Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/шцт/221

 

2022       06         29​                                        2022/ШЦТ/221

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Э.Бат-Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Эрдэнэцогтын Бат-Уянгад холбогдох эрүүгийн 22210000000231 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны хүлээн авчхялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ДБЭХСистем ТӨХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэнхэрийн 61 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 174 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хатагин овогт Эрдэнэцогтын Бат-Уянга. /РД: ЖЮ87100174/

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Э.Бат-Уянга нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ”Классик” караокены гадна 2022 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуугаар хохирогч Н.Төрбат, Т.Отгонцэцэг нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Бат-Уянга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

​Хохирогч Т.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Классик караокед бармен хийдэг. 2022 оны 05 дугаар сарын 13-ны орой 23цагийн үед манайх үйлчилгээгээ зогсоож хаагаад тооцоогоо бодож байхад ажлын гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн. Тэгээд зөөгч Мичидмаа, Эрдэнэзаяа нар гадаа болоод байгаа асуудлыг болиулахаар гарсан. Тэр хоёрыг гараад 10 орчим минутын дараа би хоёр зөөгчийнхөө араас гарсан. Тэгтэл манай Эрдэнэзаяа гэх зөөгчийг хар гуталтай, өндөр, биений өнгийн цувтай эмэгтэй хүн үсдээд зогсож байсан ба Эрдэнэзаяа тухайн хүнийг “та болиоч ээ” гээд байсан. Мөн хажууд нь нөхөр нь гэх залуу нэг танихгүй залууг багалзуурдаад “ална” гээд байж байсан. Би хоёуланг нь салгах гээд очсон боловч салахгүй байсан. Намайг дунд нь зогсож байхад нэг эмэгтэй “хайраа намайг нэг хүн зодчихлоо” гэсэн чинь гэнэт эргэж хараад гараа зангидаж байгаад миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

​Хохирогч Н.Төрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн байгууллагын үүд хэсэгт манай ахын найз Бат-Уянга гэх ах нэг танихгүй ахтай юм яриад зогсож байсан. Улмаар түүнтэй мэнд мэдээд сайн уу ахаа гэж хэлсэн. Тэгтэл Бат-Уянга нь надад хандаж чи уугаад явдаг болоо юу, гэхээр нь юу яриад байгаа юм бэ, ахаа өдий 25нас хүрчихээд уухаа таниар заалгах уу гэхэд шууд үгийн зөрүүгүй гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаацохисон. Тэгэхээр нь би түүнд хандаж ахаа та согтуу байнаа, боль гэхэд чи ямар том болсон юм бэ гээд намайг заамдаж боогоод байж байтал тухайн караокены зөөгч Отгонцэцэг гэх охин ирээд бид хоёрыг салгах үйлдэл хийсэн. Гэтэл Бат-Уянга ах Отгонцэцэгийн уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

​Гэрч Э.Мичидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Учрал гэх залуу Төрөө гэх залуугаа доороо оруулаад зодож байгаад босоод ирэх үед эхнэр нь гэх эмэгтэй гэнэт “хайраа намайг зодчихлоо” гэсэн чинь Учрал гэх залуу нь гүйж ирээд Отгонцэцэгийг хэдэн удаа цохисон талаар хараагүй. Ямар ч байсан намайг эргээд харахад хамраас нь цус гарчихсан, өмсөж явсан хувцас нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24x/

 

​Гэрч Ц.Эрдэнэзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Караоке хаах үеэр буюу 2022 оны 05 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө миний санаж байгаагаар 00 цагийн орчимд намайг караокены 2 давхараас 1 давхар луу бууж байхад гадаа хүмүүс шуугилдаад муудалцаж байгаа чимээ гарсан. Тэгээд би гадагш гарахад манай зөөгч Мичидмаа түүний хажууд Нямсүрэн гэх эгч, нөхөр Бат-Уянга болон танихгүй ах манайд үйлчлүүлж байсан Төрболд гэх хүмүүс зогсож байсан. Бат-Уянга, Төрбод нар хоорондоо маргалдаад муудаад байсан. Энэ үед Мичидмаа тэр хоёрыг салгах гэтэл Бат-Уянгын эхнэр Нямсүрэн нь Мичидмаатай маргах гээд байсан. Тэгэхээр нь би Нямсүрэн эгч рүү очоод эгчээ та яагаад байгаа юм бэ гэхэд тэрээр миний зүүн гарнаас базаж барьсан. Тэгээд түүнтэй маргаж, түрүүлээд түүнийг үсдсэн. Тэгтэл тэрээр намайг зөрүүлээд үсдсэн. Энэ үед Отгонцэцэг гадаа гараад ирсэн бөгөөд Мичидмаа, Отгонцэцэг нар намайг Нямсүрэн гэдэг эгчээс салгасан. Энэ үед Нямсүрэн нь нөхөр Бат-Уянгад хандаж хайраа намайг зодчихлоо гээд уйлахад Бат-Уянга нь Отгонцэцэгийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Шүүгдэгч Э.Бат-Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би эхнэр Нямсүрэнгийн хамтаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны оройн 19 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад Хэрлэн сумын 9 дүгээр баг 8 дугаар байрны ойролцоо очиж Нямсүрэнгийн найз Нандинцэцэгтэй уулзсан. Тэгээд бид нар ярилцаж байгаад Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Классик караоке руу 20 цаг өнгөрч байх үед орж үйлчлүүлсэн. ... 2022 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад буюу тухайн караокены газар хааж байх үеэр Нандинцэцэг, Нямсүрэн бид 3 гарахаар болсон. ...үүд хэсэгт ...миний зүс таних Төрбат гэх дүү маань зогсож байсан. Тэгээд Төрбатад хандаж ямар аймар уугаа вэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь би чи одоо болилдоо гэж хэлсэн. Энэ үед манай эхнэр Нямсүрэн нь эхлээд ганцаараа гарч ирээд Төрбатад хандаж чи одоо болиочдээ гэхэд чамд хамаагүй янхан минь гэж хэлсэн. Төрбат надтай үзье гээд байхаар нь бид 2 харилцан зодолдсон. Би Төрбатын толгой нүүр хэсэгт хэд, хэдэн удаа гараараа цохиж, газарт унагасан. Харин Төрбат миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд бужигнаан болчихсон бөгөөд нэг харахад нэг бүдүүн махлаг хүүхэн ирээд миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед тухайн караокеноос түүнтэй хамт өөр 2 зөөгч гараад ирсэн. Эхнэр Нямсүрэн нь намайг хүн зодчихлоо гээд орилоход эхнэр маань газарт хэвтэж байсан бөгөөд түүний хажууд 2-3 эмэгтэй зогсож байсан шиг санаж байна. Тэгээд би тухайн эмэгтэйчүүдийг Нямсүрэнг зодсон байна гэж бодоод очоод Нямсүрэнг босгоод тэнд байсан Отгонцэцэг гэх охины нүүр рүү нэг удаа цохьсон шиг санаж байна. Тэгээд тэнд байсан хүмүүсбид нарыг салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 382тоот дүгнэлтэд:

1. Т.Отгонцэцэгийн биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, 1 шүдний сулрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 42-43/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 414тоот дүгнэлтэд:

1.Төрбатын биед дагзны хуйханд сорви, хүзүүнд зулгаралтын нөсөө гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд хатуу ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ, үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгтхамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 46-47/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-73/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 67-68 /

- Хохирогч Т.Отгонцэцэг, Н.Төрбат Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 80-81/

- Шүүгдэгч Э.Бат-Уянгын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 81/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.Бат-Уянгад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Бат-Уянга нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ”Классик” караокены гадна 2022 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед согтуугаар хохирогч Н.Төрбат, Т.Отгонцэцэг нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Бат-Уянгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Н.Төрбат, Т.Отгонцэцэг, гэрч Э.Мичидмаа, Ц.Эрдэнэзаяа нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05дугаар сарын 31-ний өдрийн 414, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 382 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Бат-Уянгыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Бат-Уянгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Э.Бат-Уянгад ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч Э.Бат-Уянга нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан Хатагин овогт Эрдэнэцогтын Бат-Уянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчТ.Отгонцэцэг, Н.Төрбат нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Бат-Уянгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт Эрдэнэцогтын Бат-УянгыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэцогтын Бат-Уянгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бат-Уянга нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бат-Уянгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ​           Г.НАМУУНТУЯА