судалсны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог онцлогтой бөгөөд энэ нь шүүхээс ямар шийдвэр гаргах дотоод итгэлийг бий болгох гол хүчин зүйл юм.

 

Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтын бодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой.

 

Энэ нь хэргийн хүрээнд шүүхийг чухамхүү төвийг сахисан байр сууринаас буюу яллах эсхүл өмгөөлөх шинж чанартай бус, хараат бус бие даасан шийдвэр гаргасны илэрхийлэл болдог.

 

3. Анхан шатны шүүхийн шүүгч захирамжийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн талаар:

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “шүүх гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа байгаа, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхэд анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

 

Шүүхээс хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд чухам ямар ажиллагааг нөхөн хийх, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдлыг тодорхой бичих үүрэгтэй.   

 

Гэтэл шүүгчийн захирамжид “...мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй...” гэж тодорхой бус байдлаар бичсэн нь тухайн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Үүнээс гадна, анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдаагүй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотлох боломжтой болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зүйн утгаараа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хуулийг хэрэглэх нэг бүрчилсэн шинжтэй заавал биелүүлэх шийдвэр гаргах үйл явц болохыг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.

 

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилго зарчимд нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн тайлбарлах, бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцнэ.

 

Шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримт баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.