Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

/222

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч П.Элбэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөбү овогт Пүрэвсайханы Элбэгсайханд холбогдох эрүүгийн 22210000000236 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авчхялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ЗЗ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат 7-4 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Иөншөбү овогт Пүрэвсайханы Элбэгсайхан /РД: ЖЯ89080З75/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Элбэгсайхан нь Дорнод аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Зангиат хорооллын 7-4 тоот гэртээ 2022 оны 06 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед согтуугаар эхнэр Ц.Саранзаяатай таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, бугалган тус газарт нь гараараа цохих, хөлөн тус газарт нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Элбэгсайхан шүүх хуралдаандмэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.  Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ц.Саранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 19 цагийн орчим Ольхоноос гараад найз Батцэцэгийн гэрийн гадаа очоод байж байхад нөхөр Элбэгсайхан утсаар залгаад хаана байна, “Ташгайт”-ын караокед хүрээд ир гэсэн. Ингээд найз Батцэцэгийн хамт очиход Элбэгсайхан нэг эрэгтэй найзын хамт өрөө авчихсан, 1 шил архи хэдэн устай захиалаад байж байсан. Бид дөрөв хамт дуулж, архи ууж байгаад 23 цагийн үед гараад 24 дүгээр байрны дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй 2 том пиво аваад гэр рүүгээ очсон. Гэрт очоод авч ирсэн 2 том пивоо уугаад 00 цаг өнгөрч байхад Элбэгсайхан орон дээр хэвтээд өгсөн. Би тэр хоёртой юм ярьж сууж байгаад 01 цагийн үед найз Батцэцэг, нөгөө залуу 2 манайхаас гарсан. Тэр хоёрыг гаргаж өгчихөөд би газар ор засаад хэвтэж байхад нөхөр босч ирээд чи яагаад надтай хамт унтахгүй газраар ор засаад унтаж байгаа юм бэ гэж хэлээд миний уруул хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Миний амнаас цус гарахад Элбэгсайхан хөлөөрөө миний зүүн хөлний гуя хэсэгт өшиглөхөөр нь би гүйж гараад хадам ээжийн гэрт орж ээжид хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч Ө.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...орой 19 цагийн үед Элбэгээ Заяа дуудаад байна гээд гараад явсан. Тэгээд унтаж амарч байхад шөнө 02 цагийн орчим бэр Саранзаяа шүд барьчихсан уйлаад орж ирээд Элбэгээ намайг зодчихлоо гэж хэлэхээр нь хувцсаа өмсөөд бэрийн хамт гэр рүү нь ороход Элбэгээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Шүүгдэгч П.Элбэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хийж байгаад 14 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр хоолоо хийж байсан. Тэгээд би манай ажлын хүүхний одонгийн найр болох юм байна. Ажлаас нэр өгчихсөн гэж хэлэхэд эхнэр уурлаад тэр хүүхний  чинь нэг хүүхэд нь чиний хүүхэд юм уу гэж хэлэхээр нь би уурлаад шанагатай ус цацаад гараад явсан. ...23 цагийн үед “Ташгайт”-аас гараад 24 дүгээр байрны дэлгүүрээс 2 том савтай пиво аваад манайх руу очсон. Тэгээд бид 4 авсан пивоо уугаад дуусах гэж байхад миний нүд өвдөөд байсан болохоор хэвтэж байгаад унтчихсан байсан. ...эхнэр намайг дуудаж сэрээгээд ээжийнхээс хүүхдүүдээ аваад ир гэхээр нь би чи өөрөө орохгүй юу гэхэд эхнэр уурлаад үглээд байхаар нь уруул хэсэгт нь 2-3 удаа цохиход гараараа амаа дараад шүд уначихлаа гээд орилоод байхаар нь би гараад машиндаа орж хаалгаа түгжээд унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/ 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 421 тоот дүгнэлтэд: 

1. Ц.Саранзаяагийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн баруун зүүн 1-р шүдний булгарал, дээд үүдэн баруун зүүн 4-р шүднүүдийн ёзоорууд үлдсэн хуучин хугарал, баруун бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэлтогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд үүдэн баруун зүүн 1-р шүдний булгарал,  баруун бугалга, зүүн гуяны цус хуралт шинэ гэмтлүүд нь шинэ, дээд үүдэн 2 шүдний хугарал нь хуучин гэмтлүүд байна. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын2.4.2-д зааснаар тогтоогдсон дээд үүдэн баруун зүүн 1-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр 10% тогтонги алдагдсан тул 2.4.1-д зааснаар зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх,  баруун бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 24-25/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 28-33/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-44/

- Шүүгдэгч П.Элбэгсайхан, хохирогч Ц.Саранзаяанарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 49-50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгч П.Элбэгсайхан нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П.Элбэгсайханд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч П.Элбэгсайхан нь Дорнод аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Зангиат хорооллын 7-4 тоот гэртээ 2022 оны 06 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед согтуугаар эхнэр Ц.Саранзаяатай таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр, бугалган тус газарт нь гараараа цохих, хөлөн тус газарт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.Элбэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ц.Саранзаяа, гэрч Ө.Энхмаа нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 421 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Элбэгсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

 Шүүгдэгч П.Элбэгсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч П.Элбэгсайханд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Иөншөбү овогт Пүрэвсайханы Элбэгсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Саранзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Элбэгсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Иөншөбү овогт Пүрэвсайханы Элбэгсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвсайханы Элбэгсайханг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Элбэгсайхан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйболохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Элбэгсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ​       Г.НАМУУНТУЯА