Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Т.Очир-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Очир-Эрдэнэд холбогдох 201614000407 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ний авто тээврийн байгууллагад засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 35-01 тоотод оршин суудаг, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Түвшинжаргалын Очир-Эрдэнэ /РД: ФБ88070817/

 

Шүүгдэгч Т.Очир-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 35-01 тоот гэртээ засвар хийж байгаад гаднаас ирсэн хамаатны  залуу болох У.Заяатыг  “гэрт нь ирдэггүй мөртлөө эхнэрээ асууж ирлээ, урьд нь тоодоггүй байсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж байгаад нүүр лүү нь гараараа цохиж доод эрүүний ясны зүүн талыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  -Шүүгдэгч Т.Очир-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 12-нд байшиндаа засвар хийж байтал манай хамаатны Заяат ирсэн. Сүүлийн үед Заяаттай уулзалдаагүй байсан. Би найзуудтайгаа архи уугаад сууж байтал Заяат ороод ирсэн. Заяат эхнэрээ сураад ирэхээр нь орж гарахгүй байж эхнэрээ сураад ороод  ирэх юм гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад цохилцоод өнгөрсөн. Маргааш нь Заяаттай уулзаж уйчлалт гуйсан. Бид 2 байшинд юм хийж байгаад орой нь явсан. Гэтэл маргааш нь эрүү хачин болчихлоо, зураг авахуулах хэрэгтэй байна гэсэн. Би мөнгөн тусламж үзүүлсэн. Эхлээд 250.000 төгрөг, дараа нь 800.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзаж үзнэ үү гэсэн мэдүүлэг,

 

  -Хохирогч У.Заяатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Очир-Эрдэнэ нь над руу хандаж жаахан үг хаясан юм. Намайг гэрт нь орж ирдэггүй гэж байсан. Мөн намайг тоохоо байсан, Уртаатай нийлээд тоохгүй байгаа гэж байсан. Тэгэхээр нь би тоглоомоор тиймээ Уртаатай явж байгаад ирлээ, сая танай хажуугаар явж байгаад ороод ирлээ гэж хэлсэн юм. Тэгсэн чинь Очир-Эрдэнэ гэртээ байж байхдаа хажуу талаас миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэр үед толгой дүүрээд нүд харанхуйлаад, эрүү тас хийгээд л явчихсан. Хэрэг болсны маргаашнаас эрүү өвдөж эхэлсэн. Би тухайн үедээ цохиулсандаа өвдөж байна гэж бодсон чинь 08 дугаар сарын 16-ны өдөр рентген зураг авахуулахад миний эрүү зүүн талаараа хугарсан байна лээ. Надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 8 ху/

 

 -Гэрч Б.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Очироо ах Заяат ахад хандан чи манайхаар орж ирдэггүй байж ганц удаа орж ирэхдээ эхнэрээ асууж орж ирэх юм аа гэсэн. Заяат нь өөдөөс хуц пизда минь гэх мэт үг хэлээд байсан. Би яг юунаас болж маргалдаад байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Ингээд энэ хоёр хоорондоо маргалдаад зодолдох гээд гэрээс гарсан. Очир-Эрдэнэ ахын эхнэр нь намайг гараад наад хоёроо салгаач гэсэн. Би гарч салгасан. Тэр хоёр барилцаж аваагүй байсан. Би Заяатын урдуур нь ороод Очир-Эрдэнэ ахыг барьж аваад түүнийг буцаагаад байшин руу нь оруулсан чинь миний хажуугаар зөрөөд гарсан. Араас нь очиход Очир-Эрдэнэ ах Заяат ахыг барьж аваад цохих шиг болсон. Таг хийсэн чимээ гарсан юм. ...Очир-Эрдэнэ ах Заяатыг гэртээ байхдаа нэг удаа шанаа руу нь цохисон гэсэн мэдүүлэг /хх 30 ху/

 

  -Гэрч Д.Лувсансамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...гаднаас Очир-Эрдэнийн хамаатан Заяат гэх нэлээн согтсон залуу орж ирсэн. Тэгээд Очир-Эрдэнэтэй маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсаныг би анзаараагүй. Тэгээд Очир-Эрдэнэ тэр хоёр гараад үзчих үү гэсэн юм яриад гараад явсан. Удалгүй тэд нар гэрт ороод ирсэн юм. Тэгээд дахиад маргалдаад гараад явсан.  Намайг гарахад тэр хоёр бие биенийхээ нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх 33 ху/

 

  -Орхон аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 629 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. У.Заяатын биед доод эрүүний  ясны зүүн талд далд хугарал, зүүн хацрын доод хэсэгт зөөлөн эдийн няцрал үүсчээ.

  2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

   3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

   4. Доод эрүүний  ясны зүүн талд далд хугарал гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

  5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 11 ху/

 

 -Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 45-48 ху/

-Эмчилгээний зардал шилжүүлсэн баримт /хх 57 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/

-Т.Очир-Эрдэнийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 51-55 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Очир-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн 35-01 тоот гэртээ засвар хийж байгаад гаднаас ирсэн хамаатны  залуу болох У.Заяатыг  “гэрт нь ирдэггүй мөртлөө эхнэрээ асууж ирлээ, урьд нь тоодоггүй байсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж байгаад нүүр лүү нь гараараа цохиж доод эрүүний ясны зүүн талыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Заяат /хх-ийн 8-р ху/, гэрч Б.Давааням /хх-ийн 30-р ху/, Д.Лувсансамбуу /хх-ийн 33-р ху/ нарын мэдүүлэг, хохирогчийн биед доод эрүүний ясны зүүн талд далд хугарал, зүүн хацрын доод хэсэгт зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон шинжээчийн 629 дугаар дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Т.Очир-Эрдэнийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Гэмт хэргийн улмаас хохирогчид доод эрүүний  ясны зүүн талд далд хугарал, зүүн хацрын доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байх бөгөөд  шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд хохиролд 800.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч У.Заяатын гомдол саналгүй гэсэн тайлбараар нотлогдож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

  Шүүгдэгч Т.Очир-Эрдэнэ урьд нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүнийг ялгүйд тооцох нь зүйтэй байна.

  Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1. 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Түвшинжаргалын Очир-Эрдэнийг  бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Т.Очир-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Очир-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  4.  Энэ хэрэгт хураагдсан эд  мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Очир-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хоих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

   6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ж.БАЙГАЛМАА