Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0104

 

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0104

Улаанбаатар хот

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л;

 

Нэхэмжлэгч: “Р” ХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах" тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0970 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Л нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2023/0676/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Р” ХХК нь НЗД д холбогдуулан “НЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 970 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л-аас давж заалдах гомдолдоо:

 

3.1. ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнэхдээ “...“Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд 2015 оноос 2018 он хүртэлх хугацаанд шүүхийн маргаантай буюу дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан байдалтай байсан ба маргаан шийдвэрлэгдсэн боловч тогтоолын биелэлт хангагдаагүй учир газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд байсан. Мөн тухайн хугацаанд холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулсан хөрөнгө оруулалт татах, зураг төсөл боловсруулах зэрэг ажлуудыг хийж, газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулсаар байсан ба 2021-2023 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас газар эзэмших гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэсэн нь дараах үндэслэлээр няцаагдаж байна.

 

3.1.1. Анх “Р” ХХК нь НЗД-ын 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/208 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшсэн. Үүний дараа “Р” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн НЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/951 дүгээр захирамжаар 55000 м.кв газрыг дахин 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Үүний дараа маргаан бүхий НЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/744 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

 

3.1.2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үндэслэлд газар эзэмших эрх үүссэн цагаас эхлэх газраа бодитоор ашиглах боломжгүй мэтээр тайлбарлаж байгаа хэт нэг талыг барьсан шийдвэр бөгөөд шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг нотлох баримтад тулгуурласан тал бүрээс тогтоож чадаагүй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан нь 2015-2018, 2021-2022 онд байсан юм бол 2019, 2020 онд газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Энэ талаар шийдвэрт огт дурдаагүй. Мөн дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахал нь 2021 онд эхэлсэн бөгөөд Монгол улсад ковид 19 халдвар илрэх хүртэл хугацаанд үйлдвэрлэл үйлчилгээ, төр хувийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд “Р” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой байсан. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтад Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
  3. Нэхэмжлэгч “Р” ХХК нь НЗД-ын Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 40000 м.кв газрыг эзэмших эрхийг дуусгавар болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ “...4 га газарт орон сууцны хотхон барих төслийг хэрэгжүүлээд, хөрөнгө оруулалтыг татан, барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, үйл ажиллагааны шаваа тавьснаар энэ оны 3 дугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байсан юм. ...Тухайн газар 2018 оноос хойш өөр этгээд давхцуулж газар олгосноос үүдэн маргаан үүсэж 3 шатны шүүхээр хянагдсан. Дээд шүүхийн тогтоолоор маргаан бүхий газар нь “Р” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар байна гэдгийг тогтоогоод эцэслэгдэн шийдвэрлэгдсэн боловч маргаж байсан хүмүүсийн бетонон суурьтай хашаа нь үлдчихсэн. ...Газар бүрэн чөлөөлөгдөөгүй нөхцөл байдалтай байгаа. ...Мөн ковидын нөхцөл байдал энэ хугацаанд таарсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрээр 2020 оноос 2022 оны 2 сар хүртэл ковидын нөхцөл байдалтай гэнэтийн болон давагдашгүй нөхцөлийн улмаас барилгын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон...” гэж тайлбарладаг.
  4. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж заасны дагуу тухайн иргэн газрыг бодитоор ашиглаагүй...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

  1. Маргааны үйл баримтын тухайд:
    1. НЗД-ын 2011 оны 292 дугаар захирамжаар “М” ХХК-ийн эзэмшлийн 5.5 га газрыг нэхэмжлэгч “Р” ХХК-д шилжүүлснээр нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх үүссэн байх бөгөөд мөн засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар /1хх-ийн 75, 76 дахь талд/-аар “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг нийслэлийн төсөвт бүрэн хэмжээгээр төлсөн” гэх үндэслэлээр Хан уул дүүргийн 8 хороо “орон сууцны” зориулалтаар 55000 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулжээ.
    2. Ийнхүү баталгаажуулснаас хойш 5 жилийн дараа НЗД  2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/951 дүгээр захирамжаар /1хх-ийн 73,74 тал/ “нэхэмжлэгчийн дээрх 55000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатай сунгаж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/713 дугаар захирамж /1хх-ийн 86-89 дэх талд/-аар “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай”, газрын талбайн байршлыг 2 тусдаа байршуулан 15000 м.кв, 40000 м.кв болгон өөрчилж, 000017238, 000017040 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулагджээ. /1хх-ийн 44, 52, 46-49, 54,57 дахь талд/
    3. Харин дээрх нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 40000 м.кв /4 га/ газартай холбогдуулан НЗД  2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/744 дүгээр захирамжаар “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 40000 м.кв газрыг эзэмшигч “Р” ХХК эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй ...” гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

  1. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
    1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
    2. Хэдийгээр нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа “...Цар тахлын нөхцөл байдалтай байсан... Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажиллагаа хийж байсан. Мөн тухайн газар дээр иргэдэд давхардуулсан газар олгосон маргаан хянагдаж байсан бөгөөд эдгээр нөхцөл байдлуудын улмаас газар дээрээ байшин барих буюу үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсан...” гэж тайлбарлаж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 02/452 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсаргасан, мөн Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримтуудыг хавсаргасан байх боловч үүнийг Газрын тухай хууль болон газар ашиглах гэрээнд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
    3. Түүнчлэн иргэн А.Х , Д.А нарын нэхэмжлэлтэй, НЗД , Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучнаар/ нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Р” ХХК нь гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд уг маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 798 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 0256 магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар тогтоолоор тус тус хянаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгджээ. Ийнхүү 2018 онд шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчээс газартай холбогдуулан зохих байгууллагад хандаж байгаагүй байна.

 

    1. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан нь 2015-2018, 2021-2022 онд байсан юм бол 2019, 2020 онд газар дээрээ үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. ...Мөн дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахал нь 2021 онд эхэлсэн бөгөөд Монгол улсад ковид 19 халдвар илрэх хүртэл хугацаанд үйлдвэрлэл үйлчилгээ, төр хувийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд “Р” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой байсан...” гэх гомдол үндэслэлтэй.

 

    1. Түүнчлэн нэхэмжлэгч “Р” ХХК нь 40000 м.кв газрыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан үеэс хугацааг тооцож маргаж байх боловч уг гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгосноос хойш болон анх газар эзэмших эрх үүссэн 2011 оноос хойш 2023 онд маргаан бүхий актыг гарах хүртэлх хугацаанд тухайн газрыг гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, газраа ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, мөн хэргийн оролцогчдын бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

    1. Гэтэл анхан шатны шүүх “...Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд, 2015 оноос 2018 он хүртэл хугацаанд шүүхийн маргаантай буюу дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байдалтай байсан ба маргаан шийдвэрлэгдсэн боловч тогтоолын биелэлт хангагдаагүй учир газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд байжээ. Мөн тухайн хугацаанд холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан хөрөнгө оруулалт татах, зураг төсөл боловсруулах зэрэг ажлуудыг хийж, газрын төлбөрөө хуулийн хугацаанд нь төлж барагдуулсаар байсан ба 2020-2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

    1. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0970 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-ийн НЗД д холбогдуулан гаргасан “НЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

       ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ  

       ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА