| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0708/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/702 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/702
2022 05 31 2022/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн ************дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, 10 гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Шил овогт Э.Б/регистрийн дугаар: ЛБ****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Э.О “аятайхан явж чадахгүй байна уу” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Э.Б 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Э.О зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...Э.Оы бусдад зодуулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
- насанд хүрээгүй хохирогч Э.Оы...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Аптан-Овооны зам дагуу 07 цагийн үед гурван хүүхэд явж байгаад нэг хүүхэд нь надтай мөрөөрөө шүргэлцэх үед тухайн гурван хүүхдийн нэг хүүхэд нь намайг яаж яваад байгаа юм гээд бид хоёр хоорондоо муудалцаад би зүгээр байгаараа гэсэн чинь тухайн хүүхэд намайг пиздаа минь би өөрийн ахыг дуудна гээд гэртээ орсон...Нэг залуу дуудаад миний цамцнаас бариад гудамж руу татаж ороод баруун хөлөөрөө намайг хавирч унагааж, үснээс баруун гараараа татаж босгож ирээд ...миний хамар хэсэгт нэг удаа цохисон...Миний хамар хугарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13, 16-17 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч Г.Даваанямын...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 10 дугаар гудамжны зам дагуу найз Э.Отгосайханы хамт явж байсан чинь бид хоёрын өөдөөс 3 хүүхэд хажуугаар явахдаа нэг хүүхэд нь Отгонсайханыг аятайхан яваач гээд орилоод байхаар нь бид хоёр ардаас нь очсон чинь тухайн хүүхэд ахыгаа дуудаж гаргаж ирээд тухайн залуу нь манай найз Э.О нэг удаа өшиглөөд, гараараа хамар хэсэгт нь 1 удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
- насанд хүрээгүй гэрч Э.Цэвэгнямын“... 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 10 дугаар гудамжны ойролцоо өөрийн ангийн хүүхэд Бум-Эрдэнэ, Энхтүвшин нарын хамт 07 цагийн үед сургууль орохоор явж байсан...2 хүүхэд явж өнгөрөхдөө нэг хүүхэд нь мөрөөрөө манай Бум-Эрдэнэ гэх хүүхдийг шүргэсэн. Тэгээд бид гурав явах гэсэн чинь тухайн хүүхэд нь мөрнөөс татах үед манай найз Бум-Эрдэнэ өөрийн төрсөн ах Бат-Эрдэнэ гэх залууг гэрээсээ дуудаж гаргаж ирсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт: Э.Оы биед хамар, ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жураын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
- шүүгдэгч Э.Б...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоо **** тоотод гэртээ байсан. Манай төрсөн дүү Бум-Эрдэнэ манай гэрт орж ирээд манай сургуулийн дээд ангийн 2 ах зүгээр явахгүй мөрлөөд байна гэхээр нь гэрээсээ гарч очиход 2 хүүхэд байсан. Э.О гэх хүүхдийн хөл хэсэгт нэг удаа өшиглөөд, хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-47/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Тус хэргийн зүйчлэлиийн хувьд хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 219.575 төгрөг нэхэмжилсэн /хх-69-71/, шүүгдэгч нь хохирогчид 240.000 төгрөг төлсөн /хх-73, 77, шүүх хуралдааны тэмдэглэл/ төлсөн байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-45-47, 52-64, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР