Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2018/01221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1992 онд өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дулааны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн ******************** оршин суух, ************** дугаар регистртэй, Х овогт Б.Ш,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 1-9 тоотод оршин суух, ********* дугаар регистртэй, Х  овогт М.Э-д  холбогдох

Хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2018/00743/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Б.Ш, хариуцагч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч П.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Этай 2010 онд танилцан үерхэж, бидний дундаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр том хүү Ш.С төрсөн. Эхлээд бид манай аавынд хамт амьдарч байсан. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бага хүү Э.Сүлд төрж, бид М.Эы аавынд хамт амьдрах болсон. Гэрлэлтээ батлуулаагүй тул том хүү С надаар овоглож, бага хүү Сүлд ааваараа овоглож төрсний гэрчилгээ авсан. Биднийг хамт амьдрах хугацаанд Э нь архи ууж, муу ааш бүрийг надад гаргаж, над руу хутга барин дайрах, өмссөн гутлыг минь сүхээр тас цавчих зэргээр авирлах болсон. Архи ууж ирээд намайг зодож ална гэхээр нь би ээжийгээ дуудсан ба ээжийг ирэхэд Э зугтаад хот руу явсан. Би гэртээ хүлээсэн боловч ирээгүй, ээж аавтай нь уулзахад та нарыг салгана гээд бидний амьдарч байсан гэрийг аваад явсан. Хүүхдүүд маань аавтайгаа үлдсэн. Би хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй, янз бүрээр хэлж хөөдөг байсан. Одоо би өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэд төрүүлсэн. Том хүү Ш.С-ын эцэг М.Э мөн болохыг тогтоолгож, хүү Ш.С-ыг өөрийн асрамжид авах нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч 2 хүүхдээ салгахгүй, аавынх нь асрамжид байлгах нь зөв гэж бодсон. Иймд том хүү Ш.С-ыг өөрийн асрамжид авахгүй, зөвхөн М.Эыг хүү Ш.С-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгоно гэв.

Хариуцагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ш бид хоёр 2010 онд танилцсан ба бидний дундаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр том хүү Ш.С төрсөн. Хүүгээ аваад эмнэлгээс гарч Шинэтуяагийн гэрт очсон боловч ээж нь уурлаж загнасан тул гэр бариад тусдаа гарсан. Хамт амьдрах хугацаанд ямар нэг маргаан гарах бүрт энэ чиний хүүхэд биш гэж доромжилдог байсан. Би барилгын ажил хийх, ачаа ачих буулгах, айлд засвар хийх зэргээр ажиллаж хөдөлмөрлөдөг. Ингээд 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бага хүү Э.Сүлд төрсөн. Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллахаар явсан үед Шинэтуяаг өөр хүнтэй уулзах боллоо гэхээр нь итгээгүй, тэгээд гэртээ ирээд хамт амьдарсан. Бидний дунд маргаан болж, би том хүү С-ыг аавындаа орхиод Ханбогд сум руу ажилдаа явсан. Гэтэл манай аавынд Шинэтуяа ирээд 2 хүүхдийг минь сайн хүн болгож өсгөөрэй гэж хэлээд бага хүү Сүлдийг өгчихөөд явсан байсан. Түүнээс хойш хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирээгүй. Б.Ш нь хүү Ш.С-ыг 1 нас 3 сартай, бага хүү М.Сүлдийг 3 сартай байхад нь орхиод явсан. Одоо Шинэтуяа нь өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэд төрүүлсэн. Хүү Ш.С нь миний хүүхэд мөн, би хоёр хүүгээ салгахгүй, өөрийнхөө эцэг, эхийн хамт өсгөж байгаа тул ээжид нь өгөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч М.Эд холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд хүүхдийн асрамж тогтоолгохгүй гэж тайлбарлан шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ш, хариуцагч М.Э нар 2010 онд танилцан, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Ш.С төрсөн, гэрлэлт бүртгүүлээгүйн улмаас эх Б.Шгаар овоглосон болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Х овогт Б.Э, ************** нарын гэр бүлд 2012/12/13-нд төрөхөд төрүүлсэн Шинэтуяагийн С-ыг 2012/12/25-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6701001027-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, гэр бүлийн зураг зэрэг баримтаар нотлогдож байх тул хүү Ш.С-ын төрсөн эцгээр М.Эыг тогтоох үндэслэлтэй байна.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Ш.С нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Б.Шгийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Ш.С-ын төрсөн эцэг Х  овогт М-ынн Э мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Шгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Шд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА